Шинэ долоо хоногийн мэнд!
Оюутны хөл үл тасрах их сургуулийн гудамж, орой үдэш хөтлөлцөн алхах дурлалт хосууд… Хавар иржээ. Шувуу жиргэх цагаар шуудхан сэрж, өнөөдөр ямар гайхалтай зүйл надад тохиох бол гэхээс өөрийн мэдэлгүй инээмсэглээд л… Уншигч танд ч бас урин цагийн догдлол ирээ болов уу.
Ингээд өнөөдрийнхөө товхимолд тавтай морил.
#ШИЙРИЙ ХИЙВ
Өнгөрсөн долоо хоногийн Уундаагийн тоймоос “шийрий” хийлээ.
📲 Tik Tok
Богино хэмжээний видео контентоороо эрчийг авсан Tik Tok апп 10 хүртэлх минутын видеог зөвшөөрч эхэллээ. Ингэснээр Youtube-тэй шууд өрсөлдөх боломжтой болж байгаа юм.
🦇 Batman
Р.Паттинсоны гол дүрийг нь бүтээсэн "The Batman" 100 сая долларын орлогоор бокс оффисыг итгэл төгс тэргүүллээ. Эхний өдрөө 216 сая ам.долларыг олж DC Comics-ийн өмнөх бүх киноны амжилтыг эвдсэн уг бүтээл нь нийт 200 сая ам.долларын өртгөөр бүтсэн аж.
Эдгээр болон бусад сонин хачныг ЭНД дарж уншаарай.
🧪 Шинэ тоног төхөөрөмж
Австралийн Засгийн газар болон ДЭМБ-ын тусламжтайгаар манай улс вирусийн геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжтэй боллоо. Уг лаборатори нь SARS-CoV-2 вирусийн шинэ хувилбаруудыг илрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд одооноос гадаад орон руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байгаа гэсэн үг юм. Илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
🏀 Ш.Энхийн-Од
"Nike" компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “The Nike Hoop Summit” арга хэмжээ энэ жил дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Портланд хотод болно. АНУ-ын ахлах сургуулийн шилдэг сагсан бөмбөгчдийн эсрэг дэлхийн шилдэг идэрчүүд хүч үзэх энэхүү тоглолтод Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од сонгогджээ. Энэхүү арга хэмжээ нь залуу тоглогчдод өөрийгөө батлан харуулах завшаан болдог билээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
🖋 Хийн хоолой
ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийг гэрээний дагуу эцэслэн баталлаа. Хоёр хөршийг холбох энэхүү хийн хоолой манай улсад аль хэр өгөөжтэй болон ямар эрсдэлтэйг эдийн засагч болон судлаачид ИЙНХҮҮ дүгнэжээ.
#ТОВЧХОНТОО (Товчхондоо + Тоо)
3: Пара байт харвааны "Дубай 2022" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, паралимпийн үндсэн төрөл болох 70 м рекурв харвааны эмэгтэй багийн төрөлд Монголын тамирчид Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар дээрх амжилтыг үзүүлсэн юм.
61.5: Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр 2022 он гарснаас хойш нийт 61.5 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнд "АПУ” ХК-ийн 20 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны багцын арилжаа голчлон нөлөөлсөн аж.
4: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дөрөвдүгээр сарын 4-нөөс эхлэн долоо хоног амарна.
#MAKE IT UNREAD
Аравт – Дуучин Amrashk
Санхүүгийн шинжээч мэргэжилтэй түүнийг дуу хөгжмийн ертөнц өөртөө эгнэгт нэгтгэжээ. Гаргасан бүтээл бүрээрээ сонсогчдынхоо сонорыг мялааж, сэтгэлийг нь баясгаж чаддаг түүний чухал хэрэгцээт 10 эд зүйлтэй ЭНД дарж танилцаарай. Хэрэв та Amra-ийн талаар илүү ихийг мэдмээр байвал манай “Өртөөлөгчид” буланд өгсөн ЭНЭ ярилцлагыг уншина биз ээ.
Мэдүүштэй – Хуурамч мэдээлэлд автахгүй байх 8 санаа
Сошиал медиагаас мэдээ, мэдээлэл авах нь ихэссэн өнөө үед мэдээллийг нягталж үзэх нь нэн чухал асуудал болжээ. Тиймээс мэдээллийн эх сурвалжийн сонголт болоод худал мэдээллийг хэрхэн таних талаарх зөвлөмжүүдийг бид ЭНЭХҮҮ нийтлэлээрээ хүргэсэн юм.
Номын тухай – М.Саруул-Эрдэнийн шинэ орчуулга: "Чингис" эмгэнэлт жүжиг
Монголчуудад, ялангуяа уран бүтээлчдэд, тэр дундаа зохиолчдод ихийг бодогдуулах нэгэн ном уншигчдын гарт ирлээ. Ертөнцийг байлдан дагуулагч Чингис хааны тухай нэгэн жүжиг ийнхүү түүх нь үүссэн монгол хэлэнд нутагшив. Эл номын талаар илүү ихийг ЭНДЭЭС уншаарай.
#АВДРЫН ЁРООЛООС
“Тийм” гэсэн хариулт аль болох цөөн хэл
Та өөрийн хийдэг бүх зүйлийг жагсаан бичээд хэрэгтэй, хэрэггүйгээр нь ялгаарай. "Тийм" гэж хэлэх нь "үгүй" гэхээс амархан тул бидний ихэнх нь хэрэггүй зүйлтэй зууралдаж яваагаа анзаардаггүй.
Бүхнийг өөрөө хийхээ больж, бусдын туслалцааг авч бай
Шаардлагатай үед тусламж эрэх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Юмсын учрыг өөрөө л олох гэж цаг алдаж байснаас мэддэг, чаддаг хүмүүсээр туслуулахыг зөвшөөрсөн нь дээр.
Ажиллахаа больж, юу ч хийдэггүй цагтай бай
Бид заримдаа шийдэл хайгаагүй үедээ хариуг нь олдог. Гэхдээ зүгээр суугаад хүлээж байхад өөрчлөлт ирэхгүй нь тодорхой. Өөрийн биеийг сайн судалж, энергиэ зөв хуваарилж сурах нь илүү амжилттай, аз жаргалтай амьдралд хөтөлнө.
#ЦАЙ УУХ ЗУУР
Цайны цагаар үзэж, сонирхох контентуудыг санал болгоё.
🕯 Хариулах: “Мэлгэн” гэж ямар утгатай үг вэ?
А. Мэргэн Б. Мэлийсэн В. Мэлтийсэн Г. Элгэн
🧐 Мэдэх: DevSummit – 2022 эргэн ирлээ!
Цар тахлын улмаас хойшлоод байсан Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хүсэн хүлээдэг, тус салбарынхны хамгийн том цугларалт DevSummit 2022 арга хэмжээ “Into the Metaverse” сэдвийн дор энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдана. Эвентийн талаарх мэдээллийг ЭНДЭЭС аваарай.
🎧 Сонсох: Amra - All Night ft. Panchi, Maexst
Есөн жилийн өмнө “Soundcloud” дээр анхны ковер дуугаа оруулж байсан Amra өдгөө Тайвань төдийгүй Азидаа хамгийн том хөгжмийн лэйблд тооцогдох “Rock Records”-ийн уран бүтээлч болжээ. Түүний 2021 онд олны хүртээл болж, өнөөдрийг хүртэл хит байсаар байгаа “All night” дууг санал болгоё.
👉 Сонирхох: Украины төрх – Дайралтаас өмнө ба одоо
Дэлхий нийтийн гол сэдэв болсон Орос, Украины дайны мөрөөр… Юу өөрчлөгдсөн бэ?
💻 Унших: Өмнөд Солонгосын контентууд ба алкохол
Өмнөд солонгосчууд өөрсдийн орны соёл, хоолны хэрэглээ тэр ч бүү хэл архи уух ёсыг хүртэл кино, контент, нэвтрүүлэг бүрдээ тусгасаар ирсэн. Гэвч энэ бүхнийг сүүлийн үед хэрээс хэтэрлээ хэмээн үзэх хүмүүс олширсон ба эл асуудлын талаарх сонирхолтой нийтлэлийг санал болгож байна. Тоон баримтаас цухас дурдахад, 2021 онд хийгдсэн 219 цуврал, 438 цэнгээнт нэвтрүүлгийн нэг ангид хамгийн багадаа 2.3 хувьтай тэнцэх хэсэгт ямар нэг архи, согтууруулах ундааг харуулжээ.
Энэ хүрээд өнөөдрийнхөө товхимлыг өндөрлөхийн ялдамд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлж байна. Ирэх долоо хоногт эргэн уулзацгаая.