Өглөөний мэнд!
Өнгөт орчлонд шинэ долоо хоног эхэлж
“Өрөмтэй талх”-ны ээлжит шуудан танд хүрч байна
Өнөөдөр олон таван үггүй шуудхан эхэлье гэж бодлоо
Өөр ч тайван даа
Товхимолдоо тавтай морил.
#ШИЙРИЙ ХИЙВ
Өнгөрсөн долоо хоногийн Уундаагийн тоймоос “шийрий” хийлээ.
🐟Baby Shark
Ютүбийн түүхэн дэх хамгийн олон үзэлттэй дуугаар “Baby Shark” дууны англи хувилбар 10 тэрбум үзэлтээр нэгдүгээрт бичигдэв. Энэ хэмжээнд хүрэхэд та бид ч бас чамлахааргүй хувь нэмрээ оруулсан билээ.
❤Гахайн зүрх
АНУ-ын эрдэмтэд анх удаа генийн хувьд өөрчлөн хувиргасан гахайн зүрхийг хүнд амжилттай шилжүүллээ. 57 настай эрэгтэйд хийсэн туршилтын хагалгаа 7 цагийн турш үргэлжилсэн ба амьтны эд эрхтнийг ийнхүү генийн хувьд өөрчлөн хүнд шилжүүлэн суулгах боломж бүрдэж буй нь донор эрхтний хомсдолыг шийдэж, сая сая хүний амийг аврахад чиглэж байна.
Эдгээр болон бусад сонин хачны дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
❌Омикронд зориулсан эмчилгээ байхгүй
Шинэ омикрон хувилбар халдварлах чадварын хувьд хурдан бөгөөд 3-5 хоногт илэрч байна. ЭМЯ-ны мэдээлж буйгаар уг вирусээр өвчилсөн тохиолдолд хоолой хөндүүрлэх шинж тэмдэг зонхилж байгаа юм. Түүнчлэн өмнөх хувилбарууд шиг үнэр, амтаа алдах шинж тэмдэг илрэхгүй байгаа бөгөөд хоруу чанарын хувьд бага, харьцангуй хурдан эдгэрэх төлөвтэй аж. Тиймээс гэрээр тусгаарлагдаж буй иргэд хөнгөн өвдсөн тохиолдолд эмчилгээ шаардлагагүй бөгөөд шингэн бүлээн зүйл сайн ууж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэн, хангалттай амрах нь чухал гэдгийг онцлов.
🙌Холбоодын нэгдсэн УАШТ
Монголын Спортын Корпорацаас зохион байгуулж буй “15 Холбоо Нэгдсэн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн” өнөөдөр дуусаж байна. Монголын спортын менежментийн салбарт өөрчлөлт, шинэчлэл хийхийг зорьж буй тэд энэхүү тэмцээнийг олон улсын жишиг, стандартад нийцүүлэн “Мөсөн Өргөө” спорт цогцолборт зохион байгуулсан юм. Тэдний сошиал хуудсаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
💻DevSummit 2022
Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хүсэн хүлээдэг, тус салбарынхны том цугларалт “DevSummit 2022” арга хэмжээ энэ сарын 22-нд “Into the Metaverse” сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдах DevSummit нь Монголын тек салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэж, хоорондоо танилцах, мэдлэг туршлагаа солилцох, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах боломжийг олгох бүтэн өдрийн чуулган билээ. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
#ТОВЧХОНТОО (Товчхондоо + Тоо)
5 сая: Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар банк хооронд хийх бага дүнтэй гүйлгээний дээд хязгаар гурван сая төгрөг байсныг нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн таван сая төгрөг болгожээ.
20 мянгатын дэвсгэрт: 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд гүйлгээнээс бүрэн татахаар болжээ. Тус онд үйлдвэрлэсэн дэвсгэртэд олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүйн улмаас уг дэвсгэртийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байсан аж.
126 тэрбум: “ТэнГэрЛиг” медиа группийн зах зээлийн үнэлгээ 126 тэрбум төгрөгт хүрчээ. “ТэнГэрЛиг” нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны нээлттэй хувьцаат компани бөгөөд өргөн зурвасын телевиз, дижитал медиа, сурталчилгаа, эвент зохион байгуулалт, OTT стриминг, бүтээлч контент үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа явуулдаг билээ.
#MAKE IT UNREAD
Аравт – Снөүбордчин Б.Хишигбаатар
Энэ удаагийн дугаартаа бид мэргэжлийн снөүбордын тамирчин Р.Хишигбаатарыг урьж, түүний эрхэмлэдэг 10 эд зүйлтэй танилцсан юм. Туг, үүргэвч, хамгаалалтын дуулга, камер гээд сонирхолтой зүйлсээр дүүрэн байлаа. Нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
Мэдүүштэй – Цар тахлын эргэн тойронд: Нэмэлт тунгийн талаар та юу мэдэх ёстой вэ?
Дэлхийн хүн амын 61 хувь нь дор хаяж вакцины эхний тундаа хамрагдсан байгаа ч бүх зүйл эргэн хэвэндээ ороход энэ тоо хангалтгүй. Энэ нийтлэлдээ бид оны эхнээс л хүчтэй яригдаж буй вакцины нэмэлт тунгийн талаар таны мэдэх ёстой зүйлсийг багтааж, омикрон хувилбараас хамгаалж чадах эсэх асуултад хариулахыг хичээлээ.
#АВДРЫН ЁРООЛООС
Энтрепренерүүд юунаас урам зориг авдаг вэ?
Хүн бүрийн ажиллах арга барил, цаг төлөвлөлт харилцан адилгүй. Үүнээс шалтгаалан ажиллах эрч хүчээ сэлбэх, өөртөө урам зориг бий болгох арга нь ч өөр байдаг. Тэгвэл амжилттай яваа энтрепренер, бизнес эрхлэгчид юунаас цааш урагшлах хүчээ нөхдөг юм бол?
ЧИЭ ХУАН: ШАРГУУ ХӨДӨЛМӨР
АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй жижиглэн худалдааны платформ boxed.com-ийн үүсгэн байгуулагч Чиэ Хуаны хувьд компани даяараа нэг сэтгэлээр, бие биеэ дэмжин ажиллах нь урагш ахих, илүү ихийг хийх эрч хүчийг өгдөг байна.
ДЭВИД ПЕРКИНС: ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛТЭЙ ХҮМҮҮС
Биохимич мэргэжилтэй Дэвид Перкинс 40 орчим насандаа карьертаа нэгэн том эргэлт хийсэн нь “High West Distillery” хэмээх вискиний үйлдвэрийг эхнэрийн хамтаар үүсгэн байгуулсан явдал байлаа. Тэрээр байгаа газраа гэрэлтүүлж байдаг, хүсэл тэмүүлэлтэй хүмүүсээс урам зориг авдаг ба өөрөө ч тийм нэгэн байхыг хичээдэг аж.
ЖЭННИ РИПС: ШИНЭ БОЛОМЖУУД
Органик, жимсний цайны брэнд болох "Owl’s Brew"-ийг үүсгэн байгуулагч Жэнни Рипс гэнэтийн шийдлүүд, гэнэт л хаалга тогшдог шинэ боломжуудыг олж харж чадсан цагт амьдрал тань эрч хүчээр дүүрэх болно гэж хэлжээ.
#ЦАЙ УУХ ЗУУР
🕯Хариулах: “Мээсгэр” гэж ямар утгатай үг вэ?
А. Ихэмсэг Б. Марзан В. Их зантай Г. Хөвсгөр
Зөв хариултыг товхимлын төгсгөлд дэлгэв.
📱Санал болгох: Red Burger
Өмнөх дугаарт би дуртай Ютүб сувгаасаа хуваалцсан. Энэ удаа ч бас нэгийг санал болгоё. Монголын ютүбэр Жорж. “Ямаршуу кино вэ?” цуврал контентоороо алдартай түүний “Red Burger” суваг нь өдгөө 208 мянган захиалагчтай болжээ. Цайны цагаараа сонирхоход тун тохиромжтой.
🎧Сонсох: Shawn Mendes – It’ll be okay
If you tell me you're leaving, I'll make it easy
It'll be okay
If we can't stop the bleeding
We don't have to fix it, we don't have to stay
I will love you either way
🎞Үзэх: The Silent Sea (2021)
Өнгөрсөн амралтын өдрөөр шимтэн үзэж, суурин дээрээ дуусгасан цувралаа санал болгож байна. Шинжлэх ухааны уран зөгнөлт, триллер төрлийн кинонуудад дуртай хэн бүхний заавал үзэх бүтээл.
Ингээд өнөөдрийн товхимол маань дуусаж байна. Дархлаагаа дэмжиж, дулаан хувцаслаад, дараагийн шуудангаа хүлээж байгаарай.