Шинэ долоо хоногийн мэнд!
Өнгөрсөн бямба гарагт Монголын мэдээллийн технологийнхон, хөгжүүлэгчдийн хамгийн том цугларалт, мөн миний оролцож ажилласан хамгийн том эвент “DevSummit 2022” зохион байгуулагдлаа. 1200 гаруй хүн хуран цуглаж, 42 сэдвээр 60 орчим илтгэгчид оролцсон энэхүү арга хэмжээний араас шинэ долоо хоногоо урам зоригтой эхлүүлж байгаадаа туйлын таатай санагдана. Уншигч таныг ч бас шинэ долоо хоногоо эрч хүчтэй эхлүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Ингээд өнөөдрийнхөө товхимолд тавтай морил.
#ШИЙРИЙ ХИЙВ
💸 Шинэ койн гаргахдаа юуг анхаарах вэ?
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн мөрдөж байгаа билээ. Энэхүү хууль нь зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу бирж, платформыг зохицуулах бөгөөд шилжилтийн үеийн зохицуулалтыг нарийн тусгажээ. Үүний дагуу хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш дөрвөн сарын дараа буюу ирэх зургаадугаар сарын 25-ны өдрөөс Санхүүгийн зохицуулах хороо Виртуал хөрөнгө үзүүлэгчийг бүртгэх аж. Харин одоо үйл ажиллагаа явуулж буй платформ биржүүд дээрх бүртгэл эхэлснээс хойш гурван сарын дотор бүртгүүлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, одоо үйл ажиллагаа явуулж буй платформ биржүүд есдүгээр сарын 26-ны дотор бүртгүүлэхийг хуульд тусгажээ. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
📢 Гамшгийн аюулын дохио дуугарна
Гуравдугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтыг зохион байгуулна. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж, дадлага сургуульд оролцох аж. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
#ТОВЧХОНТОО (Товчхондоо + Тоо)
1, 2, 3: Циркийн 60 гаруй уран бүтээлч нэгдсэн "Diamond Circus Show" тоглолт Монгол бөхийн өргөөнд дөрөвдүгээр сарын 1, 2, 3-нд болно. 90 гаруй минут үргэлжлэх энэ тоглолтод агаарын гимнастик, жонглёр, уран нугаралт, акробат, хэвлээр явагч, могой болон бусад амьтны үзүүлбэр зэрэг циркийн бүх төрөл багтжээ.
31: Нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт гамшгийн үед ашиглах 31 түр байр болон түр цугларах 111 байршил бий.
4.4 жил: Улаанбаатар хотын нэг иргэн өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдөр буюу нэг сарыг түгжрэлд өнгөрүүлж байна. Дундаж насыг 65 гэж тооцоход амьдралынхаа 4.4 жилийг замын хөдөлгөөний түгжрэлд өнгөрүүлж байна гэсэн үг.
#MAKE IT UNREAD
Номын тухай – Л.Өлзийтөгс - "салхины нэр Ө"
Яруу найрагч Лувсандоржийн Өлзийтөгсийн яруу найргийн төрлөөр туурвисан найм дахь бүтээл "салхины нэр Ө" номын тухай хүүрнэлээ.
“…Намайг үхчихээр, чамайг явчихаар
Бидний хайр нас нэмнэ
Биелсэн домог болно.
Үүрд үргэлжлэх үлгэр шиг
Үнснээсээ сэрэх галт шувуу шиг…” /“салхины нэр Ө”/
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншаарай.
Posted.mn – Эрүүл оршихуйг хүсэмжлэгч хэн бүхний уншвал зохих номууд
Нэмэлт сэлбэг хэрэгслээр тоноглох боломжгүй, ямар ч заавар дагалдаж ирдэггүй өөрсдийн бие махбоддоо бид хэтэрхий хуумгай ханддаг мэт. Тиймдээ ч бид энэ удаагийн нийтлэлээрээ эрүүл оршихуйг хүсэмжлэгч хэн бүхний уншвал зохих номуудыг тоймлон хүргэхээр шийдсэн билээ. ЭНДЭЭС үзээрэй.
#АВДРЫН ЁРООЛООС
Архаг стресст орсон гэдгээ яаж мэдэх вэ?
Архаг стресс нь “ажилтай холбогдолтой стрессийг хангалттай зохицуулж чадаагүйгээс үүдэлтэй хам шинж” бөгөөд ихэд сульдаж ядрах, ажлаасаа хөндийрөх; ажилтай холбоотой асуудалд хэт сөрөг, итгэлгүй хандах, тээршээх; бүтээмж эрс буурах гурван зүйлээр тодорхойлогдоно.
Хэрэв дараах асуултад тийм гэж хариулсан бол та архаг стресст ямар нэг хэмжээгээр өртсөн байх магадлалтай. Цаашлаад мэдрэмжээсээ зайлсхийж, согтууруулах ундаа их хэрэглэж, хэт их идэх, нойр муудах, учир шалтгаангүй толгой, гэдэс өвдөх зэрэг зовуурь илрэх нь бий гэнэ.
1.Ажилдаа явах хүсэл зориг төрөхгүй байна уу?
2.Энгийн үед анзаарахгүй өнгөрөхүйц жижиг зүйлс дээр ч бухимдаж байна уу?
3.Анхаарал ер төвлөрөхгүй байна уу?
4.Урьд нь хялбархан хийчихдэг байсан зүйлээ хийх гэж зүдэж байна уу?
5.Амжилт гаргасан ч сэтгэл хөдлөхгүй байна уу?
6.Ажлынхантайгаа харилцах хүсэл төрөхгүй байна уу?
Шалтгаан нь юу юм бол?
Өөрөөс хамаарахгүй мэт санагдах – Цагийн хуваарь, даалгавар, ачаалал гээд л ажлын бүхий л үйл явц, нөхцөл өөрөөс нь хамааралгүй шийдэгдээд байх шиг санагдах нь бухимдах шалтгаан болдог.
Оффисын уур амьсгал эвгүй – Хамтран ажиллагсдын эв нийц муу, хангалттай ойлголцдоггүй, хэт хянах гэж оролддог даргатай байх зэргээр уур амьсгал, цаашлаад ажиллах дур сонирхолд нөлөөлөх хүчин зүйлс олон.
Ажил, хувийн амьдралын зааг арилах – Хамаг цагаа ажилдаа зарцуулж, гэр бүлийнхэн, найзууддаа зориулах цаггүй байх үед стрессдэх нь ойлгомжтой.
Ажил нэгэн хэвийн, эсвэл хэт хувьсамтгай байх – Ажил үргэлж л нэгэн хэвийн, эсвэл хэт хувьсамтгай байх үед ажилдаа төвлөрөхийн тулд маш их эрч хүч зарцуулж, улмаар ядаргаанд орох нь бий.
Тэгвэл яаж шийдэх талаар ЭНЭХҮҮ нийтлэлээс уншаарай.
#ЦАЙ УУХ ЗУУР
Цайны цагаар үзэж сонирхох контентуудыг санал болгоё.
🕯 Хариулах: “Мээсгэр” гэж ямар утгатай үг вэ?
А. Жижигхэн Б.Марзан В. Ихэмсэг Г. Туранхай
🎧 Сонсох: Энэ удаа хоёр дуу санал болгоё ✌
박재범 (Jay Park) - ‘GANADARA (Feat. 아이유 IU)
Дуучин Jay Park 2014 онд өөрийн сонирхдог төрлийн эмэгтэйгээрээ дуучин, жүжигчин IU-г нэрлэж байснаас хойш долоон жилийн дараа тэд анх удаа хамтран уран бүтээл гаргасан юм. Клипний зохиол болон зураг авалт уншигч танд таалагдана гэж итгэж байна. Тэдний хамтралыг ЭНД дарж сонсоорой.
Зан зангаа мэдэлцэх гэж
Завгүй өнгөрүүлсэн бидний жилүүд
Заримдаа үзэн ядна
Заримдаа үхэн хатна чи бусдаас илүү
✨ Мэдэх: BIGBANG хамтлагийн эргэн ирэлтийн тов гарлаа!
2018 онд “Flower Road” дууг олны хүртээл болгосноос хойш BIGBANG хамтлаг ийнхүү дөрвөн жилийн дараа буюу ирэх дөрөвдүгээр сарын 5-нд дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр албан ёсоор эргэн ирэх гэж байна.
🧐 Унших: Өнөөдөр бол Slytherin тэнхимийн бахархлын өдөр
“Hogwarts” шидтэний сургуулийн Slytherin тэнхимийн бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Хар ид шид, цэвэр цусны үзэл баримтлалаараа алдартай уг тэнхимийн шидтэнүүд амбиц, зальжин зан чанар, авхаалжаараа бусдаас эрс ялгардаг билээ. Тэдний тухай сонирхолтой баримтуудыг ЭНДЭЭС уншаарай.
Ингээд өнөөдрийнхөө товхимлыг өндөрлөе. Уншигч таны шинэ долоо хоногийн ажил үйлс бүхэн бүтэмжтэй байх болтугай.