Шинэхэн долоо хоногийн мэнд!
Өнгөрсөн амралтын өдрүүдээр бичээч миний бие жилийн төлөвлөгөөгөө сар сард нь хувааж, хийж бүтээхийг хүссэн зүйлсээ нэлээд тодорхой болголоо. Бямба гаргийг бүхэлд нь өөртөө зориулж, амралтын өдрийн утга учрыг мэдрэнгээ болзоонд ч явав. Ер нь сүүлийн үед ажлынхаа талаар огт бодолгүй амарсан үе өдрийн од шиг байжээ. Тэгэхээр уншигч та ч бас өөрийгөө халамжлах цаг гаргахаа битгий мартаарай.
Ингээд өнөөдрийн товхимолдоо тавтай морил.
#ШИЙРИЙ ХИЙВ
Өнгөрсөн долоо хоногийн Уундаагийн тоймоос “шийрий” хийлээ.
💸Дижитал юань
Хятад улс ирэх сард нээлтээ хийх "Бээжин 2022" Олимпын наадмын өмнө дижитал юанийг ашиглах боломж олгох аппыг туршиж эхэллээ. 2014 оноос хойш хөгжүүлж буй уг цахим мөнгө нь криптовалют бус цаасан мөнгө, зоосыг орлох зорилготой бүтээгдэхүүн аж.
📱Твиттерийн нэмэлт
Twitter хэрэглэгчид зөвхөн текст бус өөрсдийн бичлэг, зураг ашиглан жиргээнд хариу бичдэг нэмэлтийг нэвтрүүллээ. "Quote Tweet with Reaction" нэртэй уг нэмэлт нь TikTok-д хамгийн анх ашиглагдсан бөгөөд саяхан Instagram мөн төстэй хувилбарыг танилцуулсан билээ.
Эдгээр болон бусад сонин хачныг ЭНДЭЭС уншаарай.
👨💻Цэргийн бүртгэлийг “e-Mongolia” системээр
Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас үзүүлж буй эхний цахим үйлчилгээ бол цэргийн бүртгэл. Тодруулбал, төрийн цахим нэгдсэн үйлчилгээний e-Mongolia системээр дамжуулж Монгол Улсын хаанаас ч цэргийн бүртгэлээ хийх боломжтой болжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
📝Иргэний бүртгэлийн дугаар
Бид регистрийн дугаараас гадна иргэний бүртгэлийн дугаартай болж байна. Дахин давтагдашгүй, өөрчлөгдөх боломжгүй, хувь хүний талаар ямар нэг мэдээлэл илэрхийлдэггүй уг 12 оронтой дугаар нь төрийн болон бусад байгууллага өөр хоорондоо мэдээлэл солилцоход чухал үүрэг гүйцэтгэх гэнэ. Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС.
🦠Омикрон Монголд
Дэлхийн 140 гаруй улсад тархаад буй коронавирусний шинэ хувилбар Омикрон энэ сарын 7-ны өдөр манай улсад албан ёсоор бүртгэгдсэн. Генийн дараалал тогтоох "NGS" төхөөрөмжөөр шинжлэхэд ийнхүү 12 сорьцод шинэ омикрон хувилбар илэрсэн бөгөөд өчигдрийн байдлаар дотоодоос таван тохиолдол нэмж бүртгэгдээд байна.
#ТОВЧХОНТОО (Товчхондоо+Тоо)
1875 төгрөг: Хүйтний эрчийг сулартал Засгийн Газрын тогтоолын дагуу нэг шуудай шахмал түлшний үнийг 50 хувийн хөнгөлттэй буюу 1875 төгрөг байхаар шийдвэрлэжээ.
456.1 тэрбум: 2017-2020 онуудад агаарын бохирдлыг бууруулах ажилд 456.1 тэрбум төгрөгийг зарцуулав. Харин үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргасан байна.
1.2 их наяд: Энэ оны улсын төсөв 1.2 их наяд төгрөг гэж батлагдсанаас 483 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн санд зарцуулна.
#MAKE IT UNREAD
Techworm – Шинэ дадал хэвшүүлэхэд гарцаагүй туслах 10 апп
Шинэ оны эхэн үе бол хүсүүштэй зөв дадлуудыг хэвшүүлж эхлэхэд хамгийн тохиромжтой үе. Урам зориг дүүрэн, өөрчлөлт хийх эрч хүчтэй байгаа энэ үеэ ашиглан удаан бодож ирсэн дадлуудаа зоригтой эхлүүлээрэй. ЭНД дарж аппуудтай танилцаарай.
Posted by Unread – 2021 оны хүлээлтээс давсан солонгос цувралууд
Бичээч миний бие Өмнөд Солонгосын цувралуудын үнэнч үзэгч учраас энэ нийтлэлийг хуваалцахгүй байж чадсангүй. Солонгос цуврал нэгэнтээ ази соёлын илэрхийлэл байхаа больж, дэлхий дахины поп соёлд өөрийн гэсэн байр сууриа эзэлж байна шүү дээ. Өнгөрсөн онд үзэгчдийн анхаарлыг хангалттай татаж чадаагүй ч чансаа сайтай байсан драмуудыг онцлох нь зүйтэй. Нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
#АВДРЫН ЁРООЛООС
Иогоор хичээллэх зорилт тавиад буй уншигчдадаа зориулж байна.
Иогийн философийг ойлгох нь: Яагаад иог, бясалгалыг хослуулах учиртай вэ?
Санскрит хэлээр нэгдэл гэх утгатай иог нь эцэстээ бясалгалд хөтлөн аваачихад гол зорилго нь оршдог гэдэг. Тиймээс иогоор ердөө гурван сар хичээллэхэд стрессийн төвшин 50 хувь буурдаг гэх ч судалгаа бий. Зүгээр л нуруу тэгш, бие цэх алхах хүртэл иог хийж буй нэгэн хэлбэр болдог нь гайхалтай. Энгийн байгаа биз?
Сама юу гэнэ ээ?
Анх зөвхөн эрэгтэй хүн хийдэг байсан бол өдгөө дэлхий даяар иогоор хичээллэгсдийн 72 хувийг эмэгтэйчүүд эзлэх болжээ. Иогийн 100 гаруй төрөл түүний дотор үндсэн 84 асана буюу байрлал байдгаас өөрт тохирсныг сонгон хичээллэх боломж бий. Манайд гэхэд виньяаса, хатха, аштанга, акро иог зэрэг төрөл илүү дэлгэрээд буй билээ.
Зүгээр л амьсгалах тийм чухал хэрэг үү?
Харвардын эрдэмтэд иогийн чухал хэсэг болсон бясалгал нь хүний генийн түвшинд хүртэл нөлөөлж, урт наслахад хүргэдэг болохыг баталсан. Тэд таван жилийн турш бясалгалаар хичээллэж буй хүмүүсийг судлахад тэдний цусны даралт, холестерины хэмжээ илт буурч, тархины үйл ажиллагаа сайжирсан болохыг тогтоожээ.
Давуу талууд
Иогийн биеийн тамирын бусад дасгал хөдөлгөөнөөс ялгарах гол онцлог нь биеийн бүх булчинг зэрэг ажиллуулдагт оршдог тул өөрийн төгс бие галбирыг бүтээх боломжтой.
Бидний дархлааны системийг сайжруулдаг учраас нойргүйдлээс сэргийлж, шөнөдөө маш бат бөх унтахад тусалдаг тухай судалгаа байна. Түүнчлэн зүрхний шигдээс, харвалтын эрсдэлийг бууруулдаг болох нь судалгаагаар батлагджээ.
Иогоор хичээллэдэг хүн сэтгэл зүйн хувьд тогтвортой болдог тул уурлаж, бухимдах нь багасдаг.
Иогийн дасгалын байрлалууд нь ихэвчлэн газрын татах хүчний эсрэг байдаг учир хийсний дараа цусны эргэлт сайжирч гүн амарсан мэт мэдрэмж төрдөг. Үүний дараа эрч хүч нэмэгдэж, ажлын үр бүтээмжийг сайжруулдаг талтай.
Хамгийн гол нь, иог бол бие, сэтгэл, оюуны нэгтгэл тул бодол цэгцэрч, ухаан сэргэснээр өөрийгөө таньж ойлгох гүүр болдог ажээ.
#ЦАЙ УУХ ЗУУР
🕯Хариулах: “Базаг” гэж ямар утгатай үг вэ?
А. Хөнгөмсөг Б. Баавартай В. Хулчгар Г. Эрэлхэг
Зөв хариултыг товхимлын төгсгөлд дэлгэв.
🎧Сонсох: Bay (Gangbay) – МОЯ
Хамгийн гоё алчуураа зүүгээд ирээч
Түүнтэй төстэй болохоор чинь
Урт үстэй болохоор чинь
Намайг хүсдэг болохоор чинь
Түүнийг орлуулах гэсэн юм
Амиа борлуулах гэсэн юм
Гэхдээ нүд чинь арай өөр
📕Танилцах: Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгчийн ном
2017 онд авилгын хэргээр 22 жилийн ял авсан Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2021 оны хамгийн сүүлийн өдөр өршөөлийн хуулиар суллагдсан. Тэгвэл түүнээс яг нэг өдрийн өмнө “Not Everybody Feels a Longing” ном нь хэвлэгдэж өдгөө шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтаад байна. Дэмжигчдээсээ хүлээн авсан захидлын хариуг нь түүний өмгөөлөгч ийнхүү эмхэтгэсээр ном болгон гаргажээ.
📱Санал болгох: planD플랜디
Өөрийн дуртай Ютүб сувгуудаас нэгийг хуваалцаж байна. Энэхүү сувгийг хөтлөгч эмэгтэй 2018 оноос хойш тасралтгүй контентоо хийж байгаа. Түүний амьдралын хэв маяг, ажлын арга барил, амттай хоол хийж буйг нь үзэхээр цаанаасаа л тухтай мэдрэмж авдаг юм. Та ч бас сонирхоод үзээрэй.
Ингээд өнөөдрийн товхимол өндөрлөж байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдэж байгаа эдгээр өдрүүдэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиарай. Дараагийн шуудангаараа уулзатлаа баяртай.