Хагас эгшин, UBIMAF 2022, Burii
Зуны аагим халуун өдрийн мэнд.
Зун эхлэв үү, үгүй юу урлаг соёлын эвент, үзэсгэлэнгүүд ар араасаа цуварсаар л байна. Та аль нэгийг нь үзэж амжив уу? Амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлж буйгаа бидэнтэй хуваалцаарай.
Ингээд энэ долоо хоногийн амралтын өдрийн “жор”-оо хүлээн авна уу.
ХАГАС ЭГШИН
Зураач Д.Пагмадуламын "Хагас эгшин" анхны бие даасан үзэсгэлэн энэ бямба гаргийг дуустал толилуугдах нь байна. Зураач өөрийн үзэсгэлэнгээ “Завгүй хүмүүсийн дунд хаягдаж үлддэг сэтгэл гэдэг эрхтний тухай” хэмээн тодорхойлжээ. “MN Art Gallery”-д болох уг үзэсгэлэнг амралтын өдрүүдээр сонирхоод үзээрэй.
Үзэсгэлэнгийн мэдээлэл АВАХ
ULAANBAATAR INTERNATIONAL MEDIA ART FESTIVAL(UBIMAF) 2022
Монголын урлагийн зөвлөл нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг жил бүрийн 6 сард зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн наадам “Дархлах тун” буюу DIVOCCINATED сэдвийн хүрээнд явагдах бөгөөд өнөөдөр 19 цагаас Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийх нь ээ.
Энэ жилийн наадам "Арт кемп хөтөлбөр"-тэй гэдгээрээ онцлог болж байна. Амралтын өдрүүдээр говийн аялалд явангаа уран бүтээлчдийн үзэсгэлэнтэй танилцаж, урлагтай яриа өрнүүлэх боломжтой болжээ.
Арт Кэмп мэдээлэл АВАХ & наадмын бусад хөтөлбөртэй ТАНИЛЦАХ
ТАНЫ АНХААРЛЫН ГАДНА ҮЛДСЭН БАЙЖ МЭДЭХ 100 КИНО
Unread-ийн санал болгодог ээлжит “100 зүйл" жагсаалттай танилцаж амжсан уу? Сайн кино үзэгчдэд хариулт өгөх бус асуулт үлдээхийг чухалчилдаг. Бид яг л тийм кинонуудыг эрж олон, үзэн сонирхож, сайтар судлан, нэгтгэн дүгнэж, экспертүүдийн үнэлгээ, олон улсын амжилт зэргийг харгалзсаны үндсэн дээр ээлжит жагсаалтаа гаргалаа.
Ингэхдээ Европ, Ази, Монгол, Холливүүд, Хүүхэлдэйн, Баримтат бүтээл зэрэг үндсэн зургаан бүлэгт хувааж тухайн бүтээлийн онцлог, гол санааг илтгэсэн товч тайлбар, үнэлгээ, трэлэйрийн хамт нийтлэв. Амралтын өдөр гэлтгүй энэ зунжин үзэх киногоор дутахааргүй болсон шүү.
Нийтлэлийг УНШИХ
VINCENT
Хэрэв та намуухан, хөнгөн хэмнэлтэй дуу сонсох дуртай бол франц уран бүтээлч FKJ-ийн шинэхэн цомог танд таалагдана гэдэгт итгэж байна. Тэрээр уг цомгоо цар тахлын үед бүтээсэн бөгөөд “Vincent” гэдэг нь түүний төрөлх нэр юм.
БУРРИТО
Энэ долоо хоногт туршиж үзэх хоол бол гэрийн буррито. Та доорх хэдхэн секундын Reels бичлэгтэй танилцаад л буррито хийхэд шаардлагатай бүх мэдээллийг авах боломжтой. 🤩
ВЬЕТНАМ МАЯГИЙН ГОЙМОНТОЙ САЛАТ
Зуны улиралд аль болох хөнгөн хооллох нь хүний биед зохимжтой байдаг. Тиймээс хаяа нэг оройн хоолоо алгасаад хөнгөн салат хийж идэхэд гэмгүй биз ээ. Гар доорх материалаар хийж болох Вьетнам маягийн гоймонтой салатыг танд санал болгож байна. Доорх зааврыг даган, туршаад үзээрэй.
Энэ удаагийн дугаар Burii амралтын өдрийн “жор”-оосоо хуваалцлаа.
Таны хувьд хамгийн төгс амралтын өдрийн хэмнэл?
Өглөө фитнестээ яваад, гэрээ цэвэрлэж амралтын орчноо бүрдүүлнэ. Тэгээд утасны сонордуулгаа хааж байгаад орой болтол унтах эсвэл PS5 тоглох нь л төгс амралтын өдөр дөө.
Сүүлийн үед амралтын өдөр тань хэрхэн өнгөрч байна вэ?
Амралтын өдрүүдээ контент хийхэд зориулж байна. Найзуудтайгаа уулзах гэх мэт албаны бус ажлуудаа ажлын өдрүүдээр зохицуулчихаад, бүтэн төвлөрөх цаг гаргаж, суудаг.
Манай уншигчдад санал болгох нь…
Амралтын өдрийг ч завгүй өнгөрөөдөг залуус олон болсон юм шиг санагддаг. Иймээс ойрын хугацаанд аль нэг өдөр бүх ажлаа хаяад, утасны сонордуулгаа унтраагаад, үд болтол унтаж, гэртээ кино үзэж, тоглоом тоглоорой.
Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх долоо хоногт шинэ дугаараараа эргэн уулзацгаая.
Unread апп татах: Android, iOS
Сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today