Өдрийн мэнд 🤩
Даваа гарагийн товхимол нь таалагдсан биз дээ? Ажлын талбар гэлтгүй амьдралд тань тулгардаг асуудал, сорилтуудын шийдлийг шинэ долоо хоногийн эхлэлтэй хамт таны шууданд илгээх тул ✨ STAY TUNED ✨ Харин пүрэв гарагийн товхимлоос чөлөөт цаг, амралтын өдрөөрөө хийж, турших зүйлсийн санааг аваарай. Манай товхимолтой байхад амралтын өдөр ч уйдахгүй дээ 😋
“АЛДАГСДАД”
Хөгжмийг дүрслэх урлагтай хослуулбал ямар вэ? Энэ бямба гарагт гэрэл зураг болон амьд хөгжмийг хослуулсан пост-модерн арга хэмжээгээр нэг ороод гараарай. Гэрэл зурагчин Н.Сонинбаяр, Г.Ананд нарын баримтат гэрэл зургийн үзэсгэлэн & “Deep sea Vincents” болон “Teresa in the Moon” хамтлагуудын тоглолт “Хөх Нар" Контемпорари урлагийн орон зайд болно.
Үзэсгэлэнгийн ХАЯГ
“ГЭРЭЛТ ЦАМХАГ”
Аймшгийн киноны төрөлд өөрчлөлт авчирсан найруулагч Роберт Эггерсийн бүтээл “Гэрэлт цамхаг” кино “Netflix”-т нэмэгдсэнийг мэдсэн үү? Гэрэлт цамхаг сахиж буй хоёр эрийг харуулах уг кинонд өөрийн бодлоос өөр нэгэнгүй ганцаараа байх тухай өгүүлдэг. Түүхийн өгүүлэмжээс гадна алдарт жүжигчид Виллем Дефо, Роберт Паттинсон нарын уран жүжиглэлтээр алдаршсан энэхүү бүтээлийг амралтын өдрөөр үзэхэд яг тохирно.
Netflix-ээс ҮЗЭХ & Киноны тухай сонирхолтой баримтууд УНШИХ
“ELLA FITZGERALD SINGS THE COLE PORTER SONG BOOK”
Сайхан хөгжим бидний амьдралд илүү өнгө нэмдэг. Тэгвэл жааз хөгжмийн хатан хаан Элла Фицжералдын “Ella Fitzgerald Sings The Cole Porter Song Book” цомог таны амралтын өдөрт өнгө нэмэх нь гарцаагүй. 1956 онд бичигдсэн энэхүү цомог 2000 онд Грэммигийн алдрын танхимд орсон бөгөөд бүх цаг үеийн хамгийн гайхалтай жааз бүтээлүүдийн нэг билээ.
Spotify-аас СОНСОХ & Дуучинтай ТАНИЛЦАХ
“JAZZ BIG BAND”
Найзуудтайгаа нэг оройг сайхан хөгжим сонсонгоо өнгөрүүлэх боломж энд байна. Олон Улсын Жааз хөгжмийн өдрийг угтан “Fat Cat” жааз клубийн хамт олон Монголын чадварлаг жааз уран бүтээлчдийг нэгтгэж дөрөвдүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд “JazzBigBand” тоглолтыг бэлджээ.
Амралтын өдрөөр гэртээ өөрийн гараар амттай хоол бэлтгэн хайртай хүмүүсээ дайлах шиг сайхан мэдрэмж үгүй биз ээ. Тэгвэл бид танд энэ амралтын өдрүүдээр туршиж болох өглөөний цай болон оройн хоолыг санал болгож байна.
Өглөөний цай: Ногоогоор баяжуулсан “Панкейк”
Амралтын өдрийн өглөө жирийн өндөг сүүтэй панкэйк дэндүү уйтгартай биш гэж үү? Харин түүний оронд бяслаг, гахайн утсан мах болон дуртай ногоогоороо баяжуулсан панкэйкийг туршаад үзээрэй.
YouTube заавар ҮЗЭХ & Панкейкийн үүслийг ОЛЖ МЭДЭХ
Оройн хоол: Хайруулын тавагны “Лазанья”
Харин оройн хоолондоо хялбар аргаар хайруулын тавганд хийж болохуйц Лазаньяг туршаад үзээрэй. Үхрийн мах, лазанья гоймон, улаан лоолийн соус, бяслаг зэрэг энгийн орцоор ердөө 30 минутад бэлтгэж болох энэхүү оройн зоог танай гэр бүлд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
YouTube заавар ҮЗЭХ & Лазаньяагийн түүхтэй ТАНИЛЦАХ
Энэ хэсэгт таны амралтын өдрүүдийг онцгой болгох нууц жорыг манай товхимлын зочид хуваалцах болно. Тэргүүн дугаарт маань АУ-ны доктор, дуучин Ч.Цэлмүүн өөрийн жороос санал болголоо. Түүний амралт тодорхой дүрмүүд дээр тулгуурлан өөр хоорондоо адилгүй өнгөрдөг гэнэ.
Сошиалаас завсарлага авна. Ажлын өдрүүдэд сэрээд л мессэж, и-мэйлээ шалгадаг тул амралтын өдөр уг зуршлаа халах гэж хичээдэг.
Чимээгүй цагийг өөртөө зориулна. Энэ нь яарч тэвдэлгүй, тайван орчинд өглөөний цай уухаас эхэлдэг.
Гэр бүлээрээ агаар салхинд гарна. Ногоон орчинд байж, нар салхинд өртөх нь аз жаргалын даавар ялгаруулахад эерэг нөлөөтэй.
Ирэх долоо хоногийн хоол төлөвлөлт, хувцас, гэр орны ажлуудаа өөртөө дарамтгүйгээр таашааж хийнэ.
Чанартай унтаж амрахын тулд дасгал хөдөлгөөн хийж, бие арчилгаандаа анхааран, маргаашдаа бэлдэнэ.
Санал болгох: Үүргэвчээ бэлдээд хол замд алхах эсвэл уул хаданд авираарай. Эрүүл мэндэд тустай бас зардалгүй шахуу.
Товхимол маань энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх Пүрэв гарагт эргэн уулзацгаая. Амралтын өдөр шинээр туршиж үзсэн зүйлсээ бидэнтэй хуваалцаж, хариу шуудан илгээгээрэй.