Unread Monday #11
“Алдаа гаргаж үзээгүй хүн хэзээ ч шинэ зүйлийг туршиж үзээгүй байдаг.”
-Алберт Эйнштэйн
Шинэ сарын мэнд ээ 🌧
Эхэлж буй долоо хоног хур бороо ихтэй байх тул та нар минь шүхрээ мартуузай. Ингээд олон үг нуршилгүй товхимол руугаа орцгооё. 🤗
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Технологи + Санхүү = Зээлийн апп-ууд
Ажил карьер: Цайны цаг + Бясалгал = Өндөр бүтээмж
Долоодугаар сарын эхний дугаартаа технологи болон санхүүгийн хослол болох финтек-зээлийн апп-уудын талаар ярилцъя.
Шинэ сар гараад цаанаасаа л сэтгэл гэгэлзээд, хэдэн найз маань намайг Хөвсгөл аваад явчихгүй юм байх даа гэсэн нууцхан хүсэл өөрийн эрхгүй төрөөд байх юм. Үүнийг уншин суугаа танд ч бас ижил бодол урган байгаа гэдэгт итгэлтэй байна. 😅 Аялал, амралт ийнхүү эхэлж, над шиг зуны аялалдаа зориулж хангалттай 💸 цуглуулж чадаагүй хүмүүс байна уу? Тэгвэл жаахан дотно ярилцах уу даа?
Миний хувьд аль болох өр зээлгүй аж төрөхийг хичээдэг ч заримдаа бусдаас тусламж авах үе мэдээж бий. Тэр бүрд найзууд, гэр бүлээсээ гуйх бас л хэцүү шүү. Аль болох хүнд дараа бололгүйгээр амьдрах хүсэл хүн бүрд байдаг болов уу... Тиймээс л би Банк, ББСБ-аас зээлэхийг илүүд үздэг. Хааяа цалин оройтоод 1-2 хоног хэтэрсэн ч нэр хүндээ алдах биш, зээлийн кредит оноогоо л хасуулна. Ингээд бодохоор зээлийн апп гэдэг миний сайн эгч ч юм шиг, хааяа зүүн мөрөн дээрх чөтгөр ч юм шиг санагддаг шүү 😈
За тэгэхээр би өөрт таалагддаг зүүн мөрөн дээрх чөтгөрүүдээсээ танилцуулья.
#Ly гэр бүлийн дунд хүү - Zeely апп
Та хүнд мөнгө зээлэхдээ сэтгэл зүйд нь итгэх байсан уу? 🤔 Энэхүү апп мэргэжлийн сэтгэл зүйчдийн тусламжтайгаар зээл авах, түүнийг эргэн төлөх сэтгэлзүйн чадамжтай, өөрөөр хэлбэл зээлэндээ санаа зовсоор байгаад төлж чадах хүмүүст зээл олгодог юм. Миний хувьд оюутан байхдаа буюу албан ёсны ажил хийж НДШ төлдөггүй байсан үедээ “Ийм юм байдаг юм уу?” гэж гайхсаар зээл авч байлаа.
P2P Lending - Zeel.mn
Зээл авдаг апп олон байдаг ч зээл “өгдөг“ нь бас байдаг юм билээ. Маш энгийнээр тайлбарлавал та бусдад мөнгө зээлдүүлэхийг хүсэж байгаа бол энэхүү апп-аар дамжуулан бусдад тус хүргэж болно. Хэдийгээр өгөөж багатай ч миний хувьд танихгүй нэгэнд зээл өгч туслах таатай санагдсан шүү. Мэдээж найдваргүй зээлдэгч таарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ санаа бүү зов. Zeel.mn бүх хариуцлагыг хүлээж, таны хохирлыг барагдуулах болно.
Миний хувьд өөрийн туршлагад үндэслэн хүн орлогынхоо 25 хувиас илүү мөнгө зээлэх хэрэггүй санагдсан. Тэгэхээр та нар маань зээл авахаасаа өмнө дараах асуултыг өөрөөсөө асуугаарай.
-Зээлж авсан мөнгөө зарцуулах гэж байгаа зүйл чинь үнэхээр чухал уу?
-Зөв газар/хүнээс зээлэх гэж байгаа юу? Судалсан уу?
-Төлж чадах хэмжээгээрээ зээлэх гэж байгаа юу?
-Төлж чадахгүйд хүрвэл арыг чинь даах “танкууд” байгаа юу?
Миний шинэ “сайн эгч” - Simple/M Bank
Ёстой л нэр шигээ хялбар даа та минь. Анх зээл авах бодолгүй, банк бүр дээр шинэ данс нээж байгаа юм шиг зээлийн апп-ууд дээр бүртгэл үүсгэж яваад түүнтэй танилцаж байлаа. Эхнээсээ бүх үйлдэл нь ойлгомжтой, хэдэн товч дараад л улсын байгууллагын эгч нар шиг “За жаахан хүлээчих🤫” гээд л зээлийн эрхийг минь тодорхойлоод өгсөн дөө. Хамгийн таалагддаг хэсэг нь зээлээ төлөх хугацаа болон сард хэдэн удаа төлөх, сарын хэдэнд төлөх зэрэг бүх зүйлээ тодорхой харуулдаг. Миний хувьд энэхүү апп-ыг “Simple but Effective” гэж боддог.
Сүүлийн үед зав зай муутай, заримдаа стресстэй өдөр олон байгаа тул бясалгал хийж үзсэн туршлагаа хуваалцъя гэж бодлоо. Бид аливаа хэцүү асуудлаа үгүйсгэж, тоохгүй байх гэж хичээх тусам амьдралынхаа хором мөч бүрийг мэдрэхгүй байх тохиодол бий. Харин үүнийг бага ч гэсэн багасгах зүйл бол бясалгал билээ.
Миний хувьд өглөө бүр шүдээ угаахдаа жижиг бясалгал хийж заншиж байгаа. Учир нь бид ухамсаргүйгээр үйлдэл хийж байхдаа илүү сайн төвлөрч, өөрийгөө сонсох боломж бүрэн нээгддэг байна. Тэгэхээр ухамсаргүйгээр хийж буй булчингийн хөдөлгөөний үед таны тархи мөн л ухамсаргүйгээр бясалгаж сурна гэсэн үг. Бясалгал хийнэ гэдгийг хүндрүүлж бодох хэрэггүй шүү. Миний хувьд байгаа орчноосоо шалтгаалан дараах гурван аргаар бясалгахыг хичээж байна.
Заавартай бясалгал
Бага зэрэг ховсдуулж байгаа мэт мэдрэмж төрж магадгүй л юм. Гэхдээ анхлан сурж байгаа хүнд тун тохиромжтой. Хэрхэн амьсгалах, амьсгал бүрдээ юу мэдрэх хэрэгтэйг зааж, бүгдийг нь чиглүүлж өгдгөөрөө онцлог юм. Эхэн үед бясалгаж хийж байхдаа дунд нь унтчих гээд байдаг тал бас бий шүү 😂
Амьсгалаа тоолох
Та шөнө унтахдаа хонь тоолдог уу? Тэгвэл өдөр хонь тоолж үзвэл ямар вэ? Энэхүү арга нь амьсгалыг нэгэн жигд хэмнэлд оруулж, зүрхний цохилтыг тогтворжуулан тайвшрах боломжийг олгодог. Миний хувьд таван минутын завсарлага аваад, ажлынхаа эргэн тойронд агаарлангаа тоолж байгаа.
Байгалийн чимээ
Хэцүү ч жинхэнэ байгальд нь гараад бясалгавал бүр ч үр дүнтэй юм билээ. Их хотын чимээ шуугианаас хэсэг ч болов завсарлага авч, голын ус сонсож суух нь маш их тайвшрал авчирдгийг та хэлүүлэлтгүй мэдэх байх. Харин үүнийг орлуулаад байгалийн чимээ сонсонгоо бодол санаагаа цэгцэлж болох юм.
Түүнчлэн бясалгал хийхэд зориулсан цөөнгүй апп-ууд байдаг. Миний хувьд саяхнаас Balance апп-ыг хэрэглэж байгаа. “Та ууртай байна уу?, Танд урам зориг хэрэгтэй байна уу?, Таны санааг ямар нэгэн зүйл зовоогоод байна уу?” зэрэг олон төрлийн нөхцөл байдалд тохирсон заавар бүхий бясалгал бий. Мөн өөрийн үзүүлэлтээ тогтмол хянах боломжтой нь бүр ч их таалагддаг. Ташрамд дурдахад, яг одоо Balance апп-ыг бүтэн жилийн турш үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой болсон байгаа шүү.
УНШВАРТАЙ НИЙТЛЭЛҮҮД
Тэгш ой тохиож буй энэ жилийн Үндэсний их баяр наадмын тухай таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсгэнд багтаан хүргэлээ. “Монгол наадам” бол монголчуудын бахархалт түүх, өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл билээ.
Баянхошууны эцэс дэх алга дарам хашаа байшинд эмээтэйгээ өссөн бяцхан жаал хэрхэн хүсэл мөрөөдлөө олохын төлөө алс холын Францыг зорьсныг, Парисын захад орших ядуусын хорооллын цор ганц ази хөвүүн хэдэн үеэрээ виноны эдэлбэр газар эзэмшиж байгаа европчуудтай хэрхэн өрсөлдөн дарсны мэргэжилтэн болж чадсан түүхийг энэ удаагийн хөрөг маань толилуулах болно.
Номын тухай - "Гоо үзэсгэлэн бол шарх" номын тухай
“Гоо үзэсгэлэн бол шарх” ном бол орчуулагчийн олон жилийн уйгагүй хөдөлмөр, хэдэн арван боть, антологи, үгийн сод туурвилчдын бүтээлийг шимтэн уншиж, тэдгээрээс зөвхөн хайрын тухай бичсэнийг түүвэрлэсэн эмхэтгэл билээ. Уншигч танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
ДАРААГИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Өрхийн төсөв
Ажил карьер: Чөлөөт ажилтны тренд
Энэ хүрээд өнөөдрийн товхимол өндөрлөж байна. Ирэх даваа гарагт ээлжит зөвлөмжүүдээрээ уулзъя.