Extraordinary Attorney Woo, Blue train, Bignuut
Better days are coming. They're called WEEK-END 😎
Poster Thursday #11
Нар аль хэдийн буцчихаад байхад аагим зуны халуун өдрүүд үргэлжилсээр
Наадмын дараа намар гэдэг ч бүгчим зуны бороотой өдрүүд ээлжилсээр…
Товхимлынхоо шинэ дугаараар уулзаж байгаадаа баяртай байна. Энэ амралтын өдрүүдээр шинээр хийж, туршиж үзэх зүйлсийн санааг хуваалцлаа. Танд таалагдана гэж итгэж байна. 🤗
ОЙН ЦООРХОЙ ДАХЬ КИНО ТЕАТР
Энэ бямба гараг буюу 6-ны өдөр ойн цоорхойд кино үзэнгээ болзох уу? Одоо л болздог цаг шүү уншигчид минь 😁 Дүүжин ор, амтат төмс, халуун кофе, дулаан үдэш, танил дуу, танихгүй хүмүүс… Цаг агаарт тохируулан хувцаслаж, аяны сандал, чийгийн гудас авах, ойр зуурын хүнсээ бэлтгэхээ мартуузай.
🧾 Хөтөлбөр
19:00-21:00 Чөлөөт цаг (танилцах, хооллох, хөгжөөнт тоглоом г.м)
21:00-23:00 Кино үзэх цаг
23:30 Хот руу хөдөлнө
Эвентийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл АВАХ
EXTRAORDINARY ATTORNEY WOO
Дэлхийн нийт хүн амын 1 хувь нь аутизмын эмгэгтэй. Аутизмыг “Хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээн авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг” гэж тодорхойлдог ба тэдний таваас ихгүй хувь нь гоц ухаантан байдаг аж. Танд санал болгож буй “Extraordinary attorney Woo” цувралд харсан зүйлээ хэзээ ч мартдаггүй, Өмнөд Солонгосын хамгийн анхны аутизмтай өмгөөлөгчийн тухай өгүүлдэг. Хэдийн америк хувилбарыг нь хийх санал хүлээн авсан тус цувралын минут бүр сэтгэлийг тань хөдөлгөх болно.
Цувралыг ҮЗЭХ
LIVE JAZZ: BLUE TRAIN
Жазз хөгжим нь тархины альфа долгионыг идэвхжүүлснээр биеийг тайвшруулж, сэтгэлийн түгшүүрийг бууруулан сэтгэл санаагаа тайван байлгахад тусалдаг. Мөн тархины дельта долгионыг идэвхжүүлж, нойрыг сайжруулдаг давуу талтай. Тиймээс зав гарвал жазз хөгжим сонсохыг зөвлөж байна. Нэгэн таатай мэдээ дуулгахад өнөөдрөөс эхлээд бямба гараг хүртэл 20:30-22:30 цагийн хооронд жазз хөгжмийн тоглолт Fat Jazz клубт үргэлжилнэ шүү.
Эвентийн тухай мэдээлэл АВАХ & Ширээ ЗАХИАЛАХ
TWENTY ONE PILOTS - HEATHENS//STRANGER THINGS
Тэртээх 2016 онд олны хүртээл болсон “Suicide Squad” киноны дуу, Twenty One Pilots хамтлагийн бүтээл “Heathens” 2022 онд “Stranger things” цувралын дуутай нэгджээ. Сонсох төдийд шар үс босгом амьд үзүүлбэр таны плэйлистэд зүй ёсоор багтана гэдэгт итгэлтэй байна.
MAISON FRANK
Чихэрлэг, амттай зүйл идмээр байна уу? Ойрд сайн ажиллаж байгаа шүү гээд амттанаар өөрийгөө шагнаарай. Энэ амралтын өдөр Maison Frank кафег зорихыг санал болгоё. Тэр дундаа макароныг нь амтлаад үзээрэй. Миний мэдэх хамгийн амттай макаронтой кафе шүү 😉
Хаяг: Юнескогийн гудамж, Далай Тауэрын 1-р давхар
Сонирхуулахад амтат макарон нь наймдугаар зууны үеийн Италиас гаралтай юм билээ. 🤤
Энэ удаагийн дугаарт дизайнер Bignuut амралтын өдрийн “жор”-оосоо хуваалцлаа. Түүний хувьд амралтын өдөр ажил бодохгүй байхаас эхэлдэг аж.
Таны хувьд хамгийн төгс амралтын өдрийн хэмнэл?
Амрах гэдэг чинь утгаараа амрах шүү дээ. Өдөржин дуртай зүйлсээ хийгээд гэртээ хэвтэх чинь л амралт. Миний хувьд League of Legends: Wildrift-ээ тоглож, дуртай хоолоо захиалж идээд санаа амар хэвтэх дуртай. Мөн амралтын өдөр ажил ярихад үнэхээр дургүй.
Сүүлийн үед амралтын өдөр тань хэрхэн өнгөрч байна вэ?
Хайртай дотнын найзуудтайгаа уулзаж, тэдэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж байна. Миний хувьд амралтын өдөр шинэ хүмүүстэй танилцахаас хэзээ ч татгалзахгүй.
Манай уншигчдад санал болгох нь...
Зүгээр л дуртай тоглоомоо аваад хөгжилд гэж хэлье дээ. Бидний дотор хаа нэгтээ тоглож, хөгжилдөхийг хүсэж буй “Бяцхан би” байж л байгаа. Түүнийг дагуулж яваад нэг өдрийг эрх дураараа тоглож өнгөрүүлээрэй. 😊
Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх долоо хоногт шинэ дугаараараа эргэн уулзацгаая.
Unread апп татах: Android, iOS
Сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today