Ганц бие хүмүүсийн ертөнц, “Өрөмтэй талх” видео, Unread Cartoon
ТОК ТОК! Шинэхэн өрөмтэй талх ирлээ 🍞
Гэгээн хайрын баярын мэнд! ❤
Хайлуулсан шоколад, хайрлуулсан зүрх… Валентин гэхээр сэтгэл гарган шоколад хайлуулах тэр мөч хамгийн түрүүнд санаанд ордог юм. Нэг удаа буруу сав сонгоод амттанаа юу ч үгүй түлж, гал тогоонд олон жил зүтгэсэн цэргээ жагсаалаас гаргаж байлаа. Ер нь тэгээд хайрын баярын тухай бүтэлтэй, бүтэлгүй дурсамж хүн бүрд байдаг болов уу. Огт тэмдэглэж үзээгүй нэгэн ч бий байх. Гэхдээ энэ бүхний эцэст хайртай хүндээ цаг зав, сэтгэл зүрхээ зориулаарай гэж жил бүр энэ баярыг бид чухалд тооцон, ач холбогдол өгч тэмдэглэдэг гэж бодож байна.
💡 Гэснээс манай товхимол танилцуулга бичлэгтэй болсон. Үзэж амжсан уу? Хэрэв хараахан үзээгүй бол ЭНД дарж сонирхоорой. Цаашид богино хэмжээний видео тойм болон даваа гараг бүр танд хүрэх болно.
Ингээд өнөөдрийн товхимолдоо тавтай морил.
#ШИЙРИЙ ХИЙВ
Өнгөрсөн долоо хоногийн Уундаагийн тоймоос “шийрий” хийв.
🔭 James Webb анхны зургаа илгээлээ
Дэлхийгээс илгээсэн хамгийн хүчирхэг сансрын телескоп "James Webb"-ийн туршилтын гэх тодотголтой эхний зурагт камерын толин самбарын тоотой тэнцүү буюу нийт 18 бүдэг цэг буужээ. Эдгээр цэгүүд нийлж бүтэн зураг болох учиртай гэнэ.
📲 Крипто төлбөр
Криптогүй зүйл үлдэхгүй нь бололтой. Тодруулбал, Apple энэ оны сүүл гэхэд криптогоор төлбөр тооцоо хийх боломжийг нээнэ гэдгээ зарлалаа. Тэд шинэчлэгдсэн "Tap To Pay" нэмэлтийн тусламжтайгаар зайнаас ажиллах ямар ч карт, төлбөрийн хэрэгслийг Apple-ийн төхөөрөмж дээр зөвшөөрөх болсон нь энэ бололцоог нээж өгч байгаа юм.
Эдгээр болон бусад сонин хачныг ЭНД дарж уншаарай.
♻ И-баримтыг бордоо болгох нь
Хичээнгүйлэн бүртгүүлдэг и-баримтынхаа цаасыг одооноос битгий хаяарай. Тодруулбал, энгийн цаас болон НӨАТ-ын баримтын хаягдал цаасыг дахин боловсруулах, зайлшгүй хэрэгцээт модны бордоонд ашиглах технологи манай улсад нэвтэрч байгаа аж. Хэрэв танд энд тэндгүй хөглөрч яваа баримт бий бол “Blue Sky Tower”-ын баруун талд байрлах “Nitro B” кафед гуравдугаар сарын 1-нийг хүртэл өгөх боломжтой.
💸 Хөгжлийн банкийг тойрсон асуудлууд
Posted.mn-ий “Сонин гарчиглая” булангийн ээлжит дугаарт "Хөгжлийн банк"-ийг тойрсон асуудлыг хөндсөн цөөнгүй нийтлэлийг онцолжээ. Эл сэдвийг тойрсон нийгмийн хэлэлцүүлэгт өдөр тумын сонинууд нухацтай хандсанаас “Зууны мэдээ” сонины хадаас сурвалжлагыг цохон хүргэе.
#ТОВЧХОНТОО (Товчхондоо + Тоо)
21 жил: НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа тус сантай байгуулсан гэрээгээ 21 жилийн дараа дуусгавар болгожээ. Тэрээр үүрэгт хугацаандаа “Хүүхдийн төлөө за гэж хэлье” дууг үзэгч, сонсогчдодоо хүргэсэн билээ.
85, 65: “Бээжин-2022” өвлийн олимпод улсаа төлөөлөн оролцож буй тамирчдын амжилтыг танилцуулъя. Сонгодог тэшилт төрөлд эмэгтэйчүүдийн 10 километрийн уралдаанд А.Энхтуул 85, эрэгтэйчүүдийн 15 километрийн уралдаанд Б.Ачбадрах 65-р байранд тус тус оржээ.
4 хүүхэд: I-XII ангийн 62 мянган сурагчдаас гарааны үнэлгээний шалгалт авснаас 7-14 насны хүүхдийн 61 хувь нь унших чадвар эзэмшсэн гэх дүн гарчээ. Өөрөөр хэлбэл энэ тоо нь арван хүүхдийн дөрөв нь уншиж ойлгох чадвар муу байгааг илтгэж байгаа юм.
#MAKE IT UNREAD
Random – Ганц бие хүмүүсийн 10 ертөнц, 10 өнцөг
"Ганц бие" гэх тодотголтой ч хайртай учирч, зүрхэнд нь хэн нэгний тухай гэрэлт бодлууд ургаж соёолон, хэлбэр дүрсээ олж яваа хүмүүсийн хайрын тухай бодлыг бид сонирхсон юм. Тэдний гайхалтай хариултыг ЭНДЭЭС олж мэдээрэй.
Номын тухай – Дамдинсүрэнгийн Урианхайн "Философийн суулгацууд" номын тухай
Монгол орны ирээдүй, хүний амьдралын мөн чанар, дэлхий ертөнцийн соёлт хүмүүсээс бид сэтгэлгээний хувьд юугаар хоцрогдсон тухай, юугаар илүү тухай, тэдэнтэй мөр зэрэгцэн амьдрахын тулд бид ямар давуу талаа ашиглах, ямар сул талаа орхих хэрэгтэй талаарх бодол, гаргалгаа бүхий 441 ширхэг бичил бичвэрээс бүрдсэн “Философийн суулгацууд” номын тухай онцлов. Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншаарай.
Сүүлийн үед манай сошиал хуудсууд идэвхжиж, сонирхолтой пост, стори орж байгааг анзаарсан уу? Тэдгээрийн нэг нь манай график дизайнер А.Ачмаагийн танилцуулж буй “Unread Cartoon” билээ. Түүний уран бүтээлийн дээжийг уншигч танд толилуулж байна.
Манай инстаграм хуудсыг дагах: @unreadtoday
#АВДРЫН ЁРООЛООС
Сэтгэлийн дарамтаас ангижрах нь: Минимализм гэж юу вэ?
Шүүгээгээр дүүрэн өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд хэрэглэл, гүйцээж амжаагүй ажлууд, шийдэж чадаагүй орхисон асуудлууд. Олон зүйлийг зэрэг амжуулна гэсэн бодол, харсан эд бүхэндээ шунаж явдаг араншин бидний ихэнхийнх нь амьдралын хэв маягийг тодорхойлжээ. Дээр дурдсан асуудлуудыг бид өдөр тутамдаа анзаардаггүй ч биднийг хамгийн их стресстүүлж, дарамтад оруулдаг хүчин зүйлс юм. Тэгвэл эдгээрийн эсрэг байх буюу өөрийн хэрэглэдэг зүйлсийг л ашиглаж, өөрт хэрэгтэй ажил дээрээ л төвлөрөх тэрхүү үзлийг минимализм гэж тоймлож болно.
Минимализм – Заавал ингэж амьдрах ёстой, ийм дүрмийг баримтална гэсэн дэг журам байхгүй бөгөөд энэ нь зөвхөн илүү сэтгэл амар амьдрах, дарамтгүй байх, эрх чөлөөтэй амьдрах тухай ойлголт.
Минималист амьдрал – Өөрт хэрэггүй зүйлсийг эзэмшиж, амьдралд нь хэрэг болохгүй зүйлс рүү шунаж, өөрт шаардлагагүй ажлууд руу анхаарлаа төвлөрүүлэх зэргийн эсрэгээр амьдрахыг илэрхийлнэ. Чухал цөөн зүйл дээр төвлөрөх, энгийн зүйлээр ихийг бүтээх, багаар их боломж үүсгэх зэрэг түлхүүр үгс энэхүү ойлголтыг төгс тодорхойлдог.
Цөөн үгээр – Минимализм бол “Эрх чөлөө”. Минималист амьдрал таныг айдас, санаа зовнол, гэмшил, сэтгэл гутралаас чөлөөлнө.
Юунаас эхлэх вэ? – Нэг өдрийг гэрээ бүтэн цэгцэлж өнгөрүүлээрэй. Шүүгээ, цүнх савнаас тань хэчнээн хэмжээний хэрэггүй, магадгүй хэзээ ч ашиглахгүй зүйл гарч ирэх бол? Тэндээс л минималист амьдрал эхэлнэ.
#ЦАЙ УУХ ЗУУР
Цайны цагаар үзэж сонирхох контентуудыг санал болгож байна.
🕯 Хариулах: “Агууч” гэж ямар утгатай үг вэ?
А. Арвич хямгач Б. Авилгач В. Алсын хараатай Г. Ангууч
Зөв хариултыг товхимлын төгсгөлд дэлгэв.
🎧 Сонсох: Chris Amorist – Cherry and Pie
“B production”-ы залуу уран бүтээлч Крисийн анхны дууг сонсоод үзээрэй. Баярын үдшийн уур амьсгалтай тань баараггүй зохицох болно.
Only you, it's so true... a b c d
I just said you could be mine
I don't think you feel so fine
Lips taste like a cherry and pie
Taste like a cherry and pie
I just said you could be mine
You fine taste like a cherry and pie
📜 Сонирхох: “Гэм зэм” дахин тайзнаа
2021 оны гол сэдэв болж чадсан “Гэм зэм” постдрамын жүжгийг тайзнаа дахин амилуулахаар болжээ. Театрын урлагт дурлагсдын сэтгэл зүрхийг эзэмдэж, театраас хол явсан хүмүүсийг өөртөө татаж чадсан уг бүтээл ирэх гуравдугаар сарын 3-27-ны өдрүүдэд тоглогдох юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
🧐 Танилцах: 94 удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчид
Ирэх сарын 27-ны өдөр болох Оскарын наадамд хэн хэн, ямар төрөлд нэр дэвшсэнийг ЭНД дарж хараарай.
Энэ хүрээд өнөөдрийнхөө шууданг дуусгаж байна. Ирэх долоо хоног шинэ мэдээ, мэдээлэлтэйгээр эргэн уулзацгаая!