Нар ээсэн өглөөний мэнд!
Өнөөдрийн дугаар бол товхимлын сүүлийн дугаар. Сүүлийн дугаар аа? Яг ч сүүлийнх биш юм аа. Товхимлын одоогийн хувилбарын сүүлийнх гэвэл зохилтой. Бид тун удахгүй товхимлоо агуулга, хэлбэрийн хувьд бүрэн шинэчлээд танд хүргэх болно. Уншигч та ямар төрлийн мэдээ мэдээлэл уншихыг хүсэж байгаа талаар санал бодлоо доорх сэтгэгдэл үлдээх хэсэгт эсвэл majigaa@unread.today хаягаар ирүүлээрэй. Таны санал сэтгэгдэл бидэнд үнэ цэнтэй байх болно.
Ингээд товхимолдоо тавтай морил.
#ШИЙРИЙ ХИЙВ
Өнгөрсөн долоо хоногийн Уундаагийн тоймоос “шийрий” хийлээ.
🏆 Оскарын шуугиан
Карьерынхаа анхны Оскарыг өөрийн болгосон Уилл Смит шууд дамжуулалтын үеэр тайзан дээр хөтлөгч К.Рокийг алгадсан нь энэ жилийн гол ярианы сэдэв болов. Тэрээр эхнэрийг нь элэглэсэнд дургүйцэж хариу үйлдэл үзүүлснээ тайлбарлан, уучлал хүссэн бөгөөд үүний дараагаар өөрийн хүсэлтээр академийг орхиж буйгаа мэдэгджээ. Арга хэмжээг нийт 16.3 сая хүн шууд хүлээн авч үзсэн нь өмнөх жилээс 63 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.
🗻 Сансрын уудам дахь мөсөн уул
Одон орончид Дэлхий вангийн гадаргуугаас мөсөн уул илрүүлснээ зарлалаа. Хамгийн томдоо 7 км өндөртэй, 100 км өргөн үргэлжлэх мөсөн уулыг тэд ажигласан бөгөөд цаашид гарагийн геологийн бүтцийг нарийвчлан судлах шаардлагатайг илтгэж байгаа хэмээн онцолжээ.
Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
🩺 Эрүүл мэндийн даатгалаас таны эрүүл мэндийн төлөө хэдэн төгрөг төлөх вэ?
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоолын Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд 570 оношийн бүлэг хамаарах бөгөөд 224 оношийн бүлэгт даатгуулагч иргэн ямар нэгэн хамтын төлбөр төлөлгүй хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ авах буюу нийт зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах зохицуулалтыг хийжээ. Тодруулбал, ЭМД-ын сангаас 212,500 төгрөгөөс 90,330,000 төгрөг хүртэлх зардлын төлбөрийг хариуцан даатгуулагч иргэнийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалан ажиллах аж. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
🧾 Татварын буцаан олголтын тухай
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2021 оны аж ахуйн нэгжийн буцаан олголт болох 41.7 тэрбум төгрөгийг өгч эхэлжээ. Үүний дагуу жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, татвараа төлсөн 2555 ААН-д 90 хувийг буцаан олгох аж. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
#ТОВЧХОНТОО (Товчхондоо + Тоо)
1 ба 3: Засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистаны нийслэл Душанбе хотод амжилттай зохион байгуулагдаж манай улсын тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.
15: “The Hu” хамтлаг энэ сарын 15-наас “Хар аянга" нэртэй Европын орнуудаар тоглолт хийхээр төлөвлөжээ.
12: Азийн хөгжлийн банкнаас 2021 онд Ази, номхон далайн орнуудын дунд хийсэн судалгаагаар монгол эмэгтэйчүүдийн бичиг үсгийн мэдлэгийн түвшин 98.6 хувь буюу 35 орноос 12 дугаар байрт бичигджээ.
#MAKE IT UNREAD
Тайлбарлах нь – Стэнд-ап комедиг тайлбарлах нь: Хөгжилтэй лекцээс дэлхийн урлаг хүртэл
Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан бид стэнд-ап комедигийн талаар тайлбарлахыг хичээсэн юм. Хэдийн үзэгчдэд танил болсон стэнд-ап комеди хэрхэн урлаг болтлоо хөгжиж, өөрийн гэсэн хэв маягийг олж, үзэгчдийн хайрыг татах болсон юм бол? Нийтлэлээ ЭНД дарж уншаарай.
Мэдүүштэй – Сарын тэмдгийн тухай бидний мэддэггүй зүйлс
Охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой байгалиас өгөгдсөн энгийн үйл явц болох сарын тэмдгийн талаарх эргэлзээтэй асуултуудад ЭНЭХҮҮ нийтлэлээр хариу өгөв. Цаг агаарын байдлаас үүдэн шинж тэмдэг нь дагаж өөрчлөгддөг гэдгийг та мэдэх үү?
#АВДРЫН ЁРООЛООС
Хувийн санхүүгээ удирдах 5 арга
Та өөрийгөө хэр санхүүгийн сахилга баттай гэж боддог вэ? Орлого тань зарлагаасаа илүү гардаг уу? Өөрийн гэсэн хуримтлалыг бий болгож чадсан уу? Хэрвээ эргэлзэж байгаа бол, илүү их мэдээлэл авахыг хүсэж байвал анхаарлаа нааш нь хандуулаарай.
Хувийн төсөв гаргах – 50/30/20 дүрэм
Та нийт орлогынхоо 50 хувийг зайлшгүй зардал болох хоол хүнс, байрны мөнгөнд зарцуулах хэрэгтэй. Харин 20 хувийг хадгалж, үлдсэн 30 хувиар юу хүссэнээ хийж болно. Товчхондоо 50% хэрэгцээ, 30% хүсэл, 20% хадгаламж юм.
Машин худалдаж авах – 20/4/10 дүрэм
Энэ арга таныг үнэтэй машин худалдаж авах үед санхүүгийн дарамтад орохоос сэргийлэх болно. Юун түрүүнд та машин лизингээр худалдан авах гэж байгаа бол 20 болон түүнээс дээш хувийн урьдчилгаа хураасан байх хэрэгтэй. Дөрөв бол таны машины лизингийн хугацаа дөрвөөс дээш жил үргэлжлэх ёсгүй гэдгийг илтгэх юм. Харин эдгээрийг сарын нийт орлогын 10 хувиас илүүгүй байлгахыг хичээгээрэй.
Байр худалдаж авах – 3 жилийн дүрэм
Энэ арга танд хэдий хэр үнэтэй байр худалдаж авч болохыг хэлж өгнө. Товчхондоо та байр худалдан авахдаа өөрийн болон хамтрагчийнхаа цалинг гурван жилээр тооцоолж, үнийн дүн нь үүнээс илүү гарахааргүй байрыг сонгох хэрэгтэй.
Тэтгэвэрт гарах – 10% дүрэм
Одоогийн байдлаар тэтгэвэр тогтоохдоо 84 сар буюу долоон жилийн цалинг дундажлан сар бүр олгож байна. Хэрэв та тэтгэвэрт гараад хангалттай хэрэглээнд хүрэхүйц мөнгө хураахыг хүсвэл сар бүр орлогын 10 хувиа хадгалаарай.
Хадгаламж – Яаралтай тусламжийн сан
Гэнэтийн зүйлс хэзээ ч болж магадгүй учир та асуудал тохиолдоход ашиглах мөнгө хураасан байх хэрэгтэй. Ингэхдээ та ямар ч хадгаламжийн аргыг ашиглаж болно. Ямартай ч үр дүн нь таны зургаан сарын хэрэгцээг хангахуйц мөнгө байх ёстой.
#ЦАЙ УУХ ЗУУР
Цайны цагаар үзэж сонирхох контентуудыг санал болгоё.
🕯️ Хариулах: “Бүргэр” гэж ямар утгатай үг вэ?
А. Бүдэг Б. Гүргэр В. Бүрмэл Г. Бүрэг
🎧 Сонсох: The GALTMAH - NAMUUHAN
Энэ зун хаашаа аялахаар төлөвлөж байна даа?
Үүрээр орсон бороо агаарт чийг болон
Олон өнгийн солонго татлаа
Огторгуй ертөнц аяархан хөгжимдөж
Одоо л би амьсгалаа мэдэрлээ
🧐 Сонирхох: 94 дэх удаагийн Оскарын наадмын шагналтнууд
Энэ удаагийн Оскарын наадамд “Dune” (2021) нийт зургаан төрөлд, Билли Айлиш “No Time to Die” дуугаараа “Best Original Song”, жүжигчин илл Смит анхны Оскарыг тус тус хүртсэн юм.
💡 Мэдэх: Google Docs-ын шинэ тэмдэглэгээ
Хэрэв та Google Docs ашиглан англи хэл дээр ажил, хичээлээ тэмдэглэдэг бол ЭНЭХҮҮ нийтлэлд анхаарлаа хандуулаарай. Учир юу гэвэл Google Docs нь зөв бичгийн дүрмийн алдааг засахаас гадна оновчтой үгийн сонголт, ойлгомжтой өгүүлбэрийн бүтцийг санал болгох аж. Ингэхдээ засварлах шаардлагатай үгийн доогуур нил ягаан өнгийн тэмдэглэгээ гарч ирэх юм.
Энэ хүрээд “Өрөмтэй талх” товхимлын 20 дахь дугаар өндөрлөж байна. Шинэ өнгө төрх, хэв маягтайгаар тун удахгүй эргэн уулзъя.