Хувийн бизнес эрхлэх, Burn out болох гээд байвал яах вэ?
Ажлын талбарт давшиж яваа хэн бүхэнд зориулав 💡
Unread Monday #5
“Аз жаргал бол ирээдүйд хийхээр хойшлуулсан зүйлс бус таны одоо хийж буй бүхэн юм.”
- Хелен Келлер
Тавдугаар сарын сүүлийн долоо хоног. Сүүлийн өдрүүдэд хавар халаагаа зунд албан ёсоор өгснийг батлах мэт болж байна шүү, тийм ээ. Энэ долоо хоногт тавдугаар сард хийж гүйцээнэ гэсэн ажлуудаа эргэн нэг санацгаая.
Ингээд товхимолдоо тавтай морил 🤗
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Нэмэлт орлого олох аргууд V хэсэг
Ажил карьер: Ажлын ядаргаанд (burn out) орох гээд байвал яах вэ?
Орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх энгийн аргуудыг танилцуулсан цувралын маань сүүлийн хэсэг өнөөдөр танд хүрч байна. Ирэх дугаараас цоо шинэ сэдэв таныг угтана шүү. 💸
Хувийн бизнес эрхлэх
Хувийн бизнес гэхээр л одоогийн ажлаасаа гараад, компани байгуулаад, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад явна гэсэн үг биш шүү дээ. Ажлынхаа хажуугаар буюу амралтын өдрүүдээр эсвэл чөлөөт цагаараа хийх дуртай хоббигоо ч жижиг бизнес болгож болно. Магадгүй та зураг зурах, хатгамал оёх, нарийн боов хийх, эсвэл гар урлал сонирхдог байж болох юм. Тэгвэл түүнийгээ бүтээгдэхүүн, үйлчилгээ хэлбэрээр санал болгоод л өөрийн бизнесээ эхлүүлэх боломжтой.
2020-2021 оны хөл хорионы үеэр АНУ-д 4.4 сая шинэ бизнес “мэндэлсэн” гэдэг. Бизнесээ эхлүүлэхийн тулд та заавал гэртээ хоригдох албагүй. Зүгээр л эхний алхмаа хийх хэрэгтэй. Гэвч ихэнх хүн хаанаас эхлэхээ мэддэггүй. Танд ч бас энэ асуудал тулгарч байсан бол дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.
Зорилгоо тодорхой тавих. Таны бизнесийн зорилго үнэнч хэрэглэгчтэй болох, сошиал хаяг дээрээ 10К дагагчтай болох, 10 сая төгрөгийн борлуулалт хийх гээд юу ч байж болно. Гол нь зорилго тань SMART байх хэрэгтэй. Боломжтой бол зорилгынхоо төгсгөлийг аль хэдийн тод томруун харж чадвал бүр ч догь.
Судалгаа хийх. Юу юугүй шууд зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргаад, алаад өгнө гэж худлаа 😅 Эхний ээлжинд ойр дотнын хүмүүс, найзууддаа танилцуулж, санал зөвлөгөө хүсээрэй. Ингэхдээ таны бизнесийн санааг дэмжихгүй нь илт тодорхой хүмүүсээс зайгаа барих нь дээр. Дараа нь таны бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт хэрэгцээ байгаа эсэхийг заавал судлах ёстой. Бизнесийн ертөнцөд судалгаагүй, “харанхуй” явж орно гэж юу байх вэ.
Суралцах. Ямар ч бизнесийг хийхэд таны заавал мэдэх ёстой, эзэмшвэл зохих ур чадварууд бий. Хаанаас хамгийн бага өртөгтэй, чанар сайтай материал авах, санхүү төсвөө хэрхэн удирдах, бүтээгдэхүүнээ хаана хадгалах, сошиал медиа маркетинг яаж хийх вэ гээд л дурдаад байвал дуусахгүй. Харин шаардлагатай бүх чадварыг жагсаан бичээд, хамгийн чухлаас нь бага руу үнэлж, оноо өгөөрэй. Ингэх нь юуг нэн тэргүүнд сурахаа шийдэхэд тань тустай. Түүнчлэн ижил төрлийн бизнес эрхэлдэг туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахаа бүү мартаарай.
Эхлэх. Та хэн ч бай, ямар ч бизнесийн санаатай байсан зүгээр л эхэл. Бид бүх зүйлийг өөрийн биеэр хийж, туршиж үзэж байж л сайжирч, хөгждөг шүү дээ.
Саад бэрхшээлүүдийг алдаа дутагдал биш, суралцах боломж гэж харж чадвал таныг юу ч зогсоож чадахгүй биз ээ. За тэгээд, өөрийн бизнесээ эхлүүлэх үү дээ? 😉
Өнөөдрийн сэдэв бол “burn out”…
“ДЭМБ 2019 онд ажлаас халшрах хам шинжийг ажлын байрны архаг стрессээс үүдэлтэй синдром хэмээх ангилалд багтаажээ.”
Та яг одоо эдгээр асуултыг өөрөөсөө асуугаарай.
Та ажил дээрээ аливаад хэт шүүмжлэлтэй ханддаг болсон уу?
Ажлаас хойш сууж, дараа гэж хойшлуулаад байна уу?
Ажлын байранд бусадтай харилцахад ядаргаатай санагдаж байгаа юм биш биз?
Анхаарал төвлөрөлт алдагдаж, хийж буй бүхэндээ сэтгэл хангалуун бус байна уу?
Шалтгаангүй толгой өвдөж, нойргүйдээд байна уу?
Хэрэв бүгдэд нь тийм гэж хариулсан бол “burn out” болсон байх магадлалтай 🙄
Ажлаас халшрах хам шинжийн үед та юу мэдрэх вэ?
Burn out бол гэнэтийн мэдрэмж биш.
Удирдлагаас гарсан мэт санагдах: Ажлын төлөвлөлт, цагийн хуваарь, ачаалал зэрэг ажлын бүхий л үйл явц, нөхцөл байдал таны хүссэнээр бус, танаас хамааралгүй шийдэгдээд байх шиг санагдах.
Ажлын орчны уур амьсгал муудах: Хамтран ажиллагсадтайгаа эв нийцгүй байх, хангалттай ойлголцож чадахгүй байх зэргээр ажлын орчны таагүй уур амьсгал бүрдэх. Энэ нь улмаар ажиллах хүсэл сонирхлыг бууруулдаг.
Ажил нэгэн хэвийн, эсвэл хэт хувьсамтгай байх: Хийж буй ажил тань байнга нэгэн хэвийн байгаагаас эсвэл үргэлж өөрчлөгдсөнөөс үүдэн ажилдаа төвлөрөхийн тулд хэт их эрч хүч зарцуулах.
Ажил, хувийн амьдралын тэнцвэр алдагдах: Бүх цагаа зөвхөн ажилдаа зарцуулж, гэр бүл, найзууддаа зориулах цаг гарахгүй байх.
Бусдын дэмжлэгээр дутах: Ажлын орчин болоод хувийн амьдралын алинд ч ганцаардсан мэдрэмж авах.
Энэ бүхнийг хэрхэн зогсоох вэ?
Ярилцах: Удирдах албан тушаалтантайгаа өөрт мэдрэгдэж буй бүхнээ нээлттэй хуваалцаж, ажлын ачааллаа багасгах талаар ярилцаарай. Хоёр талаас юу хүсэж, ямар үр дүн хүлээж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй.
Дасгал хөдөлгөөн хийх: Стрессээ тайлж, санаа бодлоо цэгцлэхэд идэвхтэй дасгал хөдөлгөөн шиг сайн арга үгүй билээ. Хэрэв та хөдөлгөөн хийхийг хүсэхгүй байгаа бол бясалгал хийсэн ч болно. Энэ бүхний үр дүнд өөртөө цаг гаргаж байгаа нь л чухал.
Хангалттай нойр авах: Чанартай, сайн нойр авах нь хэзээд бие болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай.
Унших: Ачаалал ихтэй ажилласан ч “burn out”-аас зайлсхийх аргууд
Эдгээрээс илүү мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцаж, асуудлаа тодорхойлох нь хамгийн үр дүнтэй арга шүү 😉
УНШВАРТАЙ НИЙТЛЭЛҮҮД
Би хэрхэн ажилладаг вэ? - Нийгмийн асуудлыг оношлогч - Хүүхдийн тусламжийн утас “108”
Монгол Улсад хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж буй хамгийн том брэндинг бол "108" утас. Тэгвэл “108” хэрхэн ажилладаг юм бол?
Би хүүхдээ ингэж өсгөдөг - Гурван хүүхдийн ээж Амаржаргал байна, би хүүхдүүдээ ингэж өсгөдөг
Энэ удаа UBS телевизийн хөтлөгч, мэдээний нэвтрүүлэгч Н.Амаржаргалын гэр бүлийг урьж оролцууллаа. Тэд хүүхдүүддээ гурван нас хүртэл нь ямар ч ширүүн харилцааг огт мэдрүүлэхгүй өсгөнө гэдэг зарчимтай аж.
10 ертөнц, 10 өнцөг - Номын баярын онцлох зочид
Энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “Номын баяр”-ыг зохион байгуулсан билээ. Уг тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан бид шинэ бүтээлүүдтэйгээ хүрэлцэн ирсэн зохиолч, орчуулагч, нийтлэлчдийн ямархан сэтгэгдэлтэй байгааг сонирхлоо.
ДАРААГИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Та бидний цалингийн задаргаа
Ажил карьер: Байгууллагын соёлдоо нэвтрүүлэх сонирхолтой үйл ажиллагаанууд
Энэ хүрээд өнөөдрийн товхимол маань өндөрлөж байна. Ирэх долоо хоногийн даваа гарагт залуу мэргэжилтнүүдэд зориулсан ээлжит зөвлөмжүүдээрээ эргэн уулзацгаая.
Unread апп татах: Android, iOS
Сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today