Unread Monday #3
“Өөртөө байхгүй зүйлийг хүсэн байж одоо байгаа зүйлээ бүү сүйтгээрэй.”
Өдрийн мэнд 😎
Амралтын өдөр нь хэрхэн өнгөрөв дөө? Бидний санал болгосон зүйлсээс туршиж үзэж байгаа гэдэгт итгэлтэй байгаа шүү 😉 Өнөөдөр цаг агаар ая муутай байгаа тул дулаан яваарай. Ингээд шинэ долоо хоногоо эрч хүчтэй эхлүүлэхэд тань туслах товхимлынхоо ээлжит дугаарыг өргөн барьж байна.
Хувийн санхүү: Нэмэлт орлого олох аргууд “Онлайн сургалт”
Ажил карьер: Ажлын анхны өдрөө юу бэлдэх шаардлагатай вэ?
Өнөөгийн залуучуудын хувьд “хувийн санхүү” гэх сэдэв тэдний зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлсийн нэг болжээ. Тиймээс миний бие хамгийн их өгөөжтэй хөрөнгө оруулалт, хамгийн өндөр хүүтэй хадгаламж хайлгүйгээр нэмэлт орлогын эх үүсвэртэй болох энгийн аргуудыг танилцуулж байгаа билээ. Энэ удаа ямар арга хуваалцсан бэ гэвэл… 🤗
Байгаа хөрөнгөө ашиглах
Өөрийн өмч хөрөнгүүдээ эргэн нэг хараад үзээрэй. Магадгүй танд бусдад түрээслэх боломжтой хөрөнгө байхыг үгүйсгэхгүй. Xbox, PS гэх мэт тоглоомын консолууд, зургийн аппарат, дрон, лаптоп зэрэг цахилгаан хэрэгслүүдээ түр хугацаагаар түрээслэн багагүй орлого болгож болох юм. Хэрэв гэрэл зураг сонирхдог бол дарсан зургуудаа худалдах замаар хөөрхөн хэдэн төгрөг халааслах, эсвэл хувийн унаатай бөгөөд Улаанбаатар хотын замын түгжрэлээс айхааргүй зоригт нэгэн бол хүргэлт хийх, оройдоо таксинд явж ч болно.
Дан ганц материаллаг эд зүйлээс гадна танд байгаа хөрөнгүүдээс хамгийн чухал, үнэ цэн нь үргэлж өсөж байдаг зүйл бол таны мэдлэг боловсрол шүү дээ.
Тэгвэл түүнийг хэрхэн ашиглаж болох вэ? Хариулт нь онлайн сургалт.
Орчин үед онлайн сургалтыг сошиал платформ дээр хийх, эсвэл имэйл хэлбэрээр илгээхэд ямар ч асуудалгүй болсон. Эсвэл албан ёсны TomYo Skills, Melearn, олон улсын Teachable, OpenLearn Create зэрэг талбаруудыг ашиглаж болно.
Унших: 10 Steps To Creating A Wildly Successful Online Course
Ердөө нэг удаа бэлтгэл ажлаа сайн хангаад л түүнийгээ дахин ашиглах тул цаг хугацаа, санхүүгийн хувьд асар их хэмнэлттэй. Мөн таны гадаад хэлний мэдлэг дунджаас дээш бол тухайн хэл дээрээ сургалтаа хийсэн ч болно шүү дээ.
Онлайн сургалт хийхээс өмнө санах зүйлс
Сэдвээ зөв сонгох: Өөрийн сайн мэргэшсэн, туршлагатай сэдвээрээ сургалт зохион байгуулбал хүмүүст илүү хүрэх нь мэдээж. Түүнчлэн таны сонгосон сэдэв үнэхээр бусдад хэрэгтэй эсэхийг сайн тунгааж бодохоо мартуузай.
Суурьтай эхлэх: Сургалтын материалаа бүгдийг эхнээс нь бичиж бэлдэх шаардлагагүй. Мэдээж таны сонгосон сэдэв учир та цаг үеийн, чанартай мэдээллийг хаанаас авахаа мэдэж байгаа. Түүн дээр нэмээд хүмүүсийн хамгийн ихээр төөрөлддөг асуултуудад хариу өгчихвөл болоод явчихна даа.
Интерактив байдал: Сургалтаа аль болох оролцогчидтойгоо харилцсан, “амьд” хэлбэрээр хийвэл тэдний сэтгэл ханамж өндөр байх болно. Зөвхөн пресентац хараад уншихаас илүүтэйгээр асуулт хариултын тэмцээн, бие даан ажиллах дасгал, видео зааварчилгаа зэргийг ашиглах нь зүйтэй.
Ажлын анхны өдөр бол тун чухал хийгээд догдлом мөчүүдийн нэг гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ. Бичээч миний хувьд ч ажлын эхний өдөр дэндүү догдлом, хүлээлт дүүрэн байсны зэрэгцээ бэлтгэж базаах зүйл ч цөөнгүй байсан юм даг. Тиймээс ажлын талбарт хөл тавихаар бэлдэж буй залуу мэргэжилтэн танд санууштай хэдэн зөвлөгөө өгөхөөр шийдлээ. Ер нь ажлын байран дээр та юу мэдэж байх хэрэгтэй вэ?
Ажлаас хоцрох асуудлыг хэзээ ч бүү гаргаарай. Тун энгийн мэт сонсогдовч танай гэрээс ажил хүртэлх зай, ямар нийтийн тээврээр хэдий хэр хугацаанд хүрч очих, алхъя гэвэл дөт зам байгаа эсэх зэрэг жижиг зүйлсийг урьдчилан тооцоолох хэрэгтэй шүү. Ингэснээр цагийн төлөвлөлт сайтай ажилтан байх болно.
Хамтран ажиллагсдынхаа талаар судлаарай. Ерөнхий мэдээлэл буюу нэр, албан тушаал, ажилласан жил зэргийг нь мэдэж байвал давуу талтай.
Танилцуулга бэлдээрэй. Ажлын эхний өдөр учраас өөрийгөө танилцуулах нь зүйн хэрэг. Анхны сэтгэгдлийг хэрхэн төрүүлэх вэ гэдэг чухал болохоор гацаж түгдрэлгүй, товч тодорхой танилцуулга бэлтгээрэй.
Үргэлж асуухад бэлэн бай. Бусдынхаа хэлсэн бүх зүйлийг анхааралтай сонсож, шаардлагатай бол өөрийн сониуч зан, суралцах хүсэл эрмэлзлээ харуулахын тулд бэлэн асуулттай байх хэрэгтэй. Санал болгох асуултууд.
Өдрийн хоолны талаар бүү мартаарай. Гадуур хооллох уу, гэрээсээ хоол бэлдэж авч ирэх үү гэдэг нь таны сонголт. Гэхдээ анхны өдөр ажлынхаа хэн нэгнийг өдрийн хоолонд урьж ажилтайгаа илүү хурдан танилцаж болох юм.
Хэзээ ч мартаж болохгүй эд зүйлс:
Өврийн дэвтэр, бал
Усны сав эсвэл аяга
Нойтон, хуурай салфетка
Амны гаа
Халбага, сэрээ
Зүү утас
Гар ариутгагч
Уншвартай нийтлэлүүд
Олон улсын гал сөнөөгчдийн өдөрт зориулан ийм нэгэн эгэл даруу баатрыг онцолсон билээ. Дундаршгүй ач гавьяатай хүмүүс…
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн хөрөнгө оруулалтын багц эрчүүдийнхээс 1.8 хувиар илүү өгөөж хүртсэн гэнэ.
Хувийн санхүү: Нэмэлт орлого олох аргууд III хэсэг
Ажил карьер: Ажлын талбарт өргөн хэрэглэгддэг цахим платформууд
Ийнхүү өнөөдрийн товхимол өндөрлөж байна. Эрхэм уншигч танд хувийн санхүү болоод ажил карьертай холбоотой мэдэхийг хүсэж байгаа зүйл байвал бидэнд хариу шуудан илгээж, санал хүсэлтээ хуваалцаарай. Пүрэв гарагт хүрдэг амралт, чөлөөт цагт зориулсан дугаараараа эргэн уулзъя.