Цагаан сартай долоо хоногийн мэнд! 🐯
Монголчууд төдийгүй Азийн хэд хэдэн улс хаврын тэргүүн сарыг угтан Сар шинийн баярыг тэмдэглэдэг билээ. Бүгд өөрсдийн гэсэн хэв маяг, дэг жаягаар тэмдэглэдэг ч эл баярын утга учир нь өв уламжлал, ёс заншлаа өнөө үедээ таниулан сургахад оршдог. “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил гарч байгаа хойно энэ жил хүч чадал, эр зоригоор бялхах нь дамжиггүй.
Ингээд өнөөдрийнхөө товхимолд тавтай морил.
#ШИЙРИЙ ХИЙВ
Уундаагийн тоймоос “шийрий” хийлээ.
🍎Apple түүхэн дэх хамгийн өндөр орлогоо олжээ
Цар тахал, ложистикийн гацалт, чипний хомсдол Apple-д нөлөөлсөнгүй. Тэд өнгөрсөн улиралд $123.9 тэрбумын орлого олж, $34.6 тэрбумын ашигтай ажилласан нь бүгд түүхэн дээд үзүүлэлт болов. Өнгөрсөн онд шинээр гаргасан iPhone 13 нь зөвхөн шинэ жилийн өдрүүдээр 40 сая ширхэг зарагдаж, нийт 71 тэрбум долларыг компанидаа авчрав.
🕶Метаверс концерт
Дуу ертөнцийн хөгжмийн гигант Warner Music Group мета ертөнцөд газар авч, концерт, тоглолт зохион байгуулна гэдгээ зарлалаа. Тэд The Sandbox-той хамтран энэ төслөө хэрэгжүүлэх бөгөөд эхний тоглолтоо гуравдугаар сард зохиох гэнэ.
Эдгээр болон бусад сонин хачныг ЭНД дарж дэлгэрүүлэн уншаарай.
🔔Хичээл хэзээ эхлэх вэ?
Цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хоёрдугаар сарын 14-ний өдрөөс нэг бүлэгт 20-25 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Харин ерөнхий боловсролын сургуулиуд мөн өдрөөс цахимаар хичээллэж, 28-ны өдрөөс 100 хувь танхимын сургалт руу шилжих аж. Мэргэжлийн болон техник боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулиудын тухайд ирэх сарын 7-ны өдрөөс цахим хэлбэрээр хичээлээ эхлүүлж 28-ны өдрөөс танхимын сургалт руу бүрэн шилжих тов гарчээ.
⏳Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт эхэллээ
26 сар хүлээгдсэн Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн ажлын эхний шат эхэллээ. Энэхүү гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор манай улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохын зэрэгцээ эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх аж. Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС.
#ТОВЧХОНТОО (Товчхондоо + Тоо)
925 сая төгрөг: НӨАТ-ын 2021 оны IV улирлын буцаан олголтоор 26,683 иргэн 925 сая төгрөгийн татвар төлжээ.
1.5 дахин: Омикроны BA.2 хувилбар дэлхийн 40 гаруй улсад бүртгэгдсэн ба тархалтын хувьд эх хувилбартайгаа харьцуулахад 1.5 дахин хурдан гэнэ.
385 мянган хүн: Манай улсын 385 мянга орчим иргэн 500 мянгаас доош төгрөгийн тэтгэвэртэй. Тэгвэл Засгийн газар, УИХ-ын ээлжит хуралдаанаар тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг байхаар, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
#MAKE IT UNREAD
Techworm – Шинэхэн аав ээжид гарцаагүй туслах шилдэг аппууд
Дөнгөж төрсөн нярайг асрах, хооллох, хуурайлах гээд амьдралын тэс өөр хэв маягт аав ээжүүд хэзээ ч өөрсдийгөө бүрэн дүүрэн бэлдэнэ гэж үгүй. Тэгвэл яахаа мэдэхгүй тэвдэх өдрүүдэд үнэнч туслах чинь байж чадах аппликэйшнүүдийг бид санал болгосон юм. ЭНД дарж нийтлэлээ уншаарай.
Аравт – Артист @dorjnanjid (Doid) – Бугуйн цаг, асаагуур, өврийн дэвтэр…
Ээлжит дугаартаа бид залуу уран бүтээлч Б.Доржнанжидын эрхэмлэдэг арван зүйлтэй танилцсан юм. Түүний идэвхтэй амьдралын хэв маягтай эдэлж хэрэглэж буй бүхэн нь туйлын нийцжээ. ЭНДЭЭС түүний эд зүйлстэй танилцаарай.
Posted by Unread – Сонин гарчиглая #1
Бид шинэ оны эхний сараас эхлэн “Сонин гарчиглая” булангаа эхлүүлж байна. Өглөө болгон гарчиглах төдий болоод хаягддаг сонингуудын ард мэдээллийн мэргэшсэн редакцууд шаргуу ажиллаж байдаг. Бид тэдгээр сэтгүүлчдийн боловсруулсан хамгийн шилдэг агуулгыг долоо хоног бүр уг буландаа танилцуулах болно. Эхний дугаарыг ЭНД дарж уншина уу.
#АВДРЫН ЁРООЛООС
Өмнөх товхимолдоо амжилттай компаниа байгуулах талаар цуврал нийтлэлийн эхний бичвэрээс онцлууштай санааг түүвэрлэн хүргэсэн. Өнөөдөр хоёр дахь нийтлэлээс тоймлон толилуулъя.
Амжилттай компани байгуулах нь #2: Татвар болон Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх нь
Яагаад татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой вэ?
Хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгүүлнэ гэдэг нь төсвийн бүрдүүлэлтээр дамжуулан нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй хэрэг бөгөөд үүнээс гадна улсын эдийн засгийн, санхүүгийн үнэн бодит мэдээллийн баазыг бий болгох, тэрхүү мэдээлэлд үндэслэн зөв бодлого, зохицуулалт гаргахад чухал нөлөөтэй.
Цахим буюу тоон гарын үсэг авах
Хуулийн этгээд болсны дараа танай байгууллага борлуулалтын орлогоосоо шалтгаалан тодорхой давтамжтайгаар тайлан хийж, илгээх хэрэгтэй болдог. Тайлангаа явуулахын тулд e-tax сайт дээрх бүртгэлээ ашиглан тоон гарын үсэг авах хүсэлтээ илгээгээрэй.
Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх
Компаниа байгуулсны дараа албан ёсоор ажилтан авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан, цалинжуулахаар болсон бол харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлж, даатгуулах хэрэгтэй. Даатгуулахад шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлэн очиж бүртгүүлээд, Шимтгэлийн цахим системд нэвтрэх нууц үгээ авч, цаашдаа нийгмийн даатгалын тайлангуудаа цахимаар илгээх юм.
Эдгээр болон бусад хэрэгтэй зөвлөмж, анхаарах зүйлсийг ЭНД дарж дэлгэрүүлэн уншаарай.
#ЦАЙ УУХ ЗУУР
Цайны цагаар үзэж сонирхох контентуудыг санал болгоё.
🕯Хариулах: “Цайлгар” гэж ямар утгатай үг вэ?
А. Цайлган Б. Цайвар В. Гэнэн Г. Толигор
Зөв хариултыг товхимлын төгсгөлд дэлгэв.
💻Унших: Цагаан сараар үзэх, турших, санах 100 зүйл
Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан та энэхүү 100 зүйлийн жагсаалттай танилцаарай. Цагаан сарын баярын утга учир, ёс заншлаас эхлээд бодууштай бүхнийг багтаасан шүү.
🎧Сонсох: Doid – LOVE
Өнгөрсөн долоо хоногийн “Аравт” булангийн зочны уран бүтээлийг санал болгож байна.
Яагаад чи миний хараанд өртөн шуналыг минь хөдөлгөв
Яасан болоод би чамайг мартах битгий хэл зүүдлээд сэрэв
Дандаа биш ээ, гэхдээ чамайг хараад л баймаар
Надад ганцхан биш ээ, дэлхийд ганцхан байх магадлалтай бүсгүй
Элдэв долоон юм чамаас хүсэхгүй
Инээгээд л болоо, тэр чинь үгээр хэлэмгүй
Энгийн байхдаа л бид нар бусадтай адилгүй
🧐Сонирхох: Бар жилд зориулсан загварууд
Дэлхийн хувцас загварын томоохон брэндүүд бар жилд зориулан ямар загварууд бүтээснийг ЭНДЭЭС хараарай.
Энэ хүрээд өнөөдрийн шуудангаа өндөрлөе. Өнгөрсөн амралтын өдрүүдээр их цэвэрлэгээ хийж, ирж буй бар жилдээ бэлдсэн гэдэгт итгэлтэй байна. Цагаан сарын баяраа гэр гэртээ цомхон тэмдэглэж, аав ээж, ахан дүүстэйгээ цахимаар золгон сар шинэдээ сайхан шинэлээрэй.