Цастай өглөөний мэнд!
Цаг уясаж буйн дохио – нойтон цастай өдрийн мэнд. Агаар тэнгэр цэлмээд аятайхан байна гэж... Ажил ихтэй долоо хоног хэний янаагүй эхэлж буй биз ээ. Бичээч миний бүтэн сайнаа зориулан бэлтгэдэг энэхэн “Өрөмтэй талх”-ыг хүртэж орхиод их ажил руугаа шунан ороорой.
#ШИЙРИЙ ХИЙВ
Өнгөрсөн долоо хоногийн Уундаагийн тоймоос “шийрий” хийлээ.
🚢 Сөнөсөн онгоц
Алдарт аялагч Сир Э.Шеклтоны 1915 онд живсэн домогт хөлөг "Endurance"-ийн үлдэгдлийг 3008 метрийн гүнээс илрүүллээ. Антарктидыг бүтэн туулан гарсан анхны экспедиц болох зорилготой далайд гарсан түүний экспедиц усан онгоцоо алдсан ч жил гаруй хугацааны турш 1300 гаруй км-ийн замыг туулж, багийн гишүүн 27 хүн бүгд амь гарсан түүх нь өдийг хүртэл эр зориг, адал явдлын гайхамшигт тууль болон өгүүлэгдсээр ирсэн билээ.
🔊 Гахайн орчуулагч
Копенгагений их сургуулийн эрдэмтэд гахайн дуунаас сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн байдлыг нь тодорхойлох чадвартай алгоритм бүтээжээ. Тэд нийт 411 гахайнаас 7414 ялгаатай дуу авиаг цуглуулж, шинжилгээ хийсэн гэнэ. Энэ нь фермийн аж ахуйд хяналтын зорилгоор ашиглахад тохиромжтой системийг үүсгэх боломжтой хэмээн тэд үзэж буй.
Эдгээр болон бусад сонирхолтой мэдээллийг ЭНД дарж үзээрэй.
❌ Дахин PCR шинжилгээ шаардлагагүй
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар өнөөдрөөс эхлэн Монгол Улс руу нэвтрэхэд PCR, түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагагүй болжээ. Гадаадаас ирэх иргэд дараах заалтыг хангасан байх шаардлагатай.
Монгол Улсад ирээд эрүүл мэндийн хуудас бөглөх,
Монголд ирсний дараа нэмэлт шинжилгээ авахгүй,
Ямар нэгэн хорио тусгаарлалтад орохгүй,
Монголд Улсад орж ирсний дараа хот, хөдөө орон нутагт зорчих, нисэхэд ямар нэг нэмэлт шаардлага тавигдахгүй,
Бүх хүнийг үнэгүй вакцинжуулалтад хамруулах болон ковидын эмчилгээ хийх боломжтой.
❄ "Бээжин 2022" өвлийн паралимп
Өвлийн паралимпийн гүйлтийн цанын 12.5 км зайн уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ц.Дашдорж 14 улсын 22 тамирчнаас 41 минут 01 секундын амжилтаар 14 дүгээр байранд шалгарсан бол Б.Ганболд 48 минут 07.7 секундын амжилтаар 21 дүгээр байр эзэлжээ.
#ТОВЧХОНТОО (Товчхондоо + Тоо)
400: Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ энэ сард тонн тутамдаа 400 ам.доллар давж, түүхэн дээд түвшиндээ хүрэв. Украинд дайн эхэлсэнтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүд авч байгаа нь олон улсын эрчим хүчний хямралд хөтлөн, нэмэгдэж байсан түүхий эдийн эрэлтийг улам өсгөж ийнхүү үнийн хөөрөгдөлд оруулаад байна.
1 тэрбум: Манай улсын нийт гадаад өр өмнөх оноос нэг тэрбум ам.доллароор өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, улсын нийт гадаад өр 2021 онд 33.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос нэг тэрбум (3.2%) ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 129.3 (0.4%) сая ам.доллароор буурсан байна.
2375: Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлж буйгаар энэ оны эхний хоёр сарын байдлаар 2,735 иргэн гэрлэлтээ бүртгүүлжээ.
#MAKE IT UNREAD
10 ертөнц, 10 өнцөг – Эмэгтэйчүүдийн эрхийн тухай
Бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "эмэгтэйчүүдийн эрх" хэмээх өргөн сэдвийн хүрээнд нийгмийн төрөл бүрийн төлөөллийг сонгон авч, тэдний бодит түүх хийгээд үзэл бодлыг хуваалцсан юм. Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншаарай.
Тайлбарлах нь – Амтат чихрийн ардах аюулт түүх
Зүрхний өвчлөл, таргалалт, чихрийн шижин гээд төрөл бүрийн өвчний эх суурь болж буй чихрийн хэрэглээ дэлхий даяар буурах битгий хэл жил ирэх тусам тогтмол өссөөр. Тиймээс бид энэ удаагийн “Тайлбарлах нь” буландаа чихрийн тухай бүгдийг багцлан хүргэлээ.
Номын тухай – Номтой яриа #21: TenGer TV-ийн продюсер, судлаач, түүхч Б.Дөлгөөн
Францын "Sciences Po" их сургуульд улс төрийн философи, олон улсын харилцааны түүхээр магистр хамгаалж, сургуульдаа судлаач, социологичоор ажиллаж байсан туршлагатай Б.Дөлгөөнтэй бид номын тухай хөөрөлдсөн юм. Түүний “эсэргүү” хариултууд сонирхлыг тань татна гэж итгэж байна. Нийтлэлийг ЭНДЭЭС уншаарай.
#АВДРЫН ЁРООЛООС
Ажлын намтар бичихдээ анхаарах 6 зүйл
1. Харагдац, дизайндаа анхаар
Ажил олгогч таны намтрын агуулгыг мэдэхээс өмнө эхлээд хэлбэрийг харах болно. Ингэхдээ аль болох мэдээллүүдээ зааглан ангилах, цагаан цайвар цаас хэрэглэх, 10-12 хэмжээтэй үсгээр бичих, түгээмэл хэрэглэгддэг фонт (Arial, Times New Roman) ашиглахад анхаарах хэрэгтэй. Ажлын намтар, CV гэх мэтийг толгойд бичиж зай үрэх хэрэггүй. Мөн зөв бичих дүрмийн алдаа хэрхэвч гаргаж болохгүй.
2.Эхэн хэсэгт өөрийн товч тодорхойлолтыг оруул
Намтар нь мэдээллүүдийн цуглуулга учраас өөрийн үгээр хүүрнэх боломж тэр бүр олддоггүй. Харин энэ боломжийг намтрынхаа толгой хэсэгт цөөн үгээр гаргаж өгөх хэрэгтэй. Англиар үүнийг “Personal Statement” гэдэг ба гол төлөв 50-150 үгэнд багтаан бичдэг. Энэ хэсэгт та өөрийн хэн болох, юу санал болгож чадах, карьерын зорилго зэргийг маш цөөн бөгөөд оновчтой түлхүүр үгсээр бичиж чадвал ажил олгогчийн анхаарлыг даруй татаж чадна.
3.Тухайн байгууллагад тохируулан намтраа бэлтгэ
Та өөрийн бүх л үүх түүхийг бичих шаардлагагүй. Гагцхүү тухайн ажил олгогчийн онцлог, тавьж буй шалгуураас хамаарч юу бичихээ шийдэх хэрэгтэй.
4.Тоо баримт хавсарга
Тоо баримт оруулж өгөх нь мэдээллээ илүү бататгаж, цаад талдаа ч илүү итгэл үнэмшил төрүүлэх болно. Жишээ нь, орчуулагчаар ажилласан байсан бол хэдэн ном/нийтлэл/хуудас орчуулж байснаа бичвэл бусдаас ялгарахад тустай.
5.Хэт хувийн мэдээлэл оруулах хэрэггүй
Намтартаа төрсөн огноо, гэр бүлийн байдал, өндөр, жин гэх мэт хэт хувийн мэдээлэл оруулахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь таныг ямар нэг ялгаварлалд өртөхөөс сэргийлнэ.
6.Сошиал медиаг үр дүнтэй ашигла
Сүүлийн үед ажил олгогч нар ажил горилогчдын намтрыг үзэхээс гадна нэрээр нь дамжин сошиал хуудсуудыг шалгадаг болсон. Учир нь эндээс тухайн хүний ямар зан араншин, хэв маягтай хүн болохыг түвэггүй мэдэх боломжтой билээ.
#ЦАЙ УУХ ЗУУР
Цайны цагаар үзэж сонирхох контентуудыг санал болгоё.
🕯 Хариулах: “Жүлчгэр” гэж ямар утгатай үг вэ?
А. Цүлцгэр Б.Хөшүүн В.Үрчгэр Г.Хийгүй
Зөв хариултыг товхимлын төгсгөлд дэлгэв.
🎧 Сонсох: Kim Yeji – House that I used to call home
Өмнөд Солонгосын JTBC телевизийн “Super Band” шоуны хоёрдугаар улирлын шилдэг оролцогчийн дууг санал болгож байна. Энэхүү дуу бага насны тань гэгээлэг дурсамж хийгээд тэрхүү цаг үеийг эргэн сануулах болов уу.
🧐 Сонирхох: K-Trump гэж хэн бэ?
Өнгөрсөн лхагва гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль болж сөрөг хүчний нэр дэвшигч Юн Сок Ёл 48.56 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. Түүнийг солонгосчууд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай зүйрлэдэг ба эл ялалтын дараа Өмнөд Солонгосын твиттер хэрэглэгчдийн дунд “Immigration to Canada” түлхүүр үг хамгийн их хэрэглэгджээ. Тэгвэл K-Trump гэж нэрлэгдээд буй түүний талаар ЭНДЭЭС уншаарай.
Ийнхүү өнөөдрийн товхимол өндөрлөж байна. “Хаврын салхи хавирга нэвт” гэдэг тул дулаан хувцаслаарай. Ирэх долоо хоногийн шинэ дугаараар эргэн уулзацгаая!