Өдрийн мэнд!
Бас оны сүүлийн даваа гарагийн мэнд! Цугаараа цаг хугацааны шинэ хэмжээс рүү ороход тавхан хоног үлджээ. 2021 онд юу хийж бүтээснээ дүгнэж, 2022 онд юунд зорьж тэмүүлэхээ эргэцүүлэх цаг ирсэн байна. Гадаа идэр есийн жавартай ч сэтгэл дотор догдлолтой өдрүүдийг баяртайгаар үдье.
Ингээд өнөөдрийн товхимолдоо тавтай морил.
#ШИЙРИЙ ХИЙВ
Өнгөрсөн долоо хоногийн Уундаагийн тоймоос “шийрий” хийлээ.
🕷Хүн аалзын дээд амжилт
“Spider-Man: No Way Home” кино нээлтээ хийснээс хойших 12 хоногийн хугацаанд 1 тэрбум ам.долларын ашиг орлого олоод байна. Ингэснээр Ковид-19 цар тахал гарснаас хойш олны хүртээл болсон кинонуудаас хамгийн өндөр орлого олсон нь болж байгаа юм.
🔭Хамгийн том телескоп
НАСА-гийн суурилуулсан James Webb Space Telescope сансарт нислээ. Одон орончид уг телескопын тусламжтайгаар урд өмнө боломжгүй байсан олон үзэгдлийг тайлахын сацуу радио одон орончид шинэ аргачлалаар таталцлын долгионыг илүү үр дүнтэйгээр илрүүлж, ертөнцийн гарал үүсэл, алсын оддын тухай мэдээллийг тайлах зорилготой байгаа аж.
Эдгээр болон бусад сонин хачныг ЭНД дарж уншаарай.
💉Дөрөв дэх тун
Гурав дахь тунгаар үл дуусах коронавирусийн эсрэг вакцин. Шинэ омикрон хувилбар гарсантай холбогдуулан Израилын эрүүл мэндийн салбар IV тунг тарих нь зүйтэй гэжээ. Ингэхдээ 60-аас дээш насны иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг нэн тэргүүнд хамруулах гэнэ. Манай улсын хувьд ч иргэд сайн дураараа 4 дэх тунд хамрагдах боломжтой байгаа. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
📲e-Mongolia системийг дүгнэх нь
2021 онд e-Mongolia системд нийт 600 үйлчилгээг нэвтрүүлсэн ба давхардсан тоогоор иргэд 6.5 сая үйлчилгээг цахимаар авчээ. Үр дүнд нь 65 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Цаашид гадаадад суугаа Монгол Улсын иргэн, Монгол Улсад буй гадаадын иргэн уг системээр дамжуулж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой байгаа аж. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
#ТОВЧХОНТОО (Товчхондоо+Тоо)
11 тэрбум: Элон Маск өөрийн твиттерт 11 тэрбум ам.долларын татвар төлөх талаараа жиргэжээ. Өнгөрсөн долоо хоногт оны онцлох хүн болсон тэрээр АНУ-ын түүхэнд байгаагүй өндөр татварыг төлөх болно гэсэн юм.
174 мянга: Ковид-19 халдварын улмаас хичээлийн хоцрогдолд орж, цахим хичээлдээ хамрагдаж чадаагүй 174 мянган хүүхэд байгаа гэх тооцоолол гарчээ.
2191 ор: Нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр болон зочид буудлын 1194 өрөөний нийт 2191 орыг урьдчилан бэлтгэжээ.
#MAKE IT UNREAD
Posted.mn – Шинэ жилээр турших, мэдрэх, амтлах 100 зүйл
Unread-ийн багийнхан бид шинэ жилийн баярыг тохиолдуулан, утга учиртай дурсамж бүтээхэд тань туслахаар шинэ жилийн баяраар турших, мэдрэх, амтлах 100 зүйл бүхий жагсаалтыг гаргасан. Та бүхэн баярын онцгой өдрөө дурсамж дүүрэн тэмдэглээрэй.
Номын тухай – 2021 оны онцлох номууд
Бид жил бүрийн шинэ жилээр номын хорхойтнуудыг нийтлэлдээ урьж, тухайн онд ямар бүтээл сонирхлыг нь татаж, сэтгэлд нь хүрснийг түүвэрлэн хүргэдэг уламжлалтай. Энэ оны онцлохуудтай танилцана уу.
Онцлох – SendMN: Олон улсын мөнгөн гуйвуулгыг "гэрлийн хурдаар"
Финтек стартап компаниудын тусламжтайгаар мөнгөн гуйвуулга болон бусад санхүүгийн үйлчилгээ илүү хялбар болсоор байгаа. Харин бид мөнгөн гуйвуулгын үйлчилгээг шинэ түвшинд хүргэхээр зорин ажиллаж буй “SendMN”-ийг онцолсон юм.
#АВДРЫН ЁРООЛООС
Өнгөрсөн, одоо, ирээдүй: График дизайн
Хүй нэгдлийн үеийн хадны сүг зургаас өдгөө өдөр тутмын хэрэглээний урлаг болтлоо хөгжсөн график дизайны тухай сонирхолтой мэдээлэл хүргэе.
Манай эриний өмнө
График дизайн хэмээх ойлголт харьцангуй сүүлд үүссэн хэдий ч хүн төрөлхтний зураг дүрслэлээр аливааг илэрхийлэх гэсэн хүсэл нь нэн эртнээс улбаатай билээ. МЭӨ 3300-аад оны үед анхны хэл бичгийн нэг гэгддэг Шумерийн цагаан толгой үүсэн бий болсон аж. Тэдний цагаан толгойн дүрслэл нэг үсэг биш харин нэг үгийг илэрхийлж байсан нь бидний ашиглаж заншсан "icon"-той тун төстэй.
Дундад зууны үе
Язгууртан гэр бүлүүд өөрсдийн сүлд тэмдгийг газар нутаг хийгээд цэргийн хуяг, бамбайн дээрээ 1100-аад оны үеэс байршуулж эхэлжээ. Энэ нь он удаан жил үргэлжилсэн Загалмайтны аян дайны үеэр өөрсдийн болон дайсны талын цэргүүдийг ялгах шаардлагаас улбаалан түгээмэл хэрэглээ болсон аж. Магадгүй орчин цагийн логоны хамгийн анхны хувилбар болов уу.
Аж үйлдвэржилтийн үе
Энэ үеийн хамгийн онцлох ололт бол "chromolithography" буюу олон өнгөт хэвлэл байв. Ингэснээр уран бүтээлчид урьдчилан бэлтгэсэн хэдхэн янзын хэв маягт өөрсдийгөө хязгаарлах шаардлагагүй болж, цоо шинэ боломжууд бүхий дизайны ертөнцөд хөл тавьсан юм.
ХХ зууны үе
1903 онд Австри улсад “Wiener Werkstätte” буюу “Венийн Workshop” хэмээх график дизайнер, уран бүтээлч, зураач, архитекторуудын хамтарсан анхны агентлаг үүсгэн байгуулагдсан аж. Тэдний энэ салбарт үлдээсэн хамгийн том өв нь геометрийн дүрс, авангард хэв маягийг шингээсэн Кубизмийн урсгалыг алдаршуулсан явдал байлаа.
XXI зууны босгон дээр
1990 онд анхны хувилбараа гаргаж байсан Adobe Photoshop програм бараг дангаараа график дизайны ойлголтыг өөрчилсөн гэж хэлэхэд буруудахгүй. Түүнчлэн 1984 онд Apple анхны Macintosh компьютероо олон нийтэд танилцуулсан ба тэдний энгийн хэрнээ ойлгомжтой интерфэйс нь хэрэглэгч төвтэй дизайны эхлэл байсан билээ.
Яг одоо
Өдгөө график дизайн өргөн хэрэглээний урлаг болтлоо хөгжин бидний өдөр тутмын гар утас, сошиал медиа хэрэглээний салшгүй нэг хэсэг болжээ. Маркетеруудын дийлэнх хувь нь зураг, дүрсээр контент бүтээхийг илүүд үзэн, хэрэглэгчид ч мөн адил энэ төрлийн контентыг илүүтэйгээр хүлээн авах болсон нь харагдана.
Та нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншаарай.
#ЦАЙ УУХ ЗУУР
Цайны цагаараа сонирхох контентуудыг санал болгоё.
🕯Хариулах: “Нажир” гэж ямар утгатай үг вэ?
А. Намхан жаахан Б. Жижиг бяцхан В. Аагим халуун Г. Бохир муухай
Зөв хариултыг товхимлын төгсгөлд дэлгэв.
🕶Танилцах: 2021 оны шилдэг баримт кинонуудын жагсаалт
Баримтат уран бүтээлүүд бидэнд аливаа асуудлыг өөр өнцгөөс харах боломжийг олгож байдаг. Vox-ын санал болгож буй 16 баримтат кинотой танилцаарай.
🎉Энэ өдөр төрсөн алдартан: Timothée Chalamet
22 насандаа Академийн шагнал гардуулах ёслолд “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшиж байсан тэрээр өнөөдөр 25 нас хүрч байна. Тэр “Call Me by Your Name” (2017) киноны Элиогийн дүрээрээ алдаршиж эхэлсэн ба хамгийн сүүлд “Dune” (2021) кинонд гол дүр бүтээсэн юм.
🎧Сонсох: 2021 оны шилдэг дуунууд
WatchMoJo-гийн нэрлэж буй энэ оны шилдэг 10 дууг санал болгож байна. Та өөрт таалагдсанаас сонгож, плэйлистдээ нэмээрэй.
Ингээд өнөөдрийн шуудан өндөрлөж байна. Жилийн дараа шинэ мэдээ, мэдээлэлтэйгээр эргэн уулзацгаая. Бидний контентыг шимтэн хүртдэг та бүхэндээ баярлалаа. 2022 он шинэ адал явдлаар дүүрэн байх болтугай! 🎄