Вүү хүү, шинэ он гарчихлаа шүү дээ!
Сайн уу 2022 он минь. Чамтай танилцахад таатай байна.
Хэдийгээр хүн бүхэнд догдлол их байгаа ч амьдрал санаснаар байдаггүйг өнгөрсөн хоёр жилээс бид харлаа. Тиймээс үнэндээ хэтэрхий ихийг хүсмээргүй байна. Өндөр хүлээлт хүнийг бас аз жаргалгүй болгодог хойно. Арай зөөлөн, арай ээлтэй он байгаасай гэж хүснэм. Хамгийн гол нь та бид эрүүл байх хэрэгтэй. Бусад нь тэгээд болж л таараа даа.
Ингээд хамтдаа 52 долоо хоногийн аялалдаа гарч, эхний товхимлоо хүргэе.
#ШИЙРИЙ ХИЙВ
Уундаагийн тойм 2022 онд биднийг юу хүлээж байгаа талаар өгүүлжээ.
👉Нийгэм: Ковидтой гурав дахь жил
👉Технологоги: Метад шумбах жил
👉Шинжлэх ухаан: Өнгөрсөн рүү өнгийх жил
👉Спорт: Бойкоттой олимпын жил
👉Энтэртэйнмент: Их нэгдлийн жил
Эдгээрийн дэлгэрэнгүй болон бусад сонирхолтой таамгийг ЭНД дарж уншина уу.
🎨“Body painting”-ийн дэлхийн аваргатай боллоо
2021 оны аравдугаар сард Франц улсад зохион байгуулагдсан "OMC Hair world 2021" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүнг мөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр танилцуулжээ. Монголоос нийт 30 гаруй баг, тамирчин оролцсоноос “Body painting” төрөлд нүүр будалтын артист Л.Чимэддулам аваргын шагнал хүртсэн юм. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
#ТОВЧХОНТОО (Товчхон + Тоо)
61-р байр: Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2021”-ийг танилцууллаа. Швейцарь улс тавь дахь жилдээ тэргүүн байранд эрэмбэлэгдсэн бол манай улс нийт 64 улсаас 61-р байранд бичигджээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад хоёр байраар урагшилсан үзүүлэлт аж.
V/31: Энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцах гэнэ.
278 сая хүн: Коронавирус гарснаас хойш дэлхийн хэмжээнд 278 сая хүн өвчилж, 5.5 сая хүн нас баржээ. Харин ДЭМБ-аас 2022 онд уг өвчнийг бүрэн зогсоох зорилт тавьж буй бөгөөд үүний тулд вакцинжуулалтын ялгаатай байдлыг арилган, хүн амын 70 хувийг вакцинд хамруулах шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.
#MAKE IT UNREAD
Мэдүүштэй – Атаархлын жагсаалт
Unread Media уламжлал ёсоор атаархлын жагсаалтаа танилцуулав. Энэ өнцгийг түрүүлээд олоод харчих нь яав аа, үнэхээр л явж хийсэн материал юм даа гэж бодогдуулсан, цагаан атаа төрүүлсэн олон арван агуулгыг өнгөрсөн 12 сарын турш салбарынхан маань бүтээжээ. Жагсаалтын дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Өртөөлөгчид – М.Одгэрэл - Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ жигүүрлэгч
“Өртөөлөгчид” хөрөг-цувралын оны эцсийн зочин “Нано интернэйшнл” ХХК-ийн гоо, ахуйн бизнесийн захирал М.Одгэрэл байв. Эрч хүчээр гэрэлтсэн алаг нүд, тод цэгцтэй яриа, багтаж ядсан баялаг түүхтэй түүнтэй ЭНДЭЭС танилцаарай.
#АВДРЫН ЁРООЛООС
Unread Guide: Шинэ жилийн зорилтыг хэрхэн үр дүнтэй тавих вэ?
Нэгэн он улирч нөгөө он ирэхэд хүн бүр л дор бүрнээ өнгөрч буй жил юу хийж бүтээснээ дүгнэж, гарч буй жилд юу юу хийж бүтээхээ төлөвлөдөг билээ. Угаас, он цагийн шинэ тоолол эхлэхэд урдаа зорилт тавьж, түүндээ хүрч чадна гэсэн итгэл үнэмшилтэй болдог нь хүний сэтгэлзүйн онцлог. Сэтгэлзүй эерэг, хүчтэй, дэврүүн байгаа энэ үеийг ашиглан амьдралаа өөрчлөх алхмуудыг төлөвлөж, эхлүүлэх хэрэгтэй.
Өнгөрсөн оноо цаг гарган дүгнэ
Үнэхээр шинэ жилийн зорилт тавьж, түүндээ хүрье гэж байгаа бол та цаг гаргах ёстой.Шинэ жилийн зорилт тавихыг ерөөсөө нэг төсөл гэж бодчих. Төсөл амжилттай хэрэгжүүлэхийн тулд эхлээд одоогийн нөхцөл байдлаа дүгнэж, нөөц бололцоогоо тооцоолон зорилтоо дэвшүүлдэг шүү дээ. Өндөр бүтээмжтэй зарим хүмүүс энэ үйл явцыг "Шинэ жилийн зорилт" ч гэж нэрлэдэггүй бөгөөд Annual Review буюу "Оны тойм" хэмээн нэрийдэж, өнгөрсөн жил юу хийж бүтээсэн, юу сурснаа дэлгэрэнгүй дүгнэдэг аж. Бодоод үзэхээр, ирэх оны зорилтоо гаргах гол суурь нь одоо ямар нөхцөлд байгаагаа дүгнэж цэгнэх явдал юм байна.
Ирэх жилээ түлхүүр үгээр тодорхойл
Шинэ онд хэдэн ч зорилт тавьж болно л доо. Гэхдээ хэт олон зорилт тавибал биелэх магадлал багасахыг сануулах юун. Харин тухайн жилийн хамгийн гол зүйлээ, ерөнхий зорилгоо өөртөө байнга сануулахын тулд тухайн жилээ түлхүүр үгээр тодорхойлбол үр дүнтэй байж магад. "Санхүүгийн сахилга батаа нэмэгдүүлэх жил", "Биеэ маш сайн чийрэгжүүлэх жил", "Харилцаа холбоогоо өргөтгөх жил" гэх мэтээр юу ч байж болно шүү дээ.
Биелүүлж болохуйц, хугацаатай, хэмжихүйц зорилт тавь
Хүмүүсийн хамгийн их алддаг зүйл бол сэтгэл хөдлөлдөө автаад хэтэрхий хэцүү, хэтэрхий ерөнхий зорилт тавьчихдаг. Тиймээс аль болох энгийн, хэрэгжүүлж чадах зорилт тавиарай.
Хугацаа! Зорилтыг зорилт болгодог зүйл нь биелүүлэх хугацаа юм. Тухайн жил дотроо хэрэгжүүлнэ гэвэл дэндүү бүдэг бадаг, өөрийгөө хуурсан зүйл болчихно. Тиймээс энэ зорилтыг 10 сарын 1 гэхэд хийж хэрэгжүүлсэн байна гэх зэргээр эцэсцэгийг (deadline) тавьж өгөөрэй.
Хэмж! Төслийг яаж хэрэгжүүлдэг билээ? Төлөвлөгөө болоод биелэлтийг нь тоогоор л илэрхийлдэг шүү дээ. Хэдийгээр бүх зорилтыг тоогоор нарийн хэмжихэд хэцүү байж болох ч "Жин хасах" гэх мэтийн зорилтуудыг нарийн тоолж бүртгэхгүй л бол бүтэхгүй.
Явцаа хяна
Төсөл яаж амжилттай хэрэгждэг вэ? Зорилт яаж биелдэг вэ? Явц дунд хяналт тавьж байж л тэр шүү дээ. Явцын дунд тавьсан зорилтуудаа хянаж, юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг цэгнэдэггүй бол ерөөс анхнаасаа зорилт тавиад хэрэггүй.
Хуваалц, дэмжлэг ав
Бусадтай хуваалцах нь, ижил зорилготой хүмүүсийг олох нь зорилтоо биелүүлэх хөшүүрэг болдог. Магадгүй та дотнын найзуудтайгаа зорилтуудаа хуваалцаж, бие биедээ харилцан туслалцах ам өгсөн ч болно шүү дээ. Биелэлт боломжийн байвал өөрийгөө бас урамшуул. Яаж, юугаар урамшуулахаа ч эртхэн тодорхойлоорой.
Үргэлжлүүлсээр бай
Юм гэдэг тийм хялбар биш. Тавьсан зорилтдоо хүрэхгүй байх, бүтэлгүйтэх тохиолдол бидэнд зөндөө л гардаг. Англи хэлээ өдөр тутам үзэх зорилтоо та 14 хоног ч тасалдуулж мэднэ. Гагцхүү ихэнх хүмүүс шиг тэр чигт нь л бүү орхиорой. 14 хоногийн дараа ч гэсэн, "Энэ арай дэндэнэ ээ, одоо хийж эхэлье" гэж хэлдэг, тэгээд хийдэг байх нь хамгийн чухал.
#ЦАЙ УУХ ЗУУР
Цайны цагаараа үзэж сонирхох контентуудыг санал болгоё.
🎥Үзэх: Unread багийн шинэ жилийн мэндчилгээ
Юун түрүүнд эрхэм уншигч танд шинэ оны мэнд дэвшүүлж ЭНЭ бичлэгийг сонирхуулъя. Үргэлж Unread Media-г шимтэн уншиж, итгэл хүлээлгэдэг та бүхэндээ талархлаа.
🕯Хариулах: “Хонгинуур” гэж ямар утгатай үг вэ?
А. Хоосон Б. Дуутай В. Холын Г. Чимээгүй
Зөв хариултыг товхимлын төгсгөлд дэлгэв.
🎧Сонсох: Avicii – Feeling good
Энэ дууны олон хувилбар дундаас хамгийн их таалагдсанаа хуваалцаж байна.
“It’s a new dawn
It’s a new day
It’s a new life for me
And I’m feeling good”
📺Танилцах: TenGer телевиз
Монголын хэвлэл мэдээллийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг бодлого бүхий шинэ телевиз мэндэллээ. Тус телевиз 12 сарын 31-ий орой анхны эфирээ “Буухиа” хэмээх маш сонирхолтой ярилцлагын контентоор нээсэн юм. Та бүхэн үзэж амжаагүй бол “Буухиа”-г өдөр бүр давтаж буй юм билээ шүү.
Ингээд өнөөдрийн шуудан өндөрлөж байна. 2022 оны адал явдалдаа тавтай морил. Хором мөч бүрийг мэдэрч, хоног өдөр бүрийг жаргаж өнгөрөөнө шүү хэдүүлээ. “Өрөмтэй талх”-аа ч бид үргэлж өег байлгахыг хичээх болно. Дараагийн товхимлоороо эргэн уулзъя!