Unread Monday #13
“Эхлээд шаардлагатай зүйлээ хий. Дараа нь боломжтойг нь хий. Нэг л мэдэхэд та боломжгүй гэсэн зүйлээ хийж байх болно.”
- Francesco d'Assisi
Шинэ долоо хоногийн мэнд. Намрын сэрүү орсон нь мэдэгдэж өглөө оройдоо бага зэрэг сэрүүхэн байх боллоо. Тиймээс уншигч та бүхэн хувцсаа тохируулан өмсөж, дархлаагаа сайн дэмжээрэй. Өнөө цагт эрүүл мэндээ хайрладаг хүн хамгийн “cool” нэгэн шүү! 😁
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Ажил карьер: Ятгах тусам нягталъя 🧐
Бизнес санхүү: Цахим шаг 🤔
Бид өдөр тутам өөрсдийгөө мэдээ мэдээллээр цэнэглэж байдаг. Хүний мэдэх хэрэгцээ хязгааргүй, мэдээллийн эх сурвалж ч тоймгүй олон. Тэр хэрээр төрөл бүрийн мэдээллийн хэрэгслээс өөрт хэрэгтэйгээ олж уншина гэдэг чухал бөгөөд амаргүй. Тэр дундаа сэтгүүлч миний хувьд эх сурвалжаа зөв сонгох, хаанаас ямар мэдээлэл олж уншихаа мэддэг байх нь тун чухал бөгөөд түүнийгээ нягталж занших нь зайлшгүй нэгэн үүрэг. Иймд энэ удаагийн дугаартаа мэдээллийн эх сурвалжаа хэрхэн сонгох талаар танилцуулъя.
Заавал “томчууд” байх хэрэгтэй юу?
Хүн бүрийн сайн мэдэх “The New York Times, The Guardian, The Washington Post, BBC, CNN…” зэрэг “томчуудыг” заавал эх сурвалжаараа сонгох хэрэгтэй гэж үү? Миний хувьд дээрх эх сурвалжууд нь зайлшгүй сонголт биш ч байж болно гэж бодож байна. Яагаад гэвэл эдгээр вэбсайтад өдөрт хэдэн зуун мэдээлэл минут тутам шинэчлэгдэн хүрч байдаг. Тэр бүрийг өөр сэтгүүлч өөрийн өнцгөөс бичиж таарна шүү дээ. Тэгэхээр хэтэрхий их мэдээлэл дундаас өөрийн хайж буйг олоход бэрхшээлтэй болно гэсэн үг. Харин үүний оронд таны сонирхож буй сэдвийн талаар хэн гэдэг сэтгүүлч, нийтлэлч хэрэгтэй зүйлс бичиж байгааг олж мэдээрэй. Тэгвэл мэдээлэл авахад хавьгүй хялбар байх болно.
Сошиал хуудсууд
Зав чөлөөгүй амьдралын хэв маяг бидний унших, мэдэх цаг хугацаанаас улам л хугасалсаар байна. Тэгэхээр богино хугацаанд мэдээлэл олж авахад суралцах цаг иржээ. Миний хувьд үндсэн вэбсайт руу нь шууд орох бус инстаграм хуудсуудыг нь дагаж, цаг зав гарсан үедээ гүйлгэж хардаг. Давуу тал нь тухайн контент үнэхээр сонирхолтой, хэрэгтэй эсэхийг цөөн өгүүлбэрээр надад хэлж өгдөгт байгаа юм. Дэлхий дахинд болж буй ерөнхий мэдээллийг CNN, олны танил алдартнаас энгийн нэгний тухай сонирхолтой хүүрнэлийг People Magazine, загвар болон энтертайнмэнт мэдээллийг South China Morning Post - Lifestyle зэрэг инстаграм хуудсаас авдаг. Сүүлийн үед “reels” бичлэгүүдээр ч өгөөжтэй мэдээлэл хүргэх болсон нь давуу талтай санагдаж байгаа. Та ч бас өөрийн сонирхсон сэдвийн хүрээнд сошиал хуудсуудын жагсаалт гаргаарай. 😉
Цахим товхимол
“Newsletter” буюу имэйл товхимол нь сүүлийн үед залуу мэргэжилтнүүдийн хувьд мэдээллийн гол эх сурвалж болж, медиа хэрэгслүүд ч ээлж дараалан өөрсдийн гэсэн товхимолтой болж байна. Мэдээж тэдний нэг нь яг одоо таны уншиж буй “Unread newsletter” шүү дээ. Яагаад цахим товхимол гэж?
- Зөвхөн өөрийн сонирхох мэдээллийг сонгож авна.
- Тогтмол хугацаанд таны имэйлд ирэх учраас цаг алдахгүй уншина
- Бичээчтэй нь шууд холбогдох боломжтой. Ташрамд дурдахад манай товхимолтой холбоотой санал хүсэлтээ majigaa@unread.today цахим хаяг руу илгээгээрэй. 😊
Сүүлийн үед хүргэлтийн үйлчилгээний хөгжил дэвшил, завгүй амьдралын хэв маягаас үүдэн хүмүүс уламжлалт аргаар дэлгүүр орохоос илүүтэй онлайнаар худалдан авалт хийж, цаг хэмнэх болжээ.
Цахим худалдаа, арилжаа нь интернэтэд суурилдаг учраас хэн ч хийж болохуйц бизнес болсны зэрэгцээ танаас шалтгаалах эрсдэл үүсэхгүй л бол ямар ч алдагдалгүйгээр гар утсаараа мөнгө олох боломжтой гэсэн үг.
Онлайн худалдаа гэж яг юу хэлээд байгаа билээ? 🤔
Онлайн худалдаа гэдэг нь газар зүйн байршлаас үл хамаарах цэвэр интернэтэд суурилан бараа үйлчилгээ худалдах, худалдан авах үйл явцыг хэлж байгаа юм.
Энэ нь дараах үндсэн хоёр төрөлтэй.
Бизнесээс хэрэглэгчид чиглэсэн (B2C)
Бизнесээс компанид чиглэсэн (B2B)
Их сургуульд байхад манай ангийн найз онлайн дэлгүүртэй байсан юм. Хичээлийнхээ хажуугаар нэмэлт орлоготой болохын тулд хийж байсан бизнес нь өнөөдөр ийм болтлоо өргөжнө гэж бодоогүй гэдэг. Тиймээс түүний туршлага дээр үндэслэн онлайн худалдаа эрхлэх тал дээр хэдэн зөвлөгөө өгье.
Зах зээлээ судлах
Сошиал дээр юу болж байна, Марвелийн ямар кино хүмүүсийн анхаарлын төвд байна, эргэн тойрны чинь хүмүүс юу сонирхож байна вэ гэдгийг нухацтай ажиглаж, тэдний сонирхолд нийцүүлэн борлуулах боломжтой.
Чимх санхүүгийн мэдлэг
Худалдаа борлуулалт л болсон хойно та заавал мөнгөтэй харьцах шаардлагатай нүүр тулах болно. Тиймээс орлого зарлагаа тооцох хэмжээний санхүүгийн мэдлэгтэй болохыг зөвлөж байна.
Бүтээгдэхүүнээ сурталчлах
Онлайн худалдааны нэгэн сул тал нь аливаа бүтээгдэхүүнийг хүрэх, амтлах, үнэрлэх мэдрэмжээр худалдан авах боломжгүй буюу зөвхөн харах мэдрэмжээр худалдан авдагт байдаг. Харин та энэхүү сул талыг тухайн бүтээгдэхүүнээ сайхан харагдуулснаар багасгах боломжтой. Өөрөөр хэлбэл, хэрхэн худалдан авагчийн нүдийг булааж, сэтгэлийг татан “царайлаг” болгох вэ гэдэгт анхаараарай.
Ойлгомжтой байх
Зарим нэг зар дээр “Үнэ нь хэд вэ? , Яаж захиалах вэ?” гэсэн асуулт маш олон харагддагийг та мэдэх байх. Энэ нь хэрэглэгчийн тухайн бараанд татагдсан байгаа анхаарлыг сулрахад нөлөө үзүүлдэг. Хэрэглэгч үнэ хэд вэ гэж асуугаад таныг хариу өгтөл ахиж тэр бүтээгдэхүүний талаар эргэн бодохгүй байх өндөр магадлалтай. Тиймээс үнэ, брэнд, хэрхэн захиалах болон төлбөр тооцооны талаар ойлгомжтой тайлбар бичээрэй.
Хүргэлт
Та хувьдаа машинтай бас цаг завтай бол өөрөө хүргэлтээ хийж болно. Харин байхгүй бол хүргэлтийн компанитай гэрээ хийх хэрэг гарна. Хүргэлтийн компаниа сонгох нь бараг заяаны ханиа сонгохоос ч хэцүү гэж найз маань хэлж байсан юм. Учир нь хүргэлтийн компани бүр үнэ болон үйлчилгээний хувьд харилцан адилгүй ба хэрэглэгчийн сэтгэл ханамжийн асуудал яригдах тул маш хариуцлагатай хүнд даатгах хэрэгтэй шүү. 😉
УНШВАРТАЙ НИЙТЛЭЛҮҮД
Сүүлийн үед орон зайн хувьд тусгаарлагдсан хэдий ч дэвшилтэт технологийн ачаар сургалтын чанар, оюутан сурагчдын оролцоог нэмэгдүүлэх бүтээлч шийдэл, санаачилгууд шил дараалан хэрэгжсээр байна. Unread ээлжит нийтлэлдээ метаверс ертөнцөд виртуал кампус байгуулж, анги танхим, сургалтын хөтөлбөрөө хөгжүүлж буй их сургуулиудын жишээг танилцуулав.
Ердөө 24 настайдаа буюу 2012 онд “The Dream Collective” компанийг байгуулсан Сара Лиуг энэ удаагийн зочноороо онцолсон юм. Тэрээр өнөөг хүртэл 7000 гаруй эмэгтэйн карьерыг өөрчлөхөд чухал нөлөө үзүүлж, Google, Swarovski, Adidas тэргүүтэй 100 гаруй байгууллагатай хамтран ажиллаж буй.
Энэхүү ном танд унтлагын өрөөндөө гэнэтхэн тачаангуй нэгэн болон хувирах ид шидийн гэмээр аргыг бус харин сэтгэл зүйдээ яаж зөв зүйтэй гүнзгий өөрчлөлт хийж болохыг хэлж өгөх болно. 🤫
Энэ хүрээд өнөөдрийн товхимол маань өндөрлөж байна. Ирэх даваа гарагт ээлжит зөвлөмжүүдээрээ уулзъя.