Posted Thursday #7
Нартай, цэлмэг өдрийн мэнд хүргэе!
Бид шинэхэн дугаартаа энэ амралтын өдрүүдээр хийх зүйлсийн санааг хуваалцаж байна. Гэртээ өдөржин хэвтэнгээ хийж болох зүйлсийг ч багтаасан тул санаа зоволтгүй шүү. 😎
Ингээд өнөөдрийн товхимолдоо тавтай морил.
САЛХИАР НААДАГСАД
Үзэхүй булангийн маань уламжлалт нэг хэсэг болох энэ долоо хоногийн онцлох үзэсгэлэнг танд санал болгоё. Монгол хатдын уран зургаараа алдаршсан зураач С.Заяасайханы “Салхиар наадагсад” ээлжит бие даасан үзэсгэлэн нээлтээ хийжээ. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 13-ныг дуустал үргэлжлэх аж.
Үзэсгэлэнд тавигдсан зураг бүр нь өөрийн гэсэн давтагдашгүй онцлог, харилцан адилгүй шинж чанартай. Үүнээс гадна бүхэлдээ түүхэн цаг хугацааг орчин үеийн хөгжилтэй холбосон зураачийн эрэлхийлэл, оюуны нэгэн цогц санааг илэрхийлжээ.
Үзэсгэлэнгийн тойм УНШИХ
LOVE, DEATH + ROBOTS
Амралтын өдөр тухалсан шигээ нэг суултаар үзэж дуусгах “Love, Death + Robots” цувралыг санал болгож байна. Шинэ улирал нь ч цацагдаад удаагүй байгаа юм. Анги бүр нь өөр өөр зохиолоор өрнөх энэхүү цуврал таныг бодолд автуулах болно. Хөргөгч дотроо ертөнцийг тээх хос, усан сан цэвэрлэгчээс өгсүүлээд агуу уран бүтээлч болон робот гээд л өвөрмөц зүйлсээр дүүрэн уг цуврал дүүрэн.
ЦувралыгҮЗЭХ & “Unread-ийн санал болгож буй 100 цуврал кино” нийтлэлийг УНШИХ
BODIKHUU - SUMMER BREEZIN’
Бороотой амралтын өдрүүдэд төгс зохицох аялгуут хэмнэлүүдийг уншигч та бүхэнд санал болгож байна. Ямар нэгэн хөгжмийн зэмсэг ашиглалгүй зөвхөн самплер ашиглан хөгжим бүтээдэг уран бүтээлч бол Бодьхүү.
Түүний ямар ч уран бүтээлийг сонссон танд өөр хэмнэлийг мэдрүүлэхээс гадна тайвшруулж чадна гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн амралтын өдөр гэлтгүй өглөө ажил, хичээлдээ явахдаа Бодьхүүгийн хөгжмийг сонсоод үзээрэй. Таны өглөө гайхалтай эхлэх биз ээ.
JAZZ DRUM SHOW
“Jazz Train” хамтлагийн гоцлол бөмбөрчин, “Fat Cat” хамтлагийн уугуул бөмбөрчдийн нэг Б.Хүслэн өөрийн хувийн уран бүтээлийг анх удаа олонд дэлгэх гэж байна. Түүнчлэн “The Fellowship Band”-тай хамтран классик жааз урсгалаас эхлүүлээд хард боп, fusion жааз, модерн жааз гээд бүхий л төрлөөр тоглох ажээ. Пүрэв, баасан, бямба гаргийн үдэш очиж үзээрэй. 🎷
Тоглолтын мэдээлэл АВАХ & захиалга ӨГӨХ
БОРООТОЙ ӨДӨР + ТАКО ШӨЛ = ТӨГС ӨДӨР
Энэ амралтын өдрүүдээд бороо орох магадлал тун өндөр байгаа тул сэрүүхэн цаг агаарт гэртээ амрангаа амтат тако шөл хийж идвэл ч … 😋
Танд ямар орц шаардлагатай вэ?
Үхрийн татсан мах
Сонгино
Татсан улаан лооль
Лаазалсан эрдэнэшиш
Шош (сонголтоор)
Авокадо
Бяслаг
Зөөхий
Тако амтлагч
ЗаавартайТАНИЛЦАХ
ГҮЗЭЭЛЗГЭНЭ, ГИШҮҮНЭТЭЙ БЯЛУУ
Амттанд дурлагсад хэр олон байна даа? Анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь өнөөдөр олон улсын гүзээлзгэнэ, гишүүнэтэй бялууны өдөр тохиож байна. Хүнсний ногоо болон жимсний ховор хослол болох уг амттан нь АНУ-ын уламжлалт дессертэд тооцогддог бөгөөд Бенжамин Фрэнклин 1771 онд Зүүн Эрэгт танилцуулснаар Европт танигдах эхлэл тавигджээ. Тэгвэл 250 гаруй жилийн түүхт амттаныг энэ амралтын өдрүүдээр амталбал ямар вэ?
Сонирхуулахад гишүүнэ хэмээх шидэт ногоо жин хасахад ч тустай гэнэ лээ шүү.
Гишүүнэ ногооны ач тусыг УНШИХ
YOSHINOYA ЯПОН ХООЛНЫ РЕСТОРАН
1899 онд Токио хотын Нихонбаши загасны захаас эхлэлтэй гюүдон буюу агшаасан цагаан будааг тусгай соусанд чанаж, нимгэн хэрчсэн үхрийн мах, сонгиноор амталж бүрхсэн хоол өдгөө Япон улсын хамгийн алдартай түргэн хоол билээ. Уг хоолны жорыг анхлан зохион бүтээж, өнөөдрийг хүртэл анхны амт, чанараа хадгалж ирсэн “Yoshinoya” сүлжээ рестораныг энэ амралтын өдрөөр ороод гараарай.
Хаяг: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, The One center буюу хуучнаар Home Plaza 2, 1-р давхарт
Энэ удаагийн дугаар дуучин Namone буюу Намуун амралтын өдрийн “жор”-оосоо хуваалцлаа.
Таны хувьд хамгийн төгс амралтын өдрийн хэмнэл?
Миний хувьд тогтсон амралтын өдөр байдаггүй. Хэт их ядрахаараа “Яг өнөөдөр эсвэл маргааш амарна” гэж өөртөө амлах нь элбэг. Ер нь би амарч байгаа өдрөө гэртээ байхыг илүүд үздэг хүн л дээ. Мууртайгаа тоглох, дуу сонсох, арьс арчилгаандаа анхаарах, шинэ төлөвлөгөө гаргах, ном унших гээд амар тайван цагийг өнгөрүүлэх дуртай. Заримдаа найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөж, тэдэнтэй санаа бодлоо хуваалцдаг. Энэ бүгдээс илүүтэй ээжтэйгээ уулзаж ярилцах нь хамгийн төгс амралтын өдөр. Бид хоёулаа завгүй болохоор ховорхон таардаг юм.
Сүүлийн үед амралтын өдөр тань хэрхэн өнгөрч байна вэ?
Ойрын үед тун завгүй байгаа учраас аль болох тархиа бага ажиллуулж, тайван амгалан байхыг илүүд үзэж байна.
Манай уншигчдад санал болгох нь…
Зөвхөн өөрийн гэлтгүй хайртай дотнын хүмүүсийнхээ амралтын өдөрт гэрэл гэгээ нэмээрэй. Тэдэнд том жижиг гэлтгүй бэлэг өгч, хоолонд урин цаг гаргахыг санал болгоё. Миний хувьд нярайлаад удаагүй эсвэл бяцхан “мама”-тай найзууддаа энэ цагаа зарцуулахыг хичээдэг. Хэн нэгнийг баярлуулах, түүнд цаг заваа зарцуулж байгаа нь эргээд тухайн хүн надад хэр үнэ цэнтэй, утга учиртай вэ гэдгийг мэдрүүлдэг гэж бодож байна.
Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх долоо хоногт шинэ дугаараараа эргэн уулзацгаая.
Unread апп татах: Android, iOS
Сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today