Posted Thursday #6
Өдрийн мэнд 😎
Өнөөдөр 16 цагийн үед бороо орох магадлал 80 хувьтай юм байна шүү. Гадуур ажилтай бол шүхрээ мартуузай.
Ингээд санал болгож буй зүйлсээс санаа аван амралтын өдрөө төлөвлөөрэй.
АЛТАН ӨРГӨӨ КИНО НААДАМ 2022
Кинонд дурлагчдад зориулсан “Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам” арав дахь жилдээ зохион байгуулагдах нь ээ. Монголын кино институтээс зохиодог уг наадам нь өнөөдрөөс эхлэн ням гарагийг дуустал үргэлжлэх юм байна.
Мөн амралтын өдрүүдээр Канад уран бүтээлч Асиннажак, Герман найруулагч Адриан Фигуэроа нар мастер классаа үнэ төлбөргүй орно гэнэ шүү. 🤩
Наадмын хөтөлбөртэй ТАНИЛЦАХ & Тасалбар ЗАХИАЛАХ
ХЭВТРИЙН ХҮН
Энэ амралтын өдрүүдээр монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг “Хэвтрийн хүн” киног санал болгож байна. Уг бүтээл нь уран зохиол, кино урлаг хоёрын гайхалтай нэгдлийг харуулж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.
Зохиолч Г.Аюурзаны "Хэвтрийн хүн" оп роман нь кино болгож дэлгэцэд урлах нь бүү хэл уншиж, ойлгоход ч нэн төвөгтэй бүтээлүүдийн нэг. Харин түүгээр найруулагч С.Бямба кино хийж, уг бүтээлээ "Сонголтын тухай" гэж тодорхойлсон билээ. Киног үзсэний дараа хамгийн түрүүнд цаг хугацааны тухай асуултууд зайлшгүй урган гарах болно.
Кино шүүмж УНШИХ
ХУРИМЫН ҮЗЭСГЭЛЭН
Удахгүй хуримлахаар төлөвлөж буй хосууд байгаа юм биш биз? Хуримын үйл ажиллагаагаар мэргэшсэн топ байгууллага, уран бүтээлчидтэй биечлэн уулзаж, зөвлөгөө авах боломжтой “Marry Me” хуримын үзэсгэлэн энэ ням гарагт Шангри-Ла зочид буудалд болох юм байна шүү. 🤵👰
Үзэсгэлэнд оролцох БҮРТГЭЛ
БИДНИЙ НУУЦ ПОДКАСТ
Сэндэр, Номин хоёрын хөтлөн явуулдаг “Бидний нууц” подкасттай хүмүүс аль хэдийн танилцсан байх. Найзуудтайгаа ярьж суугаа мэт мэдрэмжийг өгдөг энэхүү чөлөөт подкастын “Бидний итгүүлэх код” дугаарыг танд санал болгоё.
Уг дугаарт “Итгүүлэх код” номын орчуулагчид оролцсон бөгөөд хүний тархины үйл ажиллагааны талаар ярилцах болно. Тэр дундаа энэ дугаараас хүнийг хэрхэн өөртөө итгүүлэх талаар шинжлэх ухааны үүднээс тайлбарласан сонирхолтой мэдээллийг сонсох боломжтой.
“Итгүүлэх код” номын тухай нийтлэл УНШИХ
ЗУНЫ ЗУГАА
Loichihson, Vandebo, Gangbay хамтран Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зуны нээлтийн тоглолтоо хийх гэж байна. Энэ бямба гарагт дуртай уран бүтээлчидтэйгээ хамт цагийг өнгөрүүлээрэй. 💃
Тоглолтын мэдээлэл АВАХ & Тасалбар ЗАХИАЛАХ
ШАРЖИГНУУР ТӨМСНИЙ КОРОККЕ
Тэртээх 1898 онд Франц улсад дэлгэрсэн корокке нь өдгөө улс бүрийн хоолны соёлд уусаж, өөрийн гэсэн онцлогтой хүнс болжээ. Дэлгэр зуны цагт махны хэрэглээгээ багасгаж, ходоодоо амраагаад шаржигнуур төмсний корокке хийж идээрэй. Та махаа хүссэнээрээ сонгох боломжтой шүү 😋
МӨХӨӨЛДӨС ХИЙХ ЭНГИЙН АРГА
Гадаа ч халуун, дотор ч халуун 😅 Халуун цаг агаарт юу хэрэгтэй гээч? Хүйтэн мөхөөлдөс 🍦
Гуравхан орцоор шоколадтай зайрмаг хийж идмээр байна уу? Идэх дуртай амттанаа өөрөө хийгээд сурчихвал ч догь доо 😎
Тун энгийн. Танд ердөө өтгөрүүлсэн крем, молоко, нунтаг какао байхад л хангалттай. ЭНД дарж хийх аргатай нь танилцаарай.
CAMELLIA CAKE & DRINK HOUSE
Энэ амралтын өдрөөрөө зорин очих газар бол “Camellia Cake and Drink House”
Сэтгүүлч мэргэжилтэй ч өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн өөрийн урласан амттан, бялуугаар бусдад аз жаргалыг түгээж яваа Б.Цэцэгбалжидын өнгөлөг ертөнцөөр ороод гараарай. Сүүн кремээр хийсэн бялуунууд нь тун амттай шүү.
Хаяг: Талбайн зүүн хойно, МУИС I байрны замын эсрэг талд, Төрийн банктай аркаар ороод 🕍
Энэ удаа “ТэнГэр” телевизийн продюсер Х.Цогтбилгүүндарь амралтын өдрийн “жор”-оосоо хуваалцлаа.
Таны хувьд хамгийн төгс амралтын өдрийн хэмнэл?
Эргэн тойрон ногоон өнгөөр хучигдаж, цаг агаар ч дулаан болж байгаа энэ үед хайртай дотнын хүмүүс бас нохойтойгоо хамт салхинд гарч, ууланд авирах нь миний хувьд төгс амралт юм даа. Ажлын өдрүүдийн стрессээ тайлах зорилгоор агаарт гарч байгаа болохоор биеийн хөдөлгөөн их хийнэ. Мөн эрүүл зохистой хооллож, зөв өөх тостой бүтээгдэхүүн хэрэглэх тал дээр анхаарч өдрийн энергиэ авахыг хичээж байгаа. Уургаар баялаг салмон загас, авакадо, өндөг гэх мэт бүтээгдэхүүнүүд нь үүний сонгодог жишээ.
Сүүлийн үед амралтын өдөр тань хэрхэн өнгөрч байна вэ?
Наадмын амралтаас өмнө амжиж ажлуудаа дуусгах гээд сүүлийн үед нэлээн их ажиллаж байгаа. Үүний зэрэгцээ төгссөн сургуулиас маань гадаад оюутнууд Монголд ирчихсэн байгаа учраас сүүлийн үед тэдэнтэй хамт гадуур зугаалж, Улаанбаатар хотоо танилцуулсан. Тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлж, их хотоо үзүүлж явахдаа би өөрөө яг л жуулчин болсон мэт мэдрэмж авсан шүү. Бараг 20-30 км газар алхсан юм байна.
Манай уншигчдад санал болгох нь…
Надад нэг зуршил байсан юм. Одоо ч хааяа хэрэгжүүлдэг. Энэ зуршлаа би “Нямын найм” гэж нэрлэдэг. Ням гараг буюу долоо хоногийн хамгийн сүүлчийн өдөр өнгөрч буй долоо хоногоо дүгнэдэг гэх юм уу даа. Өөрөөсөө энэ долоо хоногт болж өнгөрсөн найман онцлох зүйл юу вэ гэж асуудаг гэсэн үг. Мэдээж найман зүйл сонгох хэцүү байж магад. Гэхдээ хамгийн гол нь өнгөрсөн долоо хоногоо эргэж санах нь маш чухал үйл хэрэг. Хийе гэсэн зүйлсийн жагсаалтаа эргэж харах, календарь хөтөлсөн бол түүнийгээ сөхөж “Юу хийв, юу бүтэлгүйтэв, хэнтэй цагийг өнгөрүүлж, юу хийсэн нь чамд хамгийн гоё байв?” гэх мэт асуултыг өөртөө тавьдаг. Мөн таныг аз жаргалтай болгосон зүйлсээ санаж дараа долоо хоногийн хуваарьтаа ч оруулахыг зөвлөж байна. Харин эсрэгээрээ сэтгэл хангалуун бус байсан зүйлсээ амьдралын хэмнэлээсээ хасах нь зөв болов уу.
Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх долоо хоногт шинэ дугаараараа эргэн уулзацгаая.
Unread апп татах: Android, iOS
Сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today