Өглөөний мэнд!
2022 оны гуравдугаар сар эхлэх гэж байна. Хаврын урин өдрүүд наашилж, хацар хайрсан өвлийн салхи зөөлрөн буй цаг агаар юутай гоёхон бэ... Бичээч миний бие улирлын сайханд сэтгэлээ сэргээж, уулзаж учирсан хүн бүрдээ инээд хөөр бэлэглэхийн хүслэн болж явна. Нар ээж, сэтгэл догдлуулсан хаврын өдрүүдээ дурсамж дүүрэн өнгөрүүлнэ шүү хэдүүлээ.
Ингээд товхимлынхоо шинэ дугаарт тавтай морил.
#ШИЙРИЙ ХИЙВ
Өнгөрсөн долоо хоногийн Уундаагийн тоймоос “шийрий” хийлээ.
💉 Шинэ вакцин
Технологийн гигант Mitsubishi, хамгийн том тамхи үйлдвэрлэгч Philip Morris хамтран анхны ургамлын гаралтай ковидын эсрэг вакциныг бүтээжээ. Хоёр тун бүхий уг вакцин 71 хувийн дархлаа тогтоож байгаа нь туршилтаар батлагдсан бөгөөд Канад улс хэрэглэх зөвшөөрөл олгосон анхны улс болсон гэнэ.
📌 ОХУ ба Украин
ОХУ-ын зэвсэгт хүчин Украин руу цэргээ нэгэнт оруулж, хүнд нөхцөл байдал үүсгэсэн. Тэгвэл энэхүү үйл явдал цаашид хэрхэх вэ? Дэлхий нийт Оросын түрэмгийллийг эсэргүүцэж, тал бүрээр шахалт үзүүлсээр буй. Эхлээд нэр бүхий банк, компани, хувь хүмүүст эдийн засгийн хориг тавьсан Европын холбооны лидерүүд, дараа нь олон улсын банк хоорондын систем SWIFT-ээс Оросыг хассан нь тус улс гадаад ертөнцтэй арилжаа хийх боломжгүй болж байгаа гэсэн үг. Мөн Facebook, Twitter, Youtube зэрэг сошиал платформууд Оросын төрийн медиаг сурталчилгаа явуулах боломжгүй болгосноо зарлаад байгаа билээ. Олон нийтийн анхаарлын төвд байгаа уг үйл явдал хаанаас эхтэй, одоо юу болж байгаа талаар Долоо хоногийн тоймоос дэлгэрүүлэн уншаарай.
🤯 Монгол Улс ой тогтоолтын дэлхийн хошой аварга боллоо
30 дахь удаагийн “Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” онлайнаар зохион байгуулагдаж нийт 18 улсын 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдөв. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын шигшээ баг 21,435 оноогоор тэргүүлж дэлхийн хошой аварга боллоо. Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
#ТОВЧХОНТОО (Товчхондоо + Тоо)
100 мянга: БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх зорилгоор medle.mn цахим хуудсыг өнгөрсөн оны долоодугаар сард танилцуулсан. Тэгвэл агуулга, хөтөлбөрийн дагуу хамгийн сайн цахим хичээл бэлтгэсэн багшийг 100 мянган төгрөгөөр урамшуулах шийдвэр гаргажээ.
50 мянга: "Орфей" театрын "Гэм зэм" жүжгийг төрийн болон хувийн бүх их, дээд сургуулийн оюутнууд 50 мянган төгрөгөөр үзэх боломжтой гэнэ. Тус театрын хамт олон залуусын ёс суртахуун, хүмүүжил, урлагийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор “I STUDENT” төслийг санаачилж байгаа нь энэ.
24: Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд Украинд байсан 16 иргэнээ хоёрдугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар нийт 24 иргэн Польш улсад ирээд байна. Харин Украины Харьков хотод үлдсэн 18 иргэнийг ойрын хугацаанд татан авахаар ажиллаж байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
#MAKE IT UNREAD
Бид хэрхэн ажилладаг вэ? – HabiDo-ийн хамт олон
Иргэдийнхээ амьдралын чанар, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжиж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг түгээхээр ажиллаж буй “HabiDo” аппликейшний хамт олныг энэ удаа онцоллоо. Тэд хувь хүний хөгжилд шаардлагатай долоон бүлгийн 35 дадал бүхий цогц шийдлийг аппдаа багтааснаас гадна хэрэглэгчийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах зорилгоор сэтгэл зүйн төрөл бүрийн тест, тэдгээртэй холбоотой нийтлэлийг санал болгодог. Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Бээжингийн олимпоос онцлох 22 дүр
Бээжин-2022 наадмын гол дүр болсон тамирчдын сонирхолтой түүх, амжилтын замналыг бид ЭНЭХҮҮ нийтлэлээрээ багцлан хүргэсэн. Энэ удаагийн олимпод 91 орны 2871 тамирчин долоон спортын төрөлд 103 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
#АВДРЫН ЁРООЛООС
Залхуу хүнд зориулсан зурагт хөтөч: Ажлын бүтээмж нэмэх 7 дадал
1.Бүтэн нойртой явах
Хүн бүрд өөрийн онцлог бүхий байгалийн цаг байдаг. Тийм ч учраас хүн болгон хүсээд хүсээд “эртэч шувуу” болох боломжгүй. Харин үүний оронд чухалчлах зүйл бол бүтэн нойроо авах юм. Унтах нь кофе, эмнээс илүүтэй бие цэнэглэж, эрч хүч сэлбэх хамгийн энгийн хийгээд үр дүнтэй арга.
2.Бодох цаг гаргах
Заримдаа зорилгогүй алхах, зорилгогүй суух нь таны тухайн өдөр хийсэн хамгийн “бүтээлч” зүйл байхыг ч үгүйсгэхгүй. Жишээлбэл Альберт Эйнштэйн харьцангуйн онолын талаар судалж байхдаа урт хугацаагаар алхдаг байсан аж. Ингэснээр түүнд аливааг эргэцүүлэх, түүнийгээ тунгаах орон зай үүсдэг байж.
3.Ажил дээр буу халах
Заримдаа ганцаараа толгойгоо гашилтал бодсон зүйлээ хэн нэгэнтэй хуваалцаад шийдэл нь “энэ л байсан юм уу?” гэмээр хялбар байсныг олж мэдэх нь бий. Бидний логик дүгнэлт хийх, нухацтай сэтгэх чадварууд ганцаар тунгаахаас илүүтэй хэн нэгэнтэй санал солилцож, мэтгэлцэж байж хөгждөг.
4.Өдрийн цагаар дуг хийх
Ажлын ширээний урд хэчнээн суусан ч урагшилж өгөхгүй, гэсэн ч үргэлжлүүлэн суусаар байх тохиолдол гардаг шүү дээ. Энэ үед богинохон хугацаанд дуг хийгээд авах нь бараг л ид шид мэт үйлчилдэг. Гэхдээ мэдээж хугацаагаа зөв тохируулах хэрэгтэй. Хэтэрхий их унтвал улам бүр нозоорох нь бий.
5.Үгүй гэж хэлэх
“Хэн нэгнээр ажлаа хийлгэхийг хүсвэл хамгийн завгүй хүнд даатга.”
Дээрх эшлэлийг сайн сонжвол үнэхээр л хамгийн завгүй хүмүүс хамгийн их “тийм” гэж хэлдэг аж. Тийм гэж хэлдэг учраас л тэд завгүй нэгэн болж хувирдаг. Бүтээмжтэй байхын утга нь олон зүйл хийхдээ биш, харин нэг зүйлийг тултал хийхэд байдгийг санаарай.
6.Амрах цаг гаргах
Хэчнээн ажилдаа хайртай байсан ч хааяа нэг завсарлага авахгүй бол "сэтгэл хөрөх" нь цаг хугацааны л асуудал. Бид өдөр тутмын зарим тааруу зуршлаа хаяж чадахгүй, олж харахгүй байх нь бий. Түүнийг таньж мэдэх, өөрчлөх хамгийн амархан арга бол ердөө л орчноо солих юм. Зүгээр л очиж үзээгүй замаараа, хүрч үзээгүй газраараа явахад л таны тархи арай бүтээлчээр ажиллаж эхлэх болно.
7.Дургүй ажлаа хийхгүй байх
Хэрвээ таны савны багтаамж гурав бол нэг зүйлийг нэмж хийхийн тулд нөгөө зүйлийг заавал хасах хэрэгтэй. Маргаашаас нэг дургүй зүйлээсээ өөрийгөө чөлөөлөн, нэг дуртай зүйлээ хийж эхлээрэй.
#ЦАЙ УУХ ЗУУР
Цайны цагаар үзэж сонирхох контентуудыг санал болгож байна.
🕯 Хариулах: “Ужид” гэж ямар утгатай үг вэ?
А. Ужиг Б. Зөрүүд В. Жижиг
🎧 Сонсох: Michael Jackson - Earth Song
Эхийн хэвлийгээс төрж, дэлхийн хэвлийд шингэх тавилантай нэгэн гарагийн хүмүүн бид бие биенээ хайрлаж, энэрэх учиртай. Зүгээр л хайрла!
🧐 Сонирхох: Америкийн хамгийн үнэ цэнтэй телевизийн шоунууд
Нэг жилд 498 мянган ам.долларын ашиг орлогоор “The Office” инээдмийн цуврал нэгдүгээрт бичигдэж, бүх цаг үеийн шилдэгт тооцогддог “Friends” цуврал 360 мянган ам.долларын орлогоор гуравдугаарт жагсжээ. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
🔎 Судлах: Фулбрайтын тэтгэлэг
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн бүртгэл 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны даваа гарагт Улаанбаатарын цагаар 08:00 цагт дуусна. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
🎨 Unread Cartoon #3
Өнөөдрийн товхимол энд хүрээд өндөрлөж байна. Ирэх долоо хоногт шинэ дугаараараа эргэн уулзацгаая.