Unread Monday #10
“Бусдаас өөр байх” гэдэгт үнэ цэн өгөх биш “өөрөөрөө байх” гэдэгт үнэ цэн өгөх учиртай.
- Кишими Ичиро
Шинэхэн долоо хоногийн мэнд ээ 🤩
Зуны дэлгэр цаг үргэлжилж, залуу оюутнуудын төгсөлтийн баяраар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Их сургуулийн гудамж, их хотын төв талбай хөл хөдөлгөөнөөр үл тасарч байгаа зургаадугаар сарын өдрүүдээ эрч хүчтэй өнгөрүүлээрэй.
Ингээд өнөөдрийнхөө товхимолд тавтай морил 🙌
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Хувийн тэтгэврийн сан
Ажил карьер: Ажлаа төлөвлөх аргууд
Өнөөдрийн ярих сэдэв бол хувийн тэтгэврийн сан 💰
Сүүлийн жилүүдэд тэтгэврийн шинэчлэлт болон хувийн тэтгэврийн сан хэмээх ойлголт бидний дунд газар авчээ. Тэтгэврийн зарлага нь орлогоосоо давсан үзүүлэлтүүд тасрахгүй байгаа учраас хэн хүнгүй эртнээс эртнээс тэтгэврийн орлогодоо санаа тавих цаг ирсэн байна.
Тэтгэврийн сан гэж юу вэ?
Таны улсад төлж буй НДШ-ийн 17% нь улсын тэтгэврийн санд хуваарилагддаг бөгөөд үүнийгээ та тэтгэвэрт гарах үедээ зохих хэмжээгээр тогтмол авах бол хувийн тэтгэврийн сан нь шимтгэл бус сайн дурын хуримтлалд суурилсан тэтгэвэр гэж ойлгож болох юм.
Хуримтлалын тогтолцоо нь хуваарилалтын тогтолцоотой харьцуулбал хүн ам зүйн чиг хандлагад илүү нийцтэй бөгөөд урт хугацаандаа өндөр өгөөж өгдөг. Хуримтлалын тогтолцооны дундаж өгөөжийн хэмжээ тухайн улсын бодлогын болон зээлийн хүү, капиталын ахиу бүтээмжээс хамаардаг бол хуваарилалтын тогтолцооных ажиллах хүчний өсөлт дундаж цалингаас хамаардаг байна. Иргэдийн дундаж наслалт уртасж байгаа, тэтгэвэр авагч болон тэтгэвэр төлөгчдийн харьцаа өсөж байгаа манай улсын хувьд хуримтлалын систем нь илүү өндөр өгөөж хүртээх боломжтой.
Хувийн тэтгэврийн сан нь ажилтан, хувь хүнээс сар бүр тодорхой хэмжээний орлогыг хуримтлуулж, тодорхой хугацаанд өсгөх ба хэрэглэгчийн нэрийн дансан дахь хуримтлалыг урт хугацаанд, эрсдэлгүй өсгөх үүднээс өгөөж өндөртэй төрөл бүрийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. Гэхдээ хөрөнгө оруулах эсвэл хуримтлуулах нь хувь хүний сонголт гэдгийг онцлон сануулъя.
Хуримтлал сонговол тухайн жилийн инфляцаас шалтгаалж тогтмол хүүгээр өснө.
Хөрөнгө оруулалт сонговол хөрөнгө оруулалтын өгөөжөөс хамаарч янз бүр байна.
Хувийн тэтгэврийн сан үүсгэх давуу талууд:
Мэргэжлийн хөрөнгө оруулагчид таны хуримтлалыг таны өмнөөс удирдаж өсгөж өгнө
Орлогын олон эх үүсвэрийг бүрдүүлнэ
Гэрээний эцэст нэгдсэн байдлаар болон тодорхой хэмжээгээр сар бүр авах боломжтой
Өвлүүлэх боломжтой
Ажил эрхэлдэггүй байсан ч сайн дураар тэтгэврийн санд хуримтлал үүсгэж болно
Юмсын суурь үндэс хэрхэн тавигдахаас хамаарч амжилттай байх уу, эсвэл алдагдалтай үлдэх үү гэдэг нь шийдэгддэг. Үүний адилаар ажил төлөвлөлт нь тухайн ажлын үр дүнтэй шууд холбогддог шүү дээ. Аливаа төслийн 39 хувь нь буруу төлөвлөлтөөс болж бүтэлгүйтдэг бөгөөд холбоо харилцааны дутмаг байдал, таамаглаж тооцоолоогүй эрсдэл, тодорхойлж гүйцээгээгүй зорилго зэрэг нь үүний голлох шалтгаан болдог аж.
Зорилгоо тодорхойлох
Таны зорилго бол таныг хөдөлгөх гол хүч юм. Хамгийн том зорилгоо тодорхойлсон цагт дараагийн жижиг алхмууд үе шат бүрээрээ тодорхой болоход тус болно. Тиймээс тухайн ажлыг яагаад хийх гэж буйгаа, хийсний дараа ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаа талаараа сайтар эргэцүүлэн бодоорой.
Танилцуулга бэлдэх
Гаргаж буй төлөвлөгөөг тань ерөнхий агуулгад багтааж өгнө. Тодруулбал, та яагаад энэ төсөл дээр ажиллаж байгаа болон яагаад тодорхой зорилго тавьсан талаар тойм зураглалыг харуулах юм.
SMART зорилтуудыг тодорхойлох
Зорилго нь ихэвчлэн таны ажлын ерөнхий дүр зураг дээр төвлөрдөг бол зорилтууд нь илүү тодорхой бөгөөд бодитой болгодог. Харин зорилго, зорилтоо тодорхойлох хамгийн тустай аргуудын нэг нь SMART ойлголтыг ашиглах явдал юм.
Specific (тодорхой) - Ямар үр дүнд хүрч, түүнд хүрэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?
Measurable (Хэмжиж болохуйц) - Ямар өгөгдөл ашиглаж, үр дүнгээ хэрхэн хэмжих вэ?
Achievable (Хүрч болохуйц) - Таны зорилго биелэх боломжтой эсэх, тэдгээрийг гүйцэтгэхэд ямар ур чадвар, нөөц шаардлагатай вэ?
Relevant (Холбогдохуйц) - Таны зорилтууд ерөнхий зорилготой тань холбогдож байна уу?
Time-bound (Хугацааны хязгаар) - Хэдий хэр хугацаанд биелэх боломжтой вэ?
Шаардлагатай нөөцөө жагсаан бичих
Төслөө амжилттай дуусгахын тулд зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх нөөцийн жагсаалтаа бичээрэй. Жишээ нь, тухайн ажилд хэдий хэмжээний төсөв зарцуулагдах, тэр хөрөнгө хаанаас гарах, аль хэр хүний нөөц шаардлагатай зэрэг жижиг зүйлсэд анхаараарай.
УНШВАРТАЙ НИЙТЛЭЛҮҮД
10 ертөнц, 10 өнцөг - Гэрийн тэжээвэр амьтдын эрхийн тухай
Гэрийн тэжээвэр амьтанд ээлтэй, аюулгүй нийгмийг бий болгох, амьтан тэжээж буй хүмүүсийн хариуцлагыг сайжруулах, хяналтгүй үржүүлэг болон амьтан харгислалыг таслан зогсоох, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойг энэрэнгүй аргаар хязгаарлах зорилготой “BePawsitive-2” арга хэмжээний онцлох арван өнцгийг хүлээн авна уу.
Тайлбарлах нь - Биологийн олон янз байдлын тухай
Манай Unread багийн гишүүн Ш.Цогзолмаа Кени улсын Найроби хотод болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцийн талуудын бага хурлын 15 (COP15) дугаар хуралдаанд оролцож байгаа ба тус хурлын гол сэдвүүдийн нэг “Биологийн олон янз байдал"-ын тухай цэгцтэй, ойлгомжтой мэдээллийг энэхүү нийтлэлээр тайлбарласан юм.
Тайлбарлах нь - Үндэсний их баяр наадмын тухай
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулан бид "Үндэсний их баяр наадам"-ын тухай цогц мэдээллийг уншигч та бүхэнд хүргэхээр хичээлээ.
ДАРААГИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Технологи + Санхүү = Зээлийн апп-ууд
Ажил карьер: Цайны цаг + Бясалгал = Өндөр бүтээмж
Энэ хүрээд өнөөдрийн товхимол өндөрлөж байна. Ирэх даваа гарагт ээлжит зөвлөмжүүдээрээ уулзъя.
Unread апп-ыг татах: Android, iOS
Unread-ийн сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today