Өдрийн мэнд! 🤗
Айл их хэсэж, алт мөнгө цуглуулаагүй ч сар шинийн баяр сайхан болж өнгөрлөө. Бар жил миний хувьд тун таатай эхэлсэн. Учир юу вэ гэвэл удаан хугацаанд завсарлага аваад байсан дуу хөгжмөө эргэн сөхөж, удтал хүлээсэн хүнтэйгээ уулзан учирч, дуртай сэдвээрээ нийтлэл бичингээ дуусгаж чадаагүй номынхоо сүүлийн хуудсыг эргүүлж амжсан юм. Энэ бүхний дүнд өнгөрсөн таван өдрийн амралтыг ихэд үр бүтээлтэй өнгөрүүлж, шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлж байна.
Ингээд өнөөдрийн товхимолдоо тавтай морил.
#ШИЙРИЙ ХИЙВ
Уундаагийн тоймоос “шийрий” хийлээ.
↘ Facebook-ийн үнэлгээ унав
Facebook-ийн толгой компани Meta-ийн улирлын тайлан зарлагдахтай зэрэгцэн компанийн үнэлгээ 26%-аар буурч, 230 тэрбум доллараар буурчээ. Энэ бол түүхэн дэх нэг өдрийн дотор үзүүлсэн хамгийн том уналт юм. Хэрэглэгчдийн тоо буурсан нь үүний гол шалтгаан бөгөөд 1.3 тэрбумаас 1.292 тэрбум болтлоо багасчээ.
🎤 Машины караоке
Tesla машин дотроо ашиглаж болох караоке микрофоныг борлуулж эхэллээ. Зөвхөн Хятадад зарагдаж буй уг микрофон 188 долларын үнэтэй бөгөөд Tesla-ийн дууны системтэй бүрэн нийцэж ажиллана гэнэ.
Эдгээр болон бусад сонирхолтой мэдээллийг түүний тоймоос дэлгэрүүлэн уншаарай.
💧 Худгийн халуун ус
Гэр хорооллын худгаас халуун ус авах боломжтой болжээ. Тодруулбал, Налайх дүүрэгт анхны худаг ажиллаж эхэлсэн ба худгаас шууд халуун ус авах техник, технологийн боломжит хувилбарыг монгол залуу инженерүүд хийсэн аж. Ажиллах зарчмын хувьд тодорхой хугацааны давтамжтайгаар нэг удаад 100 литр усыг автомат халаагчаар халаах гэнэ. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
❄ Олимпын эргэн тойронд
“Бээжин-2022” өвлийн олимп энэ сарын 4-ний өдөр эхэлсэн. 91 орны 3000 гаруй тамирчинд өрсөлдөх уг наадмаас онцлох тоон баримтуудыг танилцуулъя.
14 жилийн дараа Бээжин хот дахин Олимпын наадам зохион байгуулж байна
2019 оны гуравдугаар сараас наадмын бэлтгэл ажилдаа орсон
3.9 тэрбум ам.долларыг энэ удаагийн Олимпын зохион байгуулалтад зарцуулсан
2 тамирчин Монгол Улсыг төлөөлж оролцож байгаа нь гүйлтийн цанын төрөлд өрсөлдөх Б.Ачбадрах, А.Энхтуул нар юм
50 нас хүрэх гэж буй Клаудиа Пехштайн энэ наадамд оролцож буй хамгийн ахмад тамирчин
16 настай уран гулгагч Камила Валиева бол хамгийн залуу тамирчин
Ташрамд дуулгахад “Бээжин-2022” өвлийн олимпыг сурвалжлахаар “ТэнГэр” телевизийн баг БНХАУ-ыг зорьсон. Хэрэв та наадмын шууд дамжуулалтыг үзэхийг хүсвэл Univision 11, Skymedia 14, Ddish 16, Sansar 23, MNBC 15 дээр тус тус сувгаа тааруулаарай.
#ТОВЧХОНТОО (Товчхондоо + Тоо)
140 хүн: ҮСХ-ны мэдээлж буйгаар нэгдүгээр сарын 10-ны байдлаар манай улсад 100 ба түүнээс дээш насны 140 ахмад энх тунх амьдарч байна. Тэднээс 15 нь эрэгтэй, үлдсэн 125 нь эмэгтэйчүүд гэнэ.
15 хувь: Засгийн газрын хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авч буй тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэв. Ийнхүү тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоов.
6.1 тэрбум: Энэ сарын 4-ний өдөр нийгмийн халамжийн тэтгэвэр авагч 52,693 иргэн, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны 10,145 хүүхэд буюу нийт 62,838 иргэнд 6.1 тэрбум төгрөгийн нэмэгдлийг өглөө.
#MAKE IT UNREAD
Номын тухай – 2022 оноос хүлээх 30 шинэ ном
Бид жил бүр өнгөрсөн жилийн онцлох номуудыг нэрлэдэг билээ. Харин энэ удаа 2022 онд монгол хэвлэлийн газрууд ямар ном уншигчдадаа хүргэхээр бэлдэж буйг тоймлон хүргэв. ЭНД дарж жагсаалттай танилцана уу.
Өртөөлөгчид – М.Батболд - Амьд театрын төлөө амьдарч яваа хүн
Хөрөг нийтлэлийн өртөөнд маань саяхан “Гэм зэм” постдрамын жүжгээ амжилттай тавьсан найруулагч М.Батболд саатлаа. Түүний баялаг түүх, багтаж ядсан хүсэл эрмэлзлийг ЭНД дарж таалан болгоогтун.
Мэдүүштэй – К-драмаг тайлбарлах нь: Элсэн цагаас Squid game хүртэл
“Тайлбарлах нь” цувралдаа манай багийнхан Өмнөд Солонгосын олон ангит киноны хөгжлийн замнал, амжилтын нууцыг эрэлхийллээ. К-драма бол үзээд л өнгөрөх төдий өнгөц сэдэв биш агаад цаана нь улсын бодлого, нарийн стратеги, оролцогч талуудын хүчин чармайлт зэрэг цөөнгүй хүчин зүйл байдаг. Энэ талаар дэлгэрэнгүйг ЭЛ НИЙТЛЭЛЭЭС уншаарай.
#АВДРЫН ЁРООЛООС
Ажлын бүтээмжид хөгжим хэрхэн нөлөөлдөг вэ?
1. БАЙНГА ХИЙДЭГ АЖЛУУДЫГ ИЛҮҮ ХЯЛБАРЧИЛДАГ
Хөгжим бүтээмжид хэрхэн нөлөөлөх нь ихэвчлэн тухайн ажлыг хийхэд хэр бүтээлч байх шаардлагатайгаас хамаардаг. Applied Ergonomics сэтгүүлээс гаргасан судалгаанаас үзэхэд юу хийх нь тодорхой буюу байнга давтагддаг ажлаа хийх үед хөгжим сонсох нь эерэг нөлөөтэй байдаг аж.
2. ШУУГИАНТАЙ ОРЧИНД ӨӨРИЙГӨӨ ТУСГААРЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОДОГ
Чимээ шуугиан ихтэй оффис ажилчдын бүтээмжид хэзээ ч эерэгээр нөлөөлөхгүй нь баттай биз. Нэг дор олон хүн ажиллах нь багийн тоглолтыг сайжруулах ч гэлээ заримдаа төвлөрч суухад саад болдог нь нууц биш юм. Хэрвээ тэр орчноос өөр газар луу шилжих боломжгүй бол чихэвч магадгүй хамгийн зөв сонголт байж мэднэ.
3. БАЙГАЛИЙН ЧИМЭЭ НЬ БҮТЭЭМЖИД ХАМГИЙН ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛДӨГ
Ажил хийж байхдаа сонсдог хөгжмүүдээс хамгийн эерэг нөлөөтэй нь байгалийн дуу чимээ аж. Ялангуяа дунд зэргийн дуугаралттай буюу хэт сул, хэт чанга биш дуу нь бүтээмжийг дээшлүүлдэг байна.
4. ҮГТЭЙ ДУУ НЬ АНХААРАЛ ТӨВЛӨРӨХӨД СААД БОЛДОГ
Биеийн хүчний юм уу төвлөрч суух шаардлагагүй ажлуудад үгтэй дуу тохиромжтой. Харин анхаарлаа төвлөрүүлж суух шаардлагатай бол битгий сонгоорой. Судалгаагаар дуу чимээ дундаас хамгийн их ажил хийхэд саад болдог нь хүмүүсийн яриа гэдэг нь тогтоогдсон байна.
#ЦАЙ УУХ ЗУУР
Цайны цагаар үзэж сонирхох контентуудыг санал болгоё.
🕯 Хариулах: “Хагсмал” гэж ямар утгатай үг вэ?
А. Агсам Б. Танасан В. Гандсан Г. Хэвшсэн
🎧 Сонсох: The Beatles – Yesterday
1960-аад оны мэдрэмж авах уу?
Yesterday
Love was such an easy game to play
Now I need a place to hide away
Oh, I believe in yesterday
Why she had to go
I don't know, she wouldn't say
I said something wrong
Now I long for yesterday
🧐Унших: Валентинаар үзэх, турших, сонирхох 100 зүйл
Цагаан сар, “Валентин” хоёр энэ жил давхцалгүй та бидэнд бэлдэх хугацаа өгч байна. Долоо хоногийн дараа болох “Гэгээн хайрын баяр”-аар юу хийхээ хараахан шийдээгүй байгаа бол ЭНЭХҮҮ нийтлэлээс санаа аваарай. Амжилт хүсье!
📱Санал болгох: @autem.quotes
Монголын яруу найрагч, зохиолчдын уран бүтээлээс эшлэн хүргэдэг сошиал хуудсыг санал болгоё. Тухайн өдрийн тань өнгөтэй нийцэх мөртүүд олон бий.
Ийнхүү өнөөдрийн товхимлоо өндөрлөе. Нэг л мэдэхэд 2022 оны хоёрдугаар сар дунд үе рүүгээ орох гэж байна. Жилийн эхэнд тавьсан шинэ зорилго, зорилтуудаа эргэн нэг санаж, хаа яваагаа хараарай. Ирэх даваа гаргийн валентины баяраар шинэ товхимолтой уулзъя.