Даунтай сахиусан тэнгэр, 2 удаагийн ЭЕШ, Хамгийн чимээгүй эрхтэн
ТОК ТОК! Шинэхэн "Өрөмтэй талх" ирлээ 🤗
Өглөөний мэнд ✨
Дуртай дуугаа сонсоод, дулаахан цаг агаарт алхах ч янзтай шүү. Өнөөдрөөс эхлээд хаврын урь орж, нар ээсэн өдрүүд наашилж байна. Зузаан хувцасаа нимгэлж, зөрөн өнгөрөх хүн бүр лүү мишээгээд шинэ долоо хоногоо эрч хүчтэй эхлүүлээрэй.
Ингээд өнөөдрийн товхимолдоо тавтай морил.
#ШИЙРИЙ ХИЙВ
Уундаагийн долоо хоногийн тоймоор сонин хачин юу байна?
❄ Өвлийн олимп минь баяртай!
24 дэх удаагийн өвлийн олимпын наадамд 91 орны 2871 тамирчин 7 спортын төрөлд 103 багц медалийн төлөө өрсөлдлөө. Олонхын таамаглаж байсанчлан багийн дүнгээр Норвегийн баг тэргүүлж, цана, биатлоны төрөлд ноёрхон нийт 37 медаль хүртсэн нь түүхэн дээд амжилт болов.
👼 Даунтай сахиусан тэнгэр
Victoria's Secret түүхэндээ анх удаа дауны синдромтой модельтой гэрээ хийлээ. Пуэрто Рикод төрсөн 24 настай С.Жирау уг брэндийн хамгийн сүүлд гаргасан "Love Cloud"-ийн нүүр царай болж байгаа аж.
Эдгээр болон бусад сонирхолтой мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
🦠 Цар тахал ба Монгол Улс
Халдварын тархалт буурч, вакцинжуулалтын ажил давгүй түвшинд хийгдэж байгаа тул Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрт үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа. Энэ хүрээнд хүнс худалдааны газар шөнийн 12 цаг, баар, ресторан, кафе гэсэн гурван төрлийн үйлчилгээний газар хэрэв зориулалтын байртай бол үүрийн 5 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй болж байна.
🌐 Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар ба QR
ЭМДЕГ-аас нийт даатгуулагч иргэддээ мэдээ мэдээллийг хялбар, шуурхай хүргэх зорилгоор QR түргэн хариу үзүүлэгч кодыг хэрэглээнд нэвтрүүлж, бүх төрлийн контентдоо байршуулж эхэллээ. Ухаалаг утасныхаа тусламжтайгаар QR кодыг уншуулахад ЭМДЕГ-ын байршил, вэблинк, шимтгэлийн дутуу төлөлтөө шалгах, шимтгэлээ төлөх зэрэг үйлчилгээг авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
🎶 Coachella ба The Hu
Дэлхийн хамгийн том хөгжмийн наадмын нэг Coachella энэ жил дөрөвдүгээр сарын 15-17 болон 22-24-ний өдрүүдэд болох гэж байна. Энэ удаагийн наадамд вакцины гэрчилгээ, маскны хэрэглээ шаардлагагүй бөгөөд вирусээс бус цөлийн тоосноос хамгаалах амны хаалт зүүхийг зөвлөж байгаа гэнэ. Манай улсыг төлөөлөн “The Hu” хамтлаг оролцох ба илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС.
#ТОВЧХОНТОО (Товчхондоо + Тоо)
2 удаа: ЭЕШ-ыг энэ жилээс хоёр удаа өгдөг байх зохицуулалтыг хийж байна. Энэ шийдвэр нь зургаадугаар сард авсан шалгалтын дүн нь хангалтгүй тохиолдолд арванхоёрдугаар сард ахиулах боломжийг өгч байгаа юм.
59 сургууль: Замын хэт их ачааллаас үүдэн Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулж, өнөөдрөөс хуваарийн дагуу хичээллэж байна. Жагсаалтыг ЭНДЭЭС.
100, 200, 300: Гэрт тань хэрэгцээгүй хүнсний зориулалттай шил бий бол тушаах боломжтой. 280 мл шил 100 төгрөг, 1.5 литрийн багтаамжтай шил 200 төгрөг бол үүнээс дээш хэмжээтэй хүнсний шилийг 300 төгрөгөөр худалдан авах аж. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС.
#MAKE IT UNREAD
Өртөөлөгчид – М.Энх-Амгалан - Үргэлж шинийг эрэлхийлэгч
“Diverse Solutions” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, “ArdMoney” төслийн удирдагч М.Энх-Амгалантай бид энэ удаад ярилцлаа. 21 настай түүний уналт, босолттой баялаг түүхийг ЭНДЭЭС уншаарай.
Номын тухай – Вилл Смитийн "WILL" номын тухай
Орчин цагийн хамгийн эрч хүчтэй, олонд танигдсан уран бүтээлч Вилл Смит хүмүүний амжилт, аз жаргал, харилцаа гурвын уялдан зохицох тэрхүү цэгийг олж мэдэхээр бэдэрсэн аян замаа эл номонд хэрхэн хүүрнэснийг ЭНЭ нийтлэлээр хүргэв.
Тайлбарлах нь – Хамгийн чимээгүй эрхтэн “умай”
Хүн төрөлхтөн төдийгөөс өдий хүртэл яагаад эрэгтэй, эмэгтэй хүйсэнд хуваагдан төрдөг байсны учрыг эцэст нь нэг юм 1905 онд X,Y хромосомын ачаар олж мэдсэн түүхтэй. Шинэ амьдрал бэлэглэгч эмэгтэй хүний нандин эрхтний талаарх бүх зүйлийг бид ЭЛ нийтлэлдээ тайлбарласан юм.
#АВДРЫН ЁРООЛООС
Номыг хэрхэн үр дүнтэй унших вэ?
Эргүүлсэн ном бүрээс үлдсэн сургамж, агуулгыг бусдад төвөггүй тайлбарлаж, амьдралдаа хэрэгжүүлж чаддаг уу? Эргэлзэж байвал эдгээр зөвлөмжид анхаарлаа хандуулна уу.
Зорилготой унш: Ном уншихаасаа өмнө яагаад уншиж байгаагаа тодорхой болгох нь мэдээллийг марталгүй ойлгож авахад туслах чухал бөгөөд эхний алхам юм. Ялангуяа амьдралд тань өрнөж буй үйл явдлуудтай холбогдох номыг сонгох нь зүйтэй.
Ямагт бусадтай хуваалц: Ямар ч мэдээллийг бусдад заах, хуваалцах бол түүнийг системтэй мэдлэг болгох энгийн, үр дүнтэй арга. Уншсан бүхнээ дараа нь бусадтай хуваалцана даа хэмээн сэтгэж, өөрийгөө багш мэт төсөөлснөөр бид номыг илүү гүн гүнзгий ойлгох гэж хичээдэг.
Мэдээллийг хооронд нь үргэлж холбо: Уншсанаа сайтар тогтоох шалгарсан аргуудын нэг бол түүнийг бусад мэдээлэлтэй холбон төсөөлөх юм. Ерөөс уншсан номынхоо хажууд бяцхан тэмдэглэл бичихэд л та үүнд хялбар хүрч чадна.
Дүрсжүүлэн төсөөл: Уншиж буй номынхоо тухай найзуудтайгаа ярилцаж байна, эсвэл ямар нэг зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж байгаагаар төсөөлөөд үзээрэй. Үр дүнгээ өгөх болно.
Олж авсан мэдлэгээ даруй хэрэгжүүл: Ямар ч номыг уншиж дуусгасныхаа дараа та өөрөөсөө "Энэ номоос амьдралдаа заавал хэрэгжүүлэх нэг зүйл юу вэ?" хэмээн асуугаарай. Ганцхан асуулт, ганцхан жижиг үйлдэл таны амьдралыг өөрчилнө.
#ЦАЙ УУХ ЗУУР
Цайны цагаар үзэж сонирхох контентуудыг санал болгоё.
✔ Хэрэгжүүлэх: “Өрөмтэй талх” таны цахим шуудангийн “Promotions” хэсэгт ирээд байвал яах вэ?
Манай товхимлын цөөнгүй уншигчдад дээрх асуудал тулгарч байна гэсний дагуу бяцхан заавар хүргүүлж байна. Даваа гарагийн өглөө бүр “Өрөмтэй талх”-аа цахим шуудангийнхаа үндсэн хэсгээс хүлээн авах тохиргоог хийгээрэй.
🎨 Unread Cartoon: #2
Хааяа нэг “эморч” хэвтэх үе байдаг л биз дээ?
🎧 Сонсох: Will Smith – Gettin' Jiggy Wit It
Арван хоёр настайгаасаа авга ахынхаа хип хоп хуурцгуудыг сонссоор реп хөгжимд эргэлт буцалтгүй донтсон Вилл Смитийн хуучин цагийн хит дуунаас санал болгоё.
📲 Дагах: Frenchkeeweejuice
Өмнөх товхимлуудынхаа нэгэнд эгэл амьдралын хэв маяг, ажлын арга барил, амттай хоол хийж буйгаа бичлэг болгон хүргэдэг Өмнөд Солонгосын ютүберийг санал болгож байсан. Тэгвэл энэ удаа агуулга ижил ч өөрийн гэсэн онцлог, мэдрэмжтэй монгол охины сувгийг санал болгоё. Түүний бичлэгийг үзэх бүрд тайван хийгээд тансаг мэдрэмж авдаг юм.
Энэ хүрээд өнөөдрийн товхимол өндөрлөж байна. Хэдийгээр цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан ч аюул хэзээд дэргэд байгааг бүү мартаарай. Ирэх долоо хоногт эргэн уулзацгаая.