Өдрийн мэнд! Өнөөдөр бол энэ жилийн 333 дахь өдөр. 2021 оны сүүлийн сар эхлэхэд хоёрхон хоног үлдлээ. Улс тунхагласны баяр гээд 3 хоног амраад авсан юм чинь бүгдээрээ арванхоёрдугаар сар луу эрчтэйхэн дайраад оръё.
Ингээд өнөөдрийн “Өрөмтэй талх”-аа таалан болгооно уу 🍞☕
Өнгөрсөн долоо хоногийн Уундаагийн тоймоос шийрий хийв.
🦠Омикрон
Өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол буурч, гуравдугаар тундаа хамрагдаж эхлээд бид коронагаас бага зэрэг амсхийлээ гэж бодсон юм сан. Гэтэл ахиад л шинэ хувилбар ӨАБНУ-д бүртгэгдсэн байна. Одоогоор “Омикрон” нэртэй мутацийн хувилбар Герман, Их Британи, Хонгконг, Бельги зэрэг улсад илэрсэн. Харин үүнтэй холбогдуулж БНХАУ-ын Эрээн хотын захиргаа төмөр замын боомтоор орж ирэх импортыг тодорхойгүй хугацаагаар түр зогсоолоо. Одоо хэдүүлээ хэцүүдэх нь дээ. Бэлтгэлтэй байхгүй л бол…
💰Биткойн хот
Биткойныг албан ёсны хэрэглээнд зөвшөөрснөөр Сальвадор Улс дэлхийд анхдагч болсон. Тэгвэл одоо бүх зүйл нь биткойноос хамааралтай байх ХОТ бий болгоно гэнэ дээ. Одоогоор 1 тэрбум ам.долларын токенжуулсан бонд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.
Өөр сонин хачин юу болсныг ЭНД дарж уншаарай.
👏Улс тунхагласны баяр болов
Манай улс 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо олсон гэдэг. Харин 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар Үндсэн Хуулиа баталжээ. Улс тунхагласны баяр болон тусгаар тогтнолоо зарласан өдрийн ялгаа салгааны тухай түүхч Ч.Болдбаатартай хийсэн ярилцлагыг уншаарай.
XII/1 ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр
Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр 33 дахь жилдээ тохиож байгаа юм. Энэ жилийн хувьд уг өвчнийг устгах чадвартай шинэ вакцин гарган авснаараа онцлууштай байна. Тодруулбал, сармагчинд халдаасан ХДХВ-ийг устгах чадвартай шинэ вакциныг Япон Улс гарган авчээ.
“Гэм зэм” үргэлжилсээр
Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан амилуулж буй “Гэм зэм” жүжиг Орфей театрын тайзнаа тоглогдсоор байна. Шүүх хуралд гэрчээр сууж, дахин төрсөн хүний түүхийг үзээрэй. Тасалбарыг ЭНДЭЭС.
💎Нэр төрийг уран бүтээлчдийн нүдээр
Хэн нэгэн өөрийн бодолд буй үнэ цэнийг үйлдлээрээ, бүтээлээрээ дамжуулан гаргана гэдэг гайхамшиг. Уран бүтээлчид нэр төрийг ИНГЭЖ илэрхийлжээ.
🧩Би хэрхэн ажилладаг вэ?-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар
Бид хотын захирагчийн ажлаа хэрхэн хийдгийг сонирхсон. Ингээд гурав дахь хотын захирагчтайгаа ярилцчихав уу даа. Хотын мээр маань BTS хамтлагийг сонсдог гэнэ шүү! Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНДЭЭС.
✨Тайлбарлах нь: Тэтгэврийн шинэчлэлийн тухай
Тэтгэврийн шинэчлэл хүн бүхэнд хамаатай маш чухал сэдэв учраас энэ талаар бичсэн нийтлэлээ заавал дахин хуваалцмаар байна. Энэ удаа “Тайлбарлах нь” форматаар тэтгэврийн шинэчлэлийг тайлбарлаадахсан.
🔎Сонирхох: Оны сүүлийн “онцлох” жагсаалтууд эхнээсээ гарч эхэллээ. Нью Йорк Таймс оны онцлууштай 100 номыг жагсаажээ.
💻Үзэх: Өсвөр үеийн 14-15 насны хүүхдүүд өнөөгийн нийгмийн асуудал болоод өөрт нь тулгарч буй бэрхшээлүүдийн талаар юу ярьж байна вэ? Сонирхолтой контент байна. Тэд Монголдоо бус гадаадын аль нэг улсад амьдрахыг хүсдэг… Ten for teen
🧧Авдрын ёроолоос: Хотын захирагч BTS сонсдог гэснээс тэдний тухай мэдлэгээ нэмэх үү, яах уу? Одоогийн тэд анхнаасаа дардан замаар явж, өнөөгийн өндөрлөгт хүрээгүй гэдгийг ЭНДЭЭС харж болно. Ташрамд, BTS хамтлагийн “Map of the Soul” цомгийн мерчендайз Монголд албан ёсоор худалдаалагдаж байгаа юм билээ. BTS POP-UP дэлгүүр
📝Үгийн сан: Галирах-ажил хэргээс бэрхшээх, халшрах гэсэн утгатай үг юмсанжээ.
🎧Сонсох: Өчигдөр залуу уран бүтээлч Нэнэгийн “Бацаанаа” дуу гарсан. Краштай хэн бүхэнд зориулъя. Ер нь тэгээд краш бол краш байхдаа л гоё байдаг байгаа шүү 😊
За ингээд л гүйцлээ. Ирэх долоо хоногийн “Өрөмтэй талх”-аараа эргэн уулзацгаая 🤗