Unread Monday #12
“Сэтгэл бол дүүргэх ёстой сав бус дүрэлзэх учиртай гал билээ.”
- Плутарх
Эрхэм уншигчид минь сайхан наадаж, сайхан амарсан уу? Наймдугаар сарын тэргүүн өдрийн мэнд. Хэсэг хугацаанд завсарласан товхимлоо эрч хүчтэйгээр үргэлжлүүлж байна. 🤩
Уншигч тантай л ижил ажлын талбарт давшиж яваа залуу мэргэжилтний хувьд бид өөрсдөдөө тулгарч буй асуудал болон тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаагаа энэхүү товхимолд өгүүлэхийг зорьдог билээ. Тиймээс бизнес санхүү болон ажил карьерын талаар сонирхолтой мэдээ мэдээлэл, зөвлөгөө туршлагыг байнга хүргэх болно.
Ингээд товхимлынхоо шив шинэхэн дугаарыг хүлээн авна уу. 🙌
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Ажил карьер: Ажлын шинэ хэв маяг
Бизнес санхүү: Хосын санхүү
Аливаа ажлыг амжилттай явуулахад хүн бүрд өөрийн гэсэн ажлын хэв маяг, нөү-хау байдаг. Мэдээж тэдгээр нь хоорондоо харилцан адилгүй боловч бусдын аргаас суралцах нь өөртөө хамгийн тохиромжтой хэв маягийг олоход ч тусалж болно. Тиймээс энэ удаагийн дугаартаа ажлын орчинд өөрийн хувьд баримтлахаар хичээж буй аргуудаасаа хуваалцъя.
Ажлын цагтаа тарах ⌚
Юу таны ажиллах урам зоригийг хамгийн их мохоодог вэ? Олон шалтгаан байж болох ч ажлын бус цагт ажиллах нь тэдгээрээс хамгийн ноцтой нь байж мэдэх юм. Миний хувьд олон цагаар ажиллавал үр бүтээмжтэй байна хэмээн ташаа бодож явсан нь саяхан. Яг үнэндээ эсрэгээрээ ажлын цагийг хэтрүүлж, илүү цагаар ажиллах нь бие болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд тусгүй юм билээ. Тиймээс 18 цагт ажил тарахаас өмнө тухайн өдрийн хийж гүйцэтгэх ажлуудаа дуусгах нь миний нэн тэргүүний зорилт болж байгаа. Хэрэв амжихгүй бол дараа өдрийн өглөөг эрт эхлүүлэхэд гэмгүй шүү дээ. Оройтож ажилласнаас л дээр.
“Хөнжлийнхөө хэрээр…” 🤔
“Үгүй” гэж хэлж чадахгүйгээсээ болоод заримдаа бид хэтэрхий их ажилтай болчихсон байдаг. Тэгэхээр өөрийнхөө ажиллах хурд, бүтээмжийн чанарыг бодолцож тухайн ажлыг заасан хугацаанд нь үнэхээр гүйцэтгэж чадах эсэхээ эргэн нэг санаарай. Хүссэн үр дүндээ хүрч чадахгүй, өөрийнхөө болон бусдын цаг зав, хүлээлтийг үгүй хийж байснаас анхнаасаа чадахгүй гэдгээ хэлэх нь зөв. Мэдээж үүнийг яагаад амжихгүй вэ гэдэг үндэслэлтэй шалтгаан хэрэгтэйг мартуузай.
“Помодоро” техник 🕰
Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй эдгээр арга нь бүгд цагийн менежменттэй холбогдож буй. Тэгэхээр миний хувьд биед амар аргаар ажлаа хийхийн тулд “Помодоро” аргыг хэрэгжүүлье гэж бодож байна. Товчхондоо энэ арга нь өөрт оноогдсон цагийг хэрхэн үр дүнтэй, зөв зүйтэй ашиглах тухай юм.
25 минут зөвхөн хийж буй ажилдаа төвлөрч, таван 5 минут завсарлага авах замаар дөрвөн удаа давтана. 25 минут нь нэг “Помодоро” болох бөгөөд ийнхүү дөрвөн помодорын дараа 15-20 минут завсарлах хэрэгтэй.
Сонирхуулахад энэхүү аргыг манай “Би хэрхэн ажилладаг вэ?” брэнд контентын зочин “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхцацрал ашигладаг. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншаарай.
Амралт, аялал гээд дурсамжтай хэдий ч зарлага өндөртэй өдрүүд өнгөрлөө шүү. 😅
Миний хувьд найз охин болон түүний найзуудтай хамт анх удаа аяллаар явж, монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг бишрэхийн сацуу сайхан дурсамж олныг бүтээсэн. Дотнын хүмүүстэйгээ явсан болохоор тэр бүр мөнгө санхүүгийн тал дээр данс тооцоотой яваагүй нь аяллын төгсгөлд хэнээс ямар хэмжээний зардал гарсан нь тодорхойгүй байдлыг бий болгосон. Хэдийгээр найз охин бид хоёрын хувьд дундын данс байдаггүй ч тэр үед ийм төрлийн данс байх хэрэгтэй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн билээ. Дундын найзын төрсөн өдөр, гадуур болзоо гээд л хэн хэнээс маань зарлага гарах үед энэ данс бидэнд тусална. Тиймдээ ч “Хосын санхүү”-гийн тухай хэдэн зөвлөгөө өгье. Ташрамд дурдахад эдгээр зөвлөгөөг би зөвхөн өөрийн туршлагад үндэслэн хүргэж байгаа шүү.
Сайтар төлөвлөх
Өөрсдийн гэсэн орлого, хэрэглээ, хэрэгцээтэй хоёр хүн нийлж байгаа учраас сайтар төлөвлөх нь зүйтэй. Хамтран амьдарч буй хосуудын хувьд нэг нь байрны төлбөр, нөгөө нь урсгал зардлын мөнгөө гаргах нь цөөнгүй байдаг. Бидний хувьд одоогоор хамт амьдарч эхлээгүй байгаа болохоор өөр өнцгөөс харахад энэ жишээ тийм ч шударга санагддаггүй. Учир нь хэн хэнийх нь орлого ижил байж болох ч хэрэгцээний хувьд өөр байх нь мэдээж шүү дээ. Харин сүүлийн үед ихэнх хосууд бүх зардлаа жагсаан бичиж, нийт зардлыг эн тэнцүү хуваан төлж байгаа ба хүн бүрийн хувьд харилцан адилгүй ч би энэ аргыг дэмжиж байгаа. 👍
Хэн нь данс тооцоогоо хариуцах вэ?
Эмэгтэйчүүд л данс тооцоогоо барьж, нөхрийнхөө цалинг ахуй амьдралдаа хуваарилан зарцуулах ёстой мэт тогтсон хандлага байдаг. Энэ бол бараг л эрт галавын үеийн ойлголт шүү. 😅 Эрчүүд бидэнд бодлогогүй, хөнгөн загнах үе байдаг ч дундын дансыг хэн нь хариуцаж, хэрхэн хуваарилалт хийх талаар хамтран шийдвэрлэх нь зүйтэй.
Дундын хуримтлал
Хүн бүр өөрийн гэсэн зорилго, мөрөөдөлтэй. Харин та хоёрын хамтын мөрөөдөл, зорилго юу вэ? 🧐 Богино болон урт хугацаанд хамтдаа хүрэх зорилго, мөрөөдөлдөө зориулж өөрсдийн хамтын хуримтлалыг бий болгох хэрэгтэй. Мөн хэн нэгэн нь өвдөх, бэртэх, гэмтэх үед ашиглаж болох гэнэтийн санг бий болгоорой. Харин хамтран амьдардаггүй, бие биенийхээ өмнө санхүүгийн хариуцлага хүлээх шаардлагагүй хосуудад гадуур болзох, хамтдаа аялах зэрэг хэрэгцээндээ зориулж дундын данс нээхийг санал болгож байна. Бид хоёрын хувьд Social Pay-ийн “Хамт олон” цэсийг ашигладаг. Үүнд “Хүзүү хаашаа толгой тийшээ” гэдэг нэртэй данс үүсгэсэн ба найз охиныхоо хамт тогтсон өдөр тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулж хэвшсэн. Хүсвэл энэ дансыг ажлын хамт олон, найз нөхдөөрөө эзэмших боломжтой шүү.
Хувийн дансыг бүү мартаарай…
Гэр бүл болсон ч бай, үерхэж байгаа шинэхэн хосууд ч байсан тус тусын данстай байх хэрэгтэй. Энэ бол хувь хүний үнэ цэнээ хадгалах, цаашлаад хосын харилцаагаа эрүүл хэвээр нь авч үлдэхэд тусална. Харин үүний тулд хэн хэн нь санхүүгийн наад захын мэдлэгтэй байж, мөнгөө удирдахад суралцах нь зүйтэй. Хэн санхүүгийн мэдлэг сайтайдаа өөрийн мөнгөө өгөх нь нэг бодлын маш залхуу үйлдэл шүү дээ. 😁
УНШВАРТАЙ НИЙТЛЭЛҮҮД
Сүүлийн үед фэшн болоод конценптуаль төрлөөр дагнан зураг авч буй гэрэл зурагчин Чаёоду буюу Ё.Чанцалдуламын бүтээлүүдтэй танилцъя. Тэрээр МУИС-ийг график дизайнерын мэргэжлээр төгссөн бөгөөд анх баримтат төрлийн зургууд түлхүү авдаг байжээ.
Энэ удаагийн зочин маань цагдаагийн албан хаагч болох мөрөөдөлтэй байсан бөгөөд мэргэжлийн шалгалтад бэлдэж байх үедээ технологид дурлан эгнэгт энэ салбарт хөл тавьсан гэдэг. Тийнхүү “Fortune 100”-ийн компани, төрийн байгууллагуудад бизнес, мэдээлэл технологийн чиглэлээр зөвлөгөө өгч, ямагт өөрийгөө хөгжүүлсээр 2019 оноос одоогийн удирдаж буй Polygon компанитай хамтран ажиллаж эхэлжээ.
Оршихуйгаас өөр оршихуйд шилжиж, өдөр тутам тохиолддог нэгэн хэвийн бодит ертөнцөөс бага зэрэг холдож, дотоод сэтгэлийн гүн дэх ертөнцөөрөө аялаж үзэх нь тийм ч муу зүйл биш гэдгийг Мияазакигийн бүтээлүүд харуулдаг билээ. Тиймээс ч бид энэ удаа түүний бүтээлүүдээс сорчлон танилцууллаа.
ДАРААГИЙН ДУГААРТ
Ажил карьер: Ятгах тусам нягталъя 🧐
Бизнес санхүү: Цахим шаг 🤔
Энэ хүрээд өнөөдрийн товхимол маань өндөрлөж байна. Ирэх даваа гарагт ээлжит зөвлөмжүүдээрээ уулзъя.
Unread апп-ыг татах: Android, iOS
Unread-ийн сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today