Цастай өглөөний мэнд! ❄
Өнгөрсөн амралтын өдрөөр агаар салхинд гарч бие сэтгэлээ сайхан сэргээгээд ирлээ. Зав чөлөөгүй амьдралын хэмнэлээсээ завсар зай гаргаад өөртөө цаг гаргах хэрэгтэй гэсэн санааг шуудан бүрдээ шингээж буйг минь уншигч та анзаарсан байх гэж найдаж байна. Ойрд өвчлөл нэмэгдээд хэн хүнгүй айдастай байгаа ч сайхан цаг ирнэ гэсэн итгэлээ алдалгүй өөрийгөө болон хайртай дотнын нэгнээ хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөөрэй.
Ингээд өнөөдрийн товхимолдоо тавтай морил.
#ШИЙРИЙ ХИЙВ
Өнгөрсөн долоо хоногийн Уундаагийн тоймоос “шийрий” хийлээ.
💸Төлбөртэй аккаунт
Инстаграм төлбөртэй аккаунтын үйлчилгээ туршиж эхэллээ. Ингэснээр хэрэглэгчид сар бүр тогтмол төлбөр төлж, тухайн контент бүтээгчийн тусгай бичлэг, зураг, сториг үзэх боломжтой болно гэсэн үг. Төлбөр нь сарын 0.99-9.99 ам.долларын хооронд хэлбэлзэх ба контент бүтээгчид өөрсдөө үнээ тогтоох боломжтой гэнэ.
🪐Устай дагуул
Санчир гаргийн 82 дагуулын нэг Мимаст их хэмжээний ус оршин байж болзошгүй талаар одон орончид мэдээлэв. Тэд уг гаргийг геологийн хувьд "мөхсөн" эсэхийг тодорхойлох судалгаа хийж байхдаа ийнхүү 20 км орчмын зузаантай мөсөн давхаргыг илрүүлсэн байна.
Эдгээр болон бусад сонирхолтой мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
✔Шилдэг зуугийн НЭГ
“ESPN” спортын сувгаас жил бүр ахлах сургуулийн шилдэг сагсан бөмбөгийн тоглогчдыг нэрлэдэг. Тэгвэл энэ онд манай улсын тамирчин Ш.Энхийн-Од шилдэг 100 тоглогчийн нэгээр шалгарчээ. Тэр бол гавьяат тамирчин Шаравжамцын хүү бөгөөд энэ жил 20 нас хүрч байгаа юм. Сонирхуулахад, тэрээр АНУ-ын коллежийн дээд лигт тоглодог Дэйтоны их сургуульд тэтгэлэгтэй суралцах эрхээ аваад удаагүй байгаа билээ. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
♻Шилээ дахин амьдруулъя
Байгальд шингэхдээ хамгийн багадаа 1000 жил зарцуулдаг хог хаягдал болох шилийг АПУ компани онцгой үнээр худалдан авах аж. Шилийг ангилан ялгаж, байгальд шууд хаяхгүйгээр дахин ашигласнаар түүхий эд, орц найрлагад орох байгалийн нөөц баялгийг хэмнэх, шил шинээр үйлдвэрлэхээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэргээр нийгэм, эдийн засаг, байгаль экологийн олон давуу талыг бий болгох юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
#ТОВЧХОНТОО ( Товчхондоо + тоо )
26.4 тонн: Коронавируст халдварын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эд бүхий нийт 26.4 тонн ачааг БНХАУ-аас тусгай үүргийн нислэгээр хүлээн авлаа.
100 тэрбум: Хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг бүрдүүлэгч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынханд зориулан 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болжээ.
50 мянга: Коронавирусээр өвчлөн гэрээр эмчлэгдэж буй иргэдийн тоо өчигдрийн байдлаар 52,745 болсон байна.
#MAKE IT UNREAD
Блог – Яагаад бид DevSummit 2022-ийг хойшлуулах шийдвэр гаргав?
Энэ сарын 22-нд зохион байгуулагдах байсан "Хөгжүүлэгчдээс Хөгжүүлэгчдэд" уриатай DevSummit 2022 арга хэмжээг бид цар тахлаас сэргийлэх зорилгоор түр хойшлуулах амаргүй шийдвэрт хүрлээ. Харамсалтай бас хүнд шийдвэр байсан ч хамгийн зөв шийдвэр байсан гэдэгт итгэлтэй байна. Арга хэмжээ цаашид хэрхэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.
Онцлох – Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2021
Бид "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд"-ыг дөрөв дэх жилдээ нэрлэж байна. Уншигчдын хүсэн хүлээдэг уг жагсаалтдаа бид энэ удаа найман таатай оффисыг сонгон шалгаруулж текст, зураг, видео бүхий интерактив контентыг бэлтгэн хүргэсэн юм. ЭНД дарж жагсаалттай танилцана уу.
Апп тойм – Blindcare - Нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц
Techworm буландаа бид монгол залуусын хөгжүүлж буй "Blindcare" хэмээх нэрээ нууцлаад мэргэжилтнээс зөвлөгөө авах, сэтгэл зүйн тест бөглөж сургалтад хамрагдах боломжтой аппыг онцлон танилцуулсан юм. ЭНД дараад аппын талаарх мэдээллийг аваарай.
#АВДРЫН ЁРООЛООС
Амжилттай компани байгуулах нь #1: Компаниа хэрхэн бүртгүүлэх вэ?
Толгойд орж ирсэн санаагаа бодит болгож, түүгээрээ дамжуулан өөртөө болон нийгэмдээ хөрөнгө оруулан, үнэ цэнийг бий болгох хүсэл ихэнх хүний дотор бий. Харин үүнийг гүйцэлдүүлэх боломжийг компани олгодог. Хэдий компани байгуулах нь догь зүйл мэт боловч компанийг хууль ёсны дагуу авч явах, удирдах нь хариуцлага гэдгийг санууштай. Тэгвэл компаниа хэрхэн бүртгүүлж, албан ёсных болгох талаар танилцуулъя.
Судалгаа хийх
Хуулийн этгээд болохоор шийдсэн бол ямар хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаа сонгох хэрэгтэй. ХХК, ХК, ТББ, Хоршоо, Нөхөрлөл гээд хуулийн этгээдийн хэлбэрээс шалтгаалж шалгуур үзүүлэлтүүд нь харилцан адилгүй байдаг. Тэгэхээр зорилго, алсын хараа, үйл ажиллагааны онцлог, үүсгэн байгуулагчдын тоо зэргийг харгалзан үзээд хэлбэрээ сонгоорой. ХХК-ийг бол нэг хүн байгуулж болно.
Нэрийн олон хувилбартай байх
Компанийн нэрээ сонгохдоо нэлээд хэдэн хувилбартай байх, тэр дундаа дахин давтагдашгүй зохиомол нэрийн санаатай байх нь таны цагийг хэмнэнэ. Та УБЕГ-ын сайтаар компанийн боломжит нэрийг шалган, авах хүсэлтээ цахимаар өгөх боломжтой.
Түр данс нээлгүүлэх
УБЕГ-т нэрээ амжилттай бүртгүүлэн, баталгаажуулсны дараа компанийн түр дансыг аль ч банкин дээр нээлгүүлэх боломжтой. Компани дотоодын хөрөнгө оруулалттай, гадаадын хөрөнгө оруулалттай байх эсэхээс, валютын данс, төгрөгийн данс байх зэргээс хамаарч дансны доод үлдэгдлийн хэмжээ өөр байдаг.
Эдгээрээс эхлээд компаниа бүртгүүлэхэд шаардлагатай бүх мэдээллийг багтаасан нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
#ЦАЙ УУХ ЗУУР
Цайны цагаараа үзэж сонирхох контентуудыг санал болгоё.
🕯Хариулах: “Манамгай” гэж ямар утгатай үг вэ?
А. Ууртай Б. Манараа В. Хэрсүү Г. Гомдомтгой
Зөв хариултыг товхимлын төгсгөлд задлав.
💻Үзэх: “Буухиа” нэвтрүүлэг
ТэнГэр телевизийн анхны контент болж 2021 оны сүүлчийн өдөр олны хүртээл болсон “Буухиа” нэвтрүүлгийг үзэж амжаагүй бол ЭНД дарж үзээрэй. Содон зочдын сонирхолтой яриа таныг лав уйдаахгүй биз ээ.
🔆Сонирхох: Өглөөний 10 минутын иог
Олон цагаар суугаа ажил хийж, өөртөө тэр бүр дасгал хөдөлгөөн хийх цаг гаргаж амжихгүй яваа бол өглөө эртлэн босоод аравхан минутыг зарцуулаарай. Өдрийнхөө эрч хүчийг авах болно шүү.
🎧Сонсох: Anouca – Галт шувуу
Уйтгартай саарал тэнгэрт
Олон өнгөө цацруулаад
Өөрт байгаа бүх чадлаа
Далавчнууддаа зарцуулаад
Ганцхан тохиох амьдралаа
Мөрөөдлөөрөө замчлуулаад
Хэний ч хүрээгүй тэр оргилд
Хүрэн хүртлээ дүүлэн нис
Өнөөдрийн товхимол маань энд хүрээд дуусаж байна. Эхэлж буй долоо хоногоо эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.