Өглөөний мэнд!
2022 оны гуравдугаар сарын сүүлчийн долоо хоног эхэлж байна. Шинэ оны дөрөвний нэгтэй тэнцэх хугацаа хэдийн өнгөрч, жилийн эхэнд хийхээр төлөвлөсөн зүйлсээ хэр ахицтай биелүүлж яваагаа эргэн харахад тохиромжтой үе иржээ. Урин хаврын дулаан өдрүүдийг эрч хүчтэй угтаарай.
Ингээд өнөөдрийн товхимолдоо тавтай морил.
#ШИЙРИЙ ХИЙВ
💡 Цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлт дуусаж байна
Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд тэглэх шийдвэр гарсан. Тэгвэл энэ хөнгөлөлт ирэх сарын 1-нд дуусах аж. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
🎞️ Худалдагч охин ба шилдэг эмэгтэй гол дүр
17 дахь удаагийн Осакагийн (Оскар биш шүү) кино фестивальд 31 орны 954 кино бүтээл өрсөлдсөнөөс манай улсын найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны кино “Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн шагналыг хүртжээ. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
📄 Элсэлтийн ерөнхий шалгалтын тухай
Энэ жилийн тухайд элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл их дээд сургуульд элсэгчдээс ирэх сарын 2-нд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал авах бөгөөд босго оноог 400 байхаар тогтоожээ. Харин ЭЕШ-ыг зургадугаар сарын 22-25-ны хооронд зохион байгуулах юм. Шалгалтын агуулгын тухайд хөнгөрүүлэх боломжгүй бөгөөд цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлыг бууруулж, нэгдүгээр улирлын хичээл бүтэн танхимаар орсон учраас хоцрогдсон агуулгыг нөхөх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
#ТОВЧХОНТОО (Товчхондоо + Тоо)
9 хувь: Мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9 хувь болгох шийдвэр гарсан болохыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.
80 мянга: Улаанбаатар хотод жилд 80 мянга орчим иргэн хөдөө орон нутгаас нүүж ирж байна. Үүнийг жишээгээр харьцуулан үзвэл нэг жилд дунджаар Ховд аймгийн нийт иргэнтэй тэнцэх хэмжээний хүн нийслэл хотыг зорьдог аж.
3.8 сая: Улсын хэмжээнд 27.9 сая толгой эх мал төллөхөөс энэ сарын 25-ны байдлаар 3.8 сая толгой эх мал төллөжээ.
480: Энэ онд ерөнхий боловсролын сургуулийг 33,058 сурагч төгсөж байгаа ба элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 480 байхаар тогтоожээ.
#MAKE IT UNREAD
Techworm – "DevSummit 2022: Into the Metaverse" арга хэмжээг дэлгэрэнгүй тоймлох нь
Монголын дараагийн үеийн олон шилдэг хөгжүүлэгч, инженерийг танилцуулах хамгийн том талбар болсон "DevSummit 2022" арга хэмжээ хэрхэн явагдсан тухай дэлгэрэнгүй тоймыг ЭНДЭЭС уншаарай.
Тайлбарлах нь – Согтууруулах ундаа
Ээлжит дугаартаа бид энэ жилийн эр цэргийн баярын өдрөөр төв талбай дээр золионд явах дөхсөн 2000 "нийгмийн дайсан" буюу согтууруулах ундааг шинжлэх ухаанч байдлаар дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээлээ. Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншаарай.
Аравт – Пянз цуглуулагч @nachinsnjrgl
Энэ удаа бид “тансаг” цуглуулгатай нэгэн эрхмийг онцолсон билээ. Түүнд “Хонх” хамтлаг, дуучин Б.Сарантуяа, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн пянз бүхий “ховрын бараа” олон байдаг аж. С.Начингийн цуглуулгыг ЭНД дарж үзээрэй.
#АВДРЫН ЁРООЛООС
Төлөвлөгч дэвтрээ үр дүнтэй хөтлөх нь: Бужо аргачлал гэж юу вэ?
Бужо аргачлал гэж юу вэ?
Дэвтэртээ хувийн амьдрал, ажил карьераа үр дүнтэй хөтлөх уг системчилсэн аргыг дизайнер Райдер Кэролл хэрэглэгчдэд 2013 онд танилцуулсан юм. Тэрээр бужог “Өнгөрснийг тэмдэглэж, өнөөдрөө зохион байгуулж, ирээдүйгээ төлөвлөх аналог систем” хэмээн тайлбарлажээ.
Хэрхэн үр дүнтэй хөтлөх вэ?
Өөрт тохирсон аргыг олж, тодорхой үр дүнд хүртэл тууштай байж, дадал тогтоох явдал. Нэг удаа ажлуудаа жагсааж бичээд л зохион байгуулалтад орчихгүйг ойлгох хэрэгтэй. Тиймээс бужо хөтөлж эхлэхээр шийдсэн бол тууштай бөгөөд идэвхтэй байхыг нэн тэргүүнд зөвлөе.
Дэвтрийн хэмжээ, хуудасны зохион байгуулалт, дэвтрийн нуруу, бичиж тэмдэглэхэд хялбар байдал зэргийг сайтар харж сонголтоо хийгээрэй.
Эхний удаа хөтөлж буй тохиолдолд хуудас бүрийн төлөвлөлтийн загварыг богино хугацаагаар гарга. Ингэснээр сар бүр шинэ загвар, хэлбэрийг турших боломжтой болох бөгөөд олныг турших тусам өөрт хамгийн үр дүнтэйгээ сонгоход хялбар болно.
Төлөвлөх болон хэмжих, хянах шаардлагатай байгаа бүх зүйлсээ дэвтэртээ нарийн тусгаж өг. Бужо хэрэглэгчид тухайн өдөр унтсан цаг, сошиалд өнгөрүүлсэн цаг, сэтгэл зүйн төлөв байдал, өдөрт үрсэн мөнгөний хэмжээ, дасгал хийсэн хугацаа, хичээл хийсэн бол ямар чадвар дээр түлхүү төвлөрч ажилласнаа тэмдэглэдэг.
Бужо бол маш бүтээлч талбар. Магадгүй та өмнө нь хэн нэгний хөтөлж буй бужог харж байгаагүй бол дээр дурдсан мэдээлэл бүрийг тэмдэглэх нь төвөгтэй, уйтгартай санагдаж болох юм. Гэхдээ судлаад үзээрэй. Хамгийн төвөгтэй зүйлсийг хамгийн хөгжилтэйгээр хийх боломж их бий.
#ЦАЙ УУХ ЗУУР
Цайны цагаар үзэж сонирхох контентуудыг санал болгож байна.
🕯️ Хариулах: “Гирвэгэн” гэж ямар утгатай үг вэ?
А. Гашуун Б.Ичимтгий В. Ирвэгэр Г. Гэнэн
🎧 Сонсох: EVISBEATS & Nagipan / Can you see it feat. J.Lamotta Suzume
Өглөө оройдоо сэрүүхэн, өдрийн цагаар дулаахан энэ долоо хоногийн цаг агаартай төгс зохицох дууг санал болгож байна.
🔢 Мэдэх: Улсын эмнэлэгт цаг авах утасны дугаарууд
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай үед улсын бүх эмнэлэгтэй урьдчилан холбогдож, цахим дугаар авах боломжтой боллоо. Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
🎞️ Санал болгох: Pachinko
Энэ сарын 25-нд үзэгчдийн хүртээл болсон цувралыг санал болгож байна. New York Times-ын шилдэг борлуулалттай романаас сэдэвлэн бүтээсэн уг цувралд БНСУ-аас Америк руу цагаачлан ирж буй гэр бүлийн дөрвөн үеийн түүхийг өгүүлэх аж.
🏆 Унших: Оскар 2022 таамаглалууд
98 дахь удаагийн Оскарын наадам өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тэгвэл аль төрөлд, ямар жүжигчин, уран бүтээл шагнал хүртэх магадлалтайг ЭНД дарж уншаарай.
Энэ хүрээд өнөөдрийнхөө товхимлыг өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзатлаа түр баяртай.