Шинэхэн өглөөний мэнд!
2021 оны 354 дэх өдөр эхэлж, шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Хамт олон, найз нөхөд, хайртай гэр бүлтэйгээ баяраа тэмдэглэхэд бэлэн үү? Он дуусахад ердөө 11 хоног үлдсэн байна. Хийж гүйцэлдүүлээгүй ажлуудаа одоо л амжуулах хэрэгтэй шүү.
Ингээд өнөөдрийн товхимолдоо тавтай морил!
#ШИЙРИЙ ХИЙВ
Уундаагийн тоймоос “шийрий” хийлээ.
🕸Хүн–Аалзын шинэ түүх
Аалзан хүний шинэ ангийг үзэж амжсан уу? Миний хувьд спойлердуулахгүйг хичээн сошиал хуудсууд руугаа оролгүй тэвчиж сууна. Ямартай ч 200 сая ам.доллараар бүтсэн “Spider-Man: No Way Home” кино нээлтийн долоо хоногтоо 242 сая долларын ашиг олсноор “Avengers: Endgame”-ийн араас бичигдэж байгаа гэнэ.
🐛Мянган хөлт
Жаран хөлт гэж дуулснаас биш 1000 хөлтийн тухай төсөөлж ч үзээгүй юм байна. Тэгвэл Австралийн баруун хэсгийн уул уурхайн бүсээс дэлхийн хамгийн олон хөлтэй буюу 1306 хөлтэй бичил амьтныг илрүүлжээ.
Эдгээр болон бусад сонин хачныг ЭНД дарж уншаарай.
🔬Хуванцар идэгч микроб
Хорвоо ертөнц өөрчлөгдөж, хөрс болон далайн микробууд хуванцар иддэг болтлоо хувьсжээ. Тодруулбал, судалгаа шинжилгээнд хамрагдсан дөрвөн организм тутмын нэг нь хуванцар задлахад тохирох фермент агуулж байсан аж. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
📜Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль
Монгол Улс виртуал хөрөнгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч буй анхдагч орнуудын нэг боллоо. Энэхүү хууль нь манай улсад гаднын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг солонгоруулах, технологийн шинэ эрин үеийг авчрах боломжийг бий болгож байна. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС.
#ТОВЧХОНТОО (ТОВЧХОНДОО+ТОО)
2.3 тэрбум: Оюутолгой төслөөс Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байгаа аж.
172 мянга: ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 16 дугаар чуулганаар “Монгол бий биелгээг тогтворжуулж, өвлүүлэн уламжлуулах нь” төслийг нийт 172.000 ам.долларын төсөвт өртөгтэйгөөр батлав.
2.5 хоног: Шинэ омикрон хувилбарын нууц үе 2.5 хоног үргэлжилж байгааг тогтоожээ.
#MAKE IT UNREAD
Мэдүүштэй – Unread Gift Guide: Шинэ жилийн бэлгийн хөтөч 2021
Цастай гудамж, хөхүүн өдрүүд, дулаахан сар. Гацуур мод, догдлох сэтгэл, гайхалтай бэлэг… Өнгөрсөн жил цар тахлын улмаас найз нөхөд, хамт олноороо цуглаж баярлаагүй бидэнд энэ шинэ жил цаанаа л нэг онцгой тул бэлэг бодож санааширсан хүмүүс олон байгаа нь лав. Unread-ийн багийнхан бид ч шинэ жилийн бэлгийн хөтчөө санасан байна. Тийм ч учраас бид шинэ жилийн бэлгийн хөтчөө хичээнгүйлэн бэлтгэсэн. Шууд л худалдан авах олон гоё бэлэг багтсан байгаа шүү!
Posted.mn – “Ирээдүйгээ төсөвлө” аяныг эхлүүлэх нь
Европын Холбоо, Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн Яам Unread Media компанитай хамтран “Ирээдүйгээ төсөвлө” аяныг эхлүүлж байна. Бидний төлж буй татвар нь улсын төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг учраас төсвийн талаар сайн мэдээлэлтэй байж, төсвийг батлах, хянах үйл явцад оролцдог байх нь чухал. Аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.
Мэдүүштэй – 10 ертөнц, 10 өнцөг: Вакцинжуулалтын тухай
Нас насны, өөр өөр намтар түүхтэй 10 хүнийг урьдаг цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт бид гуравдугаар тунгийн талаарх иргэдийн сэтгэгдлийг хуваалцсан. Нэг талаас вакцинд хамрагдах эсэх нь хүний эрх ч гэлээ нөгөө талаас хайртай дотнын хүмүүсээ хамгаалах нь бидний үүрэг билээ. Нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
#АВДРЫН ЁРООЛООС
Монгол хэлний найруулга зүйгээ сайжруулахад туслах 3 ном
Эх хэлээрээ яруу сайхан ярьж, бичнэ гэдэг үнэлж барамгүй боловсрол хийгээд үнэ цэн. Тиймдээ ч монгол хэлний найруулга зүйгээ сайжруулахад туслах гурван номыг энэ удаагийн шуудангаар дайж байна.
БАРСАН ХЭВНЭГТ БААТАР – О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн зэрэг Дарьгангын нэрт яруу найрагчдын багш, яруу найрагч Доржийн Гомбожав 1960-аад оны эхэнд энэхүү зохиолыг монгол хэлнээ уран тансаг хөрвүүлж, уншигчдын хүртээл болгожээ. Хайр сэтгэл, нөхөрлөлийн тухай энэ туульсын найраглалыг гайхалтай сайхан орчуулсан байна, "Би бол барын арьс нөмөрсөн баатар гэж орчуулахаар байжээ" хэмээн Бямбын Ринчин гуай үнэлсэн байдаг.
ТАРЧИЛСАН СҮНС – Ардын уран зохиолч, үгийн уран дархан Дэндэвийн Пүрэвдорж агсан өөд болохынхоо өмнөх хэдэн жилд голдуу үргэлжилсэн үгийн зохиолууд бичсэн байдаг. Дүрүүдээрээ дамжуулан хүний амьдрал хийгээд хорвоо ертөнцийн тухай эргэцүүлэх өвгөн зохиолчийн хэрэглэж буй үг хэллэг, хэл найруулга нь үнэхээр гайхалтай. Баабар гуай "Д.Пүрэвдорж монгол үгийг уянгатай, оновчтой хэрэглэх талаар гайхалтай юм билээ" хэмээн бичсэн нь юутай үнэн болохыг та энэ зохиолоос мэдрэх болно.
ӨЛЗИЙНАРАНГИЙН ӨЧИЛ – Энэхүү номыг бичсэн А.Дашням хэмээх эрхэм бол 1920-оод оны дундуураас орон нутгийн хошуу тамгын газраа сурах, жинхэнэ бичээчийн алба хашиж байгаад 1932 оноос эхлэн Улсын хэвлэх үйлдвэрт үсэг хянагч, засагч зэрэг ажлыг 40 гаруй жил хийсэн, монгол хэл найруулга зүйн уламжлалыг сайтар эзэмшсэн бичгийн хүн байжээ. Зохиолын талаар алдарт эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэн гуай "Зохиогч эл туужнаа үйл явдлын холбоос дэс дарааг оноч сонирхолтой гаргаж зохиомж, хэллэг найруулга нухацтай өгүүлж байна" хэмээн бичсэн байдаг.
#ЦАЙ УУХ ЗУУР
💻Үзэх: Moon Dance Mongolia - World Latin Formation Championship 2021
Цайны цагаараа энэ бичлэгийг үзэж, сэргээш аваарай. Энэ онд биднийг дэлгэцийн өмнө уяж чадсан “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн бүжигчид болох “Moon Dance” хамтлаг Латин формэйшн бүжгийн ДАШТ-д эх орноо төлөөлөн амжилттай оролцжээ. Тэдний сэтгэл хөдөлгөм үзүүлбэрийг сонирхоорой.
🎧Сонсох: Т.Ариунаа -Цасан аялгуу ft. Thunder
“Жаргалтай, зөөлөн гунигтай…” Аль бага, залуугаас сонсож ирсэн дууны шинэчилсэн хувилбар гарчээ. Хуучны сайхан дурсамжууд зүрх сэтгэлд тодрох ч юм билүү... Сонсоод үзээрэй.
🤗Мэдрэх: Beautiful Mongolia 2021
Байгалийн гэрэл зурагчин, аялагч Б.Эрдэнэбулганы хальсанд буусан эх орныхоо үзэсгэлэн гоог сэтгэл зүрхэндээ мэдрээрэй.
Өнөөдрийн “Өрөмтэй талх” энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн шуудангаараа эргэн уулзъя. Гадаа хүйтний эрч чангарч байгаа тул дулаан хувцаслаарай.