Цалингийн задаргаа, Байгууллагын соёлдоо нэвтрүүлэх санаанууд
Ажлын талбарт давшиж яваа хэн бүхэнд зориулав 💡
Unread Monday #6
“Бүтэлгүйтлээс илүү мөрөөдлийг тань үгүй хийдэг зүйл бол эргэлзээ.”
- Сюзи Кассем
Шинэхэн долоо хоног сэрүүхэн эхэлж байх чинь ээ 🥶
Ийнхүү шинэ сар гарахад ганцхан хоног үлджээ. Нэгэн судалгаанаас сонирхуулахад жилийн дунд үе гэхэд хүмүүсийн 46 хувь нь шинэ оны эхэнд гаргасан төлөвлөгөөгөө биелүүлэхээр зорьсон хэвээр байдаг гэнэ. Та ч бас тавьсан зорилгуудаа мартаагүй биз дээ?
Одоо уншлагаа эхлүүлье 🤗
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Та бидний цалингийн задаргаа
Ажил карьер: Байгууллагын соёлдоо нэвтрүүлэх сонирхолтой үйл ажиллагаанууд
Сар бүр таны цалингаас НДШ, ХХОАТ гэсэн хоёр нэршил суутгал авч, тэр нь дотроо хуваагдаад өөр өөр сангуудад очдогийг та мэдэх үү? Цалинг маань замаас нь “хотойлгодог“ энэ хоёртой өнөөдөр нэг сайн танилцаад авъя.
Жич: Энэхүү хэсгийг зөвхөн ажилтан буюу даатгуулагчийн зүгээс бичсэн болохыг анхаарна уу. 😅
Нийгмийн даатгалын тухай хуульд 2021 оны зургаадугаар сарын 17-нд орсон өөрчлөлтийн дагуу сар бүр даатгуулагчийн цалин, түүнтэй адилтгах орлогын 11.5 хувийг нийгмийн даатгалын санд хуримтлуулах болсон. Энэ нь цаашлаад таван төрлийн санд тогтсон хэмжээгээр хуваарилагдан очдог байна. (Таван сангийн зөвхөн дөрөв нь даатгуулагчид хамаатай.)
Тэтгэврийн даатгалын сан: 8.5 хувь
Тэтгэмжийн даатгалын сан: 0.8 хувь
Эрүүл мэндийн даатгалын сан: 2 хувь
Ажилгүйдлийн даатгалын сан: 0.2 хувь
Таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэл дээрх сангуудад хуримтлагдах бөгөөд өндөр наслахад тэтгэврээр, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, эсвэл ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барсан тохиолдолд түүний асрамжид байсан хүмүүст тэтгэмж, төлбөр хэлбэрээр буцаж ирдэг байх нь.
Тэгвэл ХХОАТ буюу “Хувь хүний орлогын албан татвар“ нь яадаг юм бэ дээ? Товчхондоо та Монгол Улсад хөдөлмөр эрхэлж орлого олсныхоо төлөө татвар төлж байгаа хэрэг. Энэ нь таны хөдөлмөрийн эрхлэлтийн орлогоос (ихэнх тохиолдолд үндсэн цалингаас гэсэн үг) НДШ хасагдсан дүнд 10 хувиар тооцож татвар ногдуулдаг. Гэхдээ дуусаагүй ээ, цалингийн хэмжээнээс шалтгаалсан ХХОАТ-ын хөнгөлөлт гэж юм бас бий.
Бүгдээрээ хамтдаа тооцоолол хийгээд үзэх үү? Таны сарын үндсэн цалинг 1.3 сая гэж төсөөлбөл жилийн цалингийн орлогын хэмжээ 1.3*12 сар=15.6 сая болох нь. Тэгэхээр уг дүнд харгалзах жилийн хөнгөлөлт нь 192,000 төгрөг буюу сарын 16,000 төгрөг болно.
Төлөх НДШ = 1,300,000*11.5% = 149,500 төгрөг
Төлөх ХХОАТ = (1,300,000-149,500)*10% = 115,050 төгрөг
Гарт ирэх цалин = 1,300,000 - 149,500 - 115,050 + 16,000 = 1,051,450 төгрөг
Амархан байгаа биз дээ? За ингээд нягтлангаасаа асуултгүй цалингаа өөрөө тооцож чаддаг боллоо шүү. 😊
Байгууллагын ажлын үр дүн хэр амжилттай явааг ажилтан нэг бүрийн санал, сэтгэгдэл илэрхийлдэг. Зөвхөн хурал дээр хүн нэг бүрийн анзаарч, ажигласан зүйлсийг асууна гэвэл учир дутагталтай. Тиймээс энэ удаагийн товхимолдоо баг, хамт олныхоо санал сэтгэгдлийг хэрхэн шинэлэг, сонирхолтой байдлаар олж мэдэх талаар хэдэн арга хуваалцъя.
Нийт ажилтны 91 хувь нь хурлын үеэр өөр зүйл бодож, 39 хувь нь нойрмоглож байснаа хүлээн зөвшөөрчээ.
Mad, Sad, Glad
Байгууллагын хамгийн сүүлд хэрэгжүүлсэн төслийн тухай эсвэл ерөнхий үйл ажиллагааны талаар хамт олныхоо санаа бодлыг сонсмоор байна уу? Тэгвэл ууртай, гунигтай, баяртай гэсэн гурван мэдрэмжид хуваан тэдний сэтгэгдлийг бичүүлээрэй. Ингэх нь танай хамтран ажиллагсад компанийн үйл ажиллагаанаас юу анзаарч, ажиглаж байгаагаа цэгцтэй илэрхийлэхэд дөхөм болно.
Scrum meeting
Олон төсөл, ажил зэрэг хэрэгжиж байгаа үед хэн, ямар ажил дааж авч, хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл солилцох шаардлагатай болдог. Тэгвэл байнгын хурал зохион байгуулж эсвэл бичгэн хэлбэрээр тайлагнаж байсны оронд өглөө бүр 10-15 минутыг босоо хуралд зориулах нь хавь илүү байж болох юм. Манай Unread-ийнхан долоо хоногийн мягмар, пүрэв гарагуудад уг уулзалтыг хийдэг бөгөөд өчигдөр ямар ажил амжуулсан, өнөөдөр юу хийж гүйцэтгэхээ хуваалцдаг заншилтай. Сонирхуулахад, бид мягмар гарагийн уулзалтаа англи хэлээр хийж, давхар хэлний чадвараа ахиулахыг зорьдог.
KALM
Хурлын өрөөний самбарыг хүн бүр ашиглавал ямар вэ? Та самбар дээр дараах үгсийг бичихэд л хангалттай.
Keep: Одоо сайн хэрэгжиж байгаа болон цаашид үргэлжлүүлэн хийсээр байх зүйлс
Add: Өмнөх туршлага дээр үндэслэн дахин шинээр нэмэх зүйлс
Less: Эерэг үр дүн авчраагүй, явцдаа хасах зүйлс
More: Улам сайн, илүү их хэрэгжүүлэх хэрэгтэй зүйлс
Эдгээрийг хамтран ажиллаж буй хүн нэг бүрээс асуугаарай. Ашигтай болон ашиггүй үйл ажиллагаанууд ялгараад л ирэх байх.
One on One
Долоо хоног бүрийн эхэнд багийн гишүүдээ хооронд нь санамсаргүй байдлаар хуваарилаарай. Тухайн хоёр хүн тэрхүү долоо хоног дуусахаас өмнө бие биедээ цаг гарган ярилцаж, нэг нэгэнтэйгээ илүү сайн танилцах, сайн таньдаг бол илүү ойлголцох учиртай. Ингэснээр хамт олны уур амьсгал эерэг болж, тэр чинээгээрээ багийн ажиллагаа ч сайжрах болно. Энэ аргыг манай Unread багийнхан ч хааяа хэрэгжүүлдэг юм. 😉
УНШВАРТАЙ НИЙТЛЭЛҮҮД
Тогтвортой хөгжил - Нөхөн сэргээгдэх энергийн нөөц-Ногоон хөгжлийн ирээдүй
Тогтвортой эрчим хүчний нөөц үгүй бол бид дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах талаар бодоод ч хэрэггүй. Гэвч нөгөө талдаа хүн төрөлхтний хувьд амин чухал хэрэгцээ болсон эрчим хүчний үйлдвэрлэл нь байгальд хэдэн сая тонн хүлэмжийн хий, хорт утааг ялгаруулж байгаа нь харамсалтай. Тиймээс эл сэдвийг хөндөн цаашид бидэнд ямар гарц гаргалгаа байгаа талаар сийрүүллээ.
Кино - Дүрсээр зурсан хөрөг
С.Бямба найруулагчийн “Хэвтрийн хүн” киноны шүүмжийг хуваалцаж байна. Тэрээр өөрийн урласан уг бүтээлийг “Сонголтын тухай” хэмээн тодорхойлжээ.
Тайлбарлах нь - Түрүү булчирхайн тухай таны мэдвэл зохих бүх зүйлс
Бид энэ удаагийн дугаартаа насанд хүрсэн эрчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо болон сүүлийн жилүүдэд олонтоо сонсогдож, сэтгэл түгшээх болсон түрүү булчирхайн эмгэгийн талаар цэгцтэй ойлголт өгөхийг хичээлээ.
ДАРААГИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Хуримтлал үүсгэх энгийн аргууд
Ажил карьер: Хөдөлмөрийн хуулийн онцлох заалтууд
Энэ хүрээд өнөөдрийн товхимол өндөрлөж байна. Ирэх даваа гарагт ээлжит зөвлөмжүүдээрээ уулзъя.
Unread аппыг татах: Android, iOS
Unread-ийн сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today