Зуны урин өдрүүд биднийг хаашаа орхин одоо вэ? 🥶 Өдийд нар дээрээс халуун илчээрээ төөнөж, навч цэцэгс хөл дороос алаглан ургаж байдаг сан… Сэрүүн цаг агаарт дулаан яваарай.
Өнөөдрийн дугаарт энэ амралтын өдрүүдээр туршиж үзэх олон сонирхолтой санааг багтаасан байгаа. Уншигч та ч бас бидэнд өөрийн саналаа илгээх боломжтой шүү 🤗
“THE MAN FROM RIO”
Энэ бямба гарагт онцгой өдөр тохиож байна. Энэ бол Dreamer’s Day. 🎉 Кино театрт арт хаус бүтээл үзчихээд дулаахан үдэш хотын гудамжаар алхах шиг сайхан мэдрэмж үгүй билээ.
Франц найруулагч Филип де Брокын бүтээл “That Man from Rio” энэ амралтын өдрийг тань онцгой болгох нь гарцаагүй. 1964 онд гарсан уг бүтээлд найз бүсгүйнхээ эрэлд гарсан нисгэгч Адриан Дюфурке Бразилын Рио хотод очиж буй талаар өгүүлдэг. Энэхүү үзвэр нь үнэ төлбөргүй учир та тасалбар захиалахгүйгээр үзэх боломжтой.
“СЕВИЛИЙН ҮСЧИН”
Дэлхийн хамгийн шилдэг хошин дуурь энэ амралтын өдрүүдээр…
Сонгодог урлагийн тоглолт зөвхөн сайхан мэдрэмжээс гадна аливаа зүйлийг эргэцүүлж тархиа амраах боломжийг олгодог билээ. Тиймээс уншигч та энэ сарын 14, 15-ны өдрүүдэд дэлхийн хамгийн шилдэг хошин дуурийн нэг Ж.Россини “Севилийн үсчин” тоглолтыг үзээрэй.
Тасалбар ЗАХИАЛАХ
THE INTERN (2015)
Тэтгэвэртээ гарсан нэгэн эр амжилттай цэцэглэж буй онлайн худалдааны стартап компанид дадлагажигчаар ажилд орсноор киноны үйл явдал өрнөх болно. Тэрээр хамтран ажиллагсдынхаа сайн сонсогч, зөвлөгч нь байж, хэрхэн жентельман байхыг, амьдралд хэцүү зүйл тохиолдсон ч сайн сайхан үргэлж дэргэд бий гэдгийг ухааруулдаг. Та энэ бүтээлээс “Хүн нээлттэй сэтгэлгээтэй байхад хэзээ ч хөгшдөхгүй” гэдгийг ойлгох болно.
Кино ҮЗЭХ
ЭНЭТХЭГ ЦӨЦГИЙТЭЙ ТАХИАНЫ МАХ
Энэ амралтын өдрүүдээр өвөрмөц амт, өег чанараараа танигдсан энэтхэг зоог баривал ямар вэ? Хамгийн алдартай энэтхэг хоолны жагсаалтад үеийн үед байраа хадгалж ирсэн зоог бол Murgh Makhani буюу Цөцгийтэй тахиа юм.
Шинэ Дэли хотын нэгэн ресторанд үлдэгдэл тахианы махыг санамсаргүйгээр улаан лооль, цөцгийн сүмстэй хольсноор уг зоог үүссэн гэлцдэг. Онцгой түүхтэй энэхүү зоогийг заавал амталж үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 😋
Цөцгийтэй тахиагаа “наан” бин, эсвэл будаатай хамт идвэл илүү амттай шүү. Ихэнх энэтхэг хоолны жорд төрөл бүрийн халуун ногоо, эмийн ургамлууд ордог тул гэртээ хийхээс илүүтэйгээр ресторанд идэх нь зөв сонголт байж мэдэх юм. 🤷♀️
Youtube-ээс заавар ҮЗЭХ -Цөцгийтэй тахиа,Наан бин
ДОМОГТ “ХАРАНГА”
1989 оноос эхлэн Монголын дуу хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрх, хэв маягийг бүтээж, аль хэдийн домог болсон тэд тавдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд “Greatest Hits” тоглолтоороо шүтэн бишрэгчидтэйгээ уулзах гэж байна.
Тасалбар ЗАХИАЛАХ
Talking Heads - This Must Be the Place
Сэгсгэр үс, нуухтай нүдээр угтах амралтын өдрийн өглөө сонсоход хамгийн тохиромжтой дуу. Хөнгөн хэмнэл нь танд өөрийн эрхгүй бүжиглэх хүсэл төрүүлэх бөгөөд өөрийгөө толинд хараад "Дажгүй дамшиг шүү" гэж хэлэх вий. Мөн халуун кофегоо марталгүй тэр өглөөний мөч бүрээс аз жаргал мэдрэхийг хичээгээрэй.
Дуу СОНСОХ
Энэ удаагийн дугаарт маань "Years to Remember", "The Girl in My Mirror" номын зохиолч, YouTuber Н.Хулан өөрийн амралтын өдрийн жороосоо хуваалцлаа.
Таны хувьд хамгийн төгс амралтын өдрийн хэмнэл?
Одоогийн байдлаар нохойгоо ханатал нь гадаа тоглуулж, гүйлгэж чадсан өдөр хамгийн төгс амралтын өдөр болоод байна. Ажлын өдрүүдэд хангалттай цаг гаргаж чаддаггүй учраас тэр л дээ. Удахгүй энэ хэмнэл хүүхдээ салхилуулах болж өөрчлөгдөх байх. Өглөө босоод сайхан шим тэжээлтэй өглөөний цай уугаад, гэр бүлээрээ салхинд гарч, Крисмасыг бөмбөг хөөлгөж гүйлгэн, орой эртхэн амрах нь л төгс өдрийн шинж юм даа.
Сүүлийн үед амралтын өдөр тань хэрхэн өнгөрч байна вэ?
Бямба гараг бол орны даавуугаа солих өдөр. Энэ өдөр угааж индүүдсэн даавуугаа сольж хийх нь бүр дадал болчихсон. Харин ням гарагт хүнсээ цуглуулдаг. Яг нэг удаагийн хүнс авалтаар 14 хоногийн хүнс цуглуулж амждаг юм. Нөхөр бид хоёр амралтын өдрөөр салхинд гарч амжаагүй бол оройн цагаар зүгээр л гэрийнхээ ойролцоо алхах дуртай. Хөтлөлцөөд, юм яриад хэсэг алхахад амралтын өдрийн гоё төгсгөл болдог.
Манай уншигчдад санал болгох нь…
Улаанбаатар хотод байгаа олон үндэсний онцлогтой рестаронуудаар зорин очиж турших гоё шүү. Дандаа л ордог, мэддэг хэдэн газраа биш шинэ орны хоол иднэ гэдэг тун сонирхолтой. Турк явж хоолыг нь идтэлээ удах учраас амралтын эхний өдрөөрөө турк ресторан, дараагийн амралтаар нь гүрж, мексик, узбек ресторан орно гээд төлөвлөөд үзээрэй.
Санал болгох нийтлэл: Танилц, миний амьтан Крисмас, Ийв хоёр
Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх долоо хоногт шинэ дугаараараа эргэн уулзацгаая.
Нээрээ та манай Unread апп-ыг татаж авсан уу? Бидний бүтээлч контентуудыг цаг алдалгүй хүлээн авахыг хүсвэл ЭНД дарж апп-аа татаарай. 😎