Зургаан дансны арга, Шинэ ажилдаа хэрхэн уусах вэ?
Ажлын талбарт давшиж яваа хэн бүхэнд зориулав 💡
Unread Monday #8
“Бусдын төлөө бүү амьдар, эс бөгөөс бусад хүн ч бас таны төлөө амьдарна гэж хүлээх болно.”
- Кристофер Хитченс
Гэгээвч цонхнууд сайн байна уу… 🎵
Өөрийн эрхгүй эдгээр мөртийг амандаа аялсан гэдэгт итгэлтэй байна. Шинэ долоо хоногийнхоо гэгээн өглөөг Unread цахим товхимлоор эхлүүлж байгаа уншигч танд баярлалаа. Ирж буй өдрүүдийн цаг агаар 20+ байна гэсэн сайхан мэдээтэй. Эргээд нимгэн хувцсандаа орж болох нь… 😎
Зиа уншлагаа эхлүүлье 📑
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Хуримтлал үүсгэх энгийн аргууд II
Ажил карьер: Шинэ ажлын байрандаа хэрхэн уусах вэ?
Данс гэдэг нь зөвхөн карт нээх, төлбөр төлөх хэрэгсэл гэхээс илүүтэй амьдралын ухаанд суралцахад хөтлөх нэгэн алхам гэж хэлж болох юм. Тиймээс энэ удаа хуримтлал үүсгэх энгийн аргуудаас 6 дансны аргыг онцлон танилцуулж байна. Магадгүй танд зургаагийн зургаан данс ямар хэрэгтэй юм бэ гэсэн бодол төрж байж болох. Хэрэв тийм бол товхимолдоо анхаарлаа хандуулаарай. 🧐
1. Харилцах данс
Хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон харилцах дансыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Бүх төрлийн орлогыг хүлээн авч зарцуулж, мөн бусад данс руугаа хуваарилахад чухал үүрэгтэй энэхүү данс нь нэг ёсондоо бидний эрдэнэсийн авдар л гэсэн үг.
2. Ажлын данс
Энэхүү дансанд та цалин болон түүнтэй адилтгах орлогоосоо тодорхой хэмжээг авч, ажилтай холбоотой зардлууддаа ашиглаарай. Жишээ нь миний хувьд өдрийн хоол, такси, гар утасны төлбөрт зарцуулах мөнгөө байршуулдаг.
3. Зээлийн данс
Ипотек, ББСБ-аас авсан хэрэглээний зээл болон оюутны хөгжлийн зээлтэй бол энэхүү данс танд гарцаагүй хэрэгтэй. Товчхондоо зээлийн эргэн төлөлтийн хэмжээнээсээ илүү дүнтэй мөнгийг энэ дансанд хуримтлуулбал тэр хэмжээгээрээ таны зээл богино хугацаанд хаагдах боломжтой шүү дээ.
4. Хадгаламжийн данс
Та ямар ч хэмжээний орлоготой байсан орлогынхоо тодорхой хувийг хадгаламжийн дансандаа хийж хэвшээрэй. Энэ бол таны мөрөөдлийг биелүүлэх данс биш бөгөөд зарим хүмүүс уг дансыг “Emergency fund” хэмээн нэрлэх нь ч бий. Өөрөөр хэлбэл, чухал, гэнэтийн хэрэгцээндээ зарцуулахад зориулсан данс юм.
5. Аялал эсвэл мөрөөдлийн данс
6 дансны аргыг ашиглаж байгаа ихэнх хүн уг дансыг “Аяллын данс” хэмээн нэрлэх нь олонтоо. Мэдээж бид бүгдэд жижиг том гэлтгүй мөрөөдөл бий. Тэгвэл түүндээ зориулаад эртнээс хадгалбал ямар вэ? Хэрэв аялах мөрөөдөлтэй бол яг одооноос төлөвлөгөөгөө гаргаж, үнээ судлаад түүндээ хүрэх зорилт тавин хадгалж эхлээрэй.
6. Зугаа цэнгэлийн данс
Найзуудын төрсөн өдөр, баяр наадам тасардаггүй нь зөвхөн надад тохиолддог зүйл биш болов уу. Заримдаа найзынхаа төрсөн өдрийг мартаад санхүүгийн хүндрэлд орох үе ч гарна. Тэр бүхэнд хадгаламжаасаа “хумслах” эсвэл зээл авах нь нэг талаараа санхүүгийн дарамт үүсгэж байдаг. Тиймээс санаа амар хөгжилдөхийн тулд уг дансыг хөтөлж сураарай.
Шинэ ажилд орно гэдэг сандрал, догдлол, айдсыг нэгэн зэрэг мэдрүүлдэг бидний амьдралын чухал хэсэг билээ. Хэдийгээр хүний нөөцийн менежер эсвэл ерөнхий менежер таныг угтан авч, ажлын орчинд чиглүүлэг өгөх ч гэлээ шинэ ажилдаа уусах, богино хугацаанд гарших нь таны мэдлийн хэрэг гэдгийг мартуузай. 🤗
Эртэч байх
Ажлын цагтайгаа уралдан яаруу сандруу ирэх нь яав ч таатай мэдрэмж биш. Үүний оронд ажлын цаг эхлэхээс хамгийн багадаа 15 минутын өмнө ирж, аажуу тайван тухайн өдрийн ажлаа эхлүүлээрэй. Миний хувьд энэ аргыг хэрэгжүүлж, ажлын өдрүүдийн 2-3 хоногт дор хаяж цагийн өмнө ирдэг байсан. Үр дүнд нь өдрийн ажлуудаа төлөвлөх, эрт эхлүүлэх зэрэг олон давуу талтай байсан шүү.
Ганцаарчилсан уулзалт товлох
Шинэхэн ажлынхаа босстой ганцаарчилсан уулзалт товлоорой. Эхний хэдэн өдөр менежер шинэ ажилд нь юу хүлээж байгааг, тэд хэрхэн харилцах дуртай болон удирдлагын арга барилын талаар танилцуулж болох ч даргатайгаа шууд ярилцах нь илүү дөт зам байж мэднэ.
Ажил үүргийн тодорхойлолтдоо төвлөрөх
Мэдээж шинэ ажлаа бид урам зоригтойгоор эхлүүлж, аль болох идэвхтэй ажиллахыг хичээнэ. Гэхдээ тухайн байгууллагад та ямар албан тушаалд очиж буйгаа хэзээ ч битгий мартаарай. Шинэ санал санаачилга гаргахад нээлттэй ч шууд “дэлхийг өөрчлөх” гэж хичээсний хэрэггүй гэсэн үг. 😉
Ажлын найзтай болох
Бид ихэнх цагаа ажил дээрээ өнгөрөөдөг тул ажлын эерэг нөхөрлөлийг бий болгох нь олон давуу талтай. Ажлын харилцааг "ажлын найз" гэсэн ангилалд шилжүүлэхэд туслах олон арга бий. Тэднийг илүү сайн таньж мэдэхийн тулд үдийн хоол эсвэл кофенд урьж яагаад болохгүй гэж? Хамгийн гол нь та өөрөө санаачилгатай байх хэрэгтэй шүү.
Амралтаа зохицуулах
Шинэ ажилд орсон эхний өдрүүдэд таны толгой шинэ санаагаар дүүрч, урам зоригтой ажиллах нь мэдээж. Гэхдээ ядарснаа мэдэлгүй хэт их ажиллаж болохгүй шүү. Алс хэтдээ таныг burn out болоход хөтөлж мэдэх юм. Ажил болоод хувийн амьдралынхаа заагийг тодорхой байлгах нь ажлын цагтаа тарахаас эхэлнэ. ⌚
УНШВАРТАЙ НИЙТЛЭЛҮҮД
Чөлөөт - Салхиар наадах бийр
Өнөө цагийн Монголын уран зургийн нэгэн өвөрмөц, содон төлөөлөгч болсон уран бүтээлч бол эх орныхоо соёл урлаг, ёс заншил, үүх түүхийг гадаадын олон улсад гайхамшигтайгаар таниулж яваа зураач С.Заяасайхан. Түүний давтагдашгүй онцлог, харилцан адилгүй шинж чанартай бүтээлүүдтэй танилцсан тухай ЭНЭ нийтлэлээс уншаарай.
Үеийн есөн найзуудын гэр бүлийн гишүүн Жоё, Бамбар нартай танилцаарай. Тэжээвэр амьтадтайгаа нийлээд 11 гишүүн нэгэн гэр бүл болон амьдарч байгаа тэдний нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?
Кино - Unread-ийн санал болгож буй анхаарлын тань гадна үлдсэн байх магадлалтай заавал үзэх 100 кино
Сайн кино үзэгчдэд хариулт өгөх бус асуулт үлдээхийг чухалчилдаг. Бид яг л тийм кинонуудыг эрж олон, үзэн сонирхож, сайтар судлан, нэгтгэн дүгнэж, экспертүүдийн үнэлгээ, олон улсын амжилт зэргийг харгалзсаны үндсэн дээр 100 киноны жагсаалт гаргалаа.
ДАРААГИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Банкны хадгаламжийн хүүтэй танилцах нь
Ажил карьер: MBTI тест ба карьер
Энэ хүрээд өнөөдрийн товхимол өндөрлөж байна. Ирэх даваа гарагт ээлжит зөвлөмжүүдээрээ уулзъя.
Unread апп-ыг татах: Android, iOS
Unread-ийн сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today