Кино үдэшлэг, Thor, Namoon
Бороотой өдрийн мэнд!
Энэ амралтын өдрүүдээр ихэнх хүмүүс юу хийх нь тодорхой биз ээ. Залуусын хамгийн том хөгжмийн фестиваль “Playtime” өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн товхимолдоо хотдоо үлдэж, гиюүрэхээр шийдсэн хүмүүстээ зориулан амралтын өдрөө хөгжилтэй өнгөрөөх санаануудыг бэлтгэлээ.
Ингээд өнөөдрийн дугаарт тавтай морил.
CASABLANCA
Их хотод маань жилдээ ховорхон тохиодог түгжрэл, хөл хөдөлгөөн багатай зурвасхан үе айсуй. Тэгвэл чухам энэ цагаар сонгодог хуучны киног өргөн дэлгэцээр тухлан үзвэл ямар вэ?
Хоёрдугаар дайны түймэр, хосуудын хайрын түүх зэрэг дүрэлзэж асан, нурж сүйдсэн хот балгадын хамт зүрх сэтгэл, хүсэл мөрөөдлөө хугачин даруулсан хүмүүсийн түүхийг өгүүлэх, эхнээсээ төгсгөл хүртлээ бүхэлд нь зүгээр л "хайрламаар" кино болох “Casablanca”-г “Cafe 4450”-ийн кино үдэшлэгт очиж үзээрэй. Кино үдэшлэг энэ бямба гарагт болно шүү.
Эвентийн тухай мэдээлэл АВАХ
THOR
Энэ баасан гарагт “Thor: Love and Thunder” нээлтээ хийх билээ. Романтик-комеди жанрын анхны “MCU” бүтээл гэхэд буруудахгүй. Одоогоор “Rotten Tomatoes” дээр 70 хувийн үнэлгээтэй явж буй. Хот эзгүйд “Marvel”-ийн шинэ киногоо тухтай нь аргагүй үзэх боломж байна шүү.
Тасалбар ЗАХИАЛАХ
LIVE FROM RED HERO
“Улаанбаатараас ярьж байна” подкастын шинэ дугаар өнөөдөр цацагджээ. Энэхүү дугаарт сонирхолтой зочин оролцсон нь Монголын анхны эмэгтэй зураглаач Д.Тунгалаг юм. Телевизийн "Алтан сан" хөмрөгт түүний бүтээлцсэн "Энхээ", "Хүннү," "Амарсанаа" дуурь зэрэг олон арван бүтээл хадгалагдаж байдаг аж. Амралтын өдрөөрөө подкастаа сонсон шинэ хүнтэй танилцаад аваарай.
ПАСТА САЛАТ
Хөнгөн оройн зуушинд тохирох паста салатны жорыг та бүхэнд санал болгож байна. Гар доорх материалаар хийх боломжтой уг жорыг та туршаад үзээрэй.
Энэ удаагийн дугаарт “NANA гоо сайхны эмнэлэг”-ийн орчуулагч, Монгол талын маркетинг хариуцсан багийн ахлагч Ж.Намуун амралтын өдрийн “жор”-оосоо хуваалцлаа.
Таны хувьд хамгийн төгс амралтын өдрийн хэмнэл?
Солонгост ХУКАНСИ (호캉스) гэж ярьдаг. Энэ нь Ху буюу hotel, Канс буюу vacancy гэсэн хоёр үгийн нийлбэрээс гарсан шинэ үг. Миний хувьд гэр бүлээрээ амралтын өдөр буудалд амарч, бассейнд сэлж, хүүхдээ тоглуулах дуртай. Нөхөр маань өглөө эрт босон фитнест явж, би амттай хоол идэн дуртай цувралаа үзэж, өнгөрүүлэх ч дуртай. Ингэж маш их амралт авснаар дахин ажиллах эрч хүчтэй болдог доо.
Сүүлийн үед амралтын өдөр тань хэрхэн өнгөрч байна вэ?
Гэр бүлтэйгээ ихэвчлэн салхинд гарч, шинэ зүйлс туршиж үздэг. Заримдаа амралтын өдрүүдээр зураг авалттай үе бас таардаг.
Манай уншигчдад санал болгох нь...
Хэрэв гэр бүлтэй бол гэр бүлтэйгээ хамт дуртай зүйлсээ хийгээрэй. Өөрийгөө эрхлүүлж, хайрлаж, хөгжүүлж болох зүйлс хийхийг мөн санал болгож байна. Голын эрэг дээр очоод майхан барьж, байгалийн чимээг сонсон хэвтээрэй. Ер нь амралтын өдөр гэртээ байх, их унтах хайран санагддаг. Гоё кофе шоп олоод цай уун, ном унших ч гэсэн таатай байдаг.
Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх долоо хоногт шинэ дугаараараа эргэн уулзацгаая.
Unread апп татах: Android, iOS
Сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today