Posted Thursday #4
Навчис ногоорч, нар төөнөсөн өдрийн мэнд ээ 🙌
Өмнөх дугаартаа зуны улирлыг үгүйлэн санаж байсан бол энэ долоо хоногт эсрэгээрээ хүйтэн мөхөөлдөс идээд сүүдэр даган алхахын хүслэн болж байна. Тэр ч бүү хэл оффистоо даарч бээрээд гадаа гарч дулаацаж байх жишээний… Гэснээс нарны гэрэлд алхах нь стрессийн түвшинг бууруулж, эрч хүчийг нэмэгдүүлдэг давуу талтай. Тиймээс цайны цагаараа 5-10 минут ажлынхаа ойролцоо алхаж үдээс хойш амжуулах ажлууд руугаа урам зоригтой ороорой.
Ингээд энэ амралтын өдрүүдээр хийж болох зүйлсийн санааг хуваалцъя ✨
ОД БА ГЭГЭЭ (2019)
Амар амгаланг мэдрүүлэх “Од ба гэгээ” киног үзэж алжаалаа тайлаарай. Найруулагч, продюсер Л.Бат-Амгалан, Их Британийн кино найруулагч, продюсер Иан Эллардайс нарын хамтран бүтээсэн уг уран бүтээл нь 2019 онд Өмнөд Солонгосын “Бусаны кино наадам”-д шалгарч олон улсад нээлтээ хийжээ. Утга уянгын мюзикл жанрт хамаарах эл кино таны амралтын өдөрт өнгө нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Та “Од ба гэгээ”-г Univision, Skymedia үйлчилгээний видео сангаас үзэх боломжтой.
“Од ба гэгээ” кино шүүмж УНШИХ
STRANGER THINGS 4
“Stranger Things” цуврал энэ бямба гарагт дөрөвдүгээр улирлаараа эргэн ирж байгаа билээ. Хэрэв та өмнөх улирлуудыг нь үзэж амжсан бол энэ ням гарагт буйдан дээрээ тухалсан шигээ зэргэлдээ ертөнцийн үргэлжлэл, адал явдалт түүхийг шимтэн үзээрэй. Цувралын шинэ ангийг өмнөх улирлуудын адил Netflix-ээс үзэх боломжтой.
ДӨРВӨЛЖИН ДУСАЛ
Амралтын өдөр нэг үзэсгэлэнгээр зочлоход л тархи амраад явчихна шүү дээ. Тэгвэл энэ ням гараг хүртэл Каллиграфчдийн холбооны уран бүтээлчдийн хамтарсан контемпорари уран бичлэгийн үзэсгэлэн гарах аж. “Дөрвөлжин дусал” үзэсгэлэнгийн уран бүтээлчид монгол туургатны түүхэнд хэрэглэгдэж ирсэн уламжлалт бичиг үсгүүдийг өнөө цагийн урлагийн хэв маягт шингээн, өөр өөрийн онцлогийг тусгаж бүтээлүүдээ туурвижээ.
Үзэсгэлэнгийн ХАЯГ
JOAO GILBERTO & STAN GETZ (1963)
28+ хэмийн дулаантай байх энэ амралтын өдрүүдэд халуун орны боса нова хөгжим сонсож chill-рэх үү? 😴 Бразилийн уран бүтээлч Жоао Гилберто болон жааз хөгжимчин Стан Гетс нарын хамтран бүтээсэн далайн эрэг дээр алхаж буй мэт мэдрэмжийг төрүүлэх тус цомгийг танд санал болгож байна.
RESET WITH LIZ TRAN
Энэ долоо хоног таны ажлын ачаалал хэр байна даа? Уг асуултыг өөрөөсөө асууж, дотоод хүнээ чагнаад үзээрэй. Магадгүй архаг стресст өртсөнөө ч анзаарахгүй явж байж мэдэх юм. Лиз Траны хөтөлдөг эрүүл оршихуйн талаарх “Reset“ подкастад ажлын ачааллаа зөв хуваарилах талаар зөвлөжээ. Танд тус болох нь гарцаагүй.
ТАХИАНЫ МАХТАЙ НАГГЕТ
Энэ удаагийн дугаартаа гэртээ хийж идэх эсвэл салхинд гарахдаа савлаад авч явахад тохиромжтой хөнгөн зууш санал болгоё. Энэ бол гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан, тэр дундаа хүүхдүүдийн амтархан иддэг “Тахианы махтай наггет“.
Тус зуушны жорыг 1960-аад оны эхээр АНУ-ын Корнеллын Их Сургуулийн хүнсний шинжлэх ухааны профессор Роберт С.Бэйкер зохион бүтээж, нийтэд түгээн дэлгэрүүлсэн түүхтэй.
Наггет гэхээр яагаад ч юм заавал түргэн хоолны газрын хоолны багцад ирдэг хачир мэт бодогдох үе бий. Тэгвэл тахианы цээж мах, сүү, өндөг, талх зэрэг өдөр тутмын хүнсэн дээрээ хэдхэн амтлагч нэмж ашиглаад л амттай наггет бэлдэж болох нь ээ. Мэдээж шарсан төмс, кетчуп эсвэл майонезтай холиод идвэл бүр ч амттай шүү. 😋
Youtube-ээс заавар ҮЗЭХ
Энэ удаа “Гөлөгөн муужгай” зурагт цувралын зохиолч, зураач Tuvshintyy буюу А.Түвшинтөр өөрийн амралтын өдрийн “жор”-оосоо хуваалцлаа.
Таны хувьд хамгийн төгс амралтын өдрийн хэмнэл?
Өглөө эрт сэрсэн ч нойр дутуу мэдрэмж аваагүй үе хамгийн гоё. Тэр үедээ ус ууж, шүршүүрт орчхоод, өглөөний цайгаа уудаг. Дараа нь гэрээ цэвэрлэж, муурнуудаа хооллочихоод өдөр нь дахиад нэг цаг орчим унтвал миний хувьд тэр хамгийн төгс амралтын өдөр.
Сүүлийн үед амралтын өдөр тань хэрхэн өнгөрч байна вэ?
Фрийлансер байхын давуу тал нь заавал даваагаас баасан гараг хүртэл ажиллаад бямба, ням гарагт амарна гэсэн дүрэм байхгүй. Ажлууд маань дууссан л бол шууд амралтын өдрүүд эхэлнэ гэсэн үг. Заримдаа ажил ихтэй байгаа үедээ дунд нь юу ч хийхгүйгээр амрах өдөр заавал гаргадаг. Creative буюу бүтээлч салбарт ажиллах хүн залхуурч, гиюүрэх цагтай байх нь бүтээлч сэтгэлгээтэй хэвээр үлдэх боломжийг өгдөг гэж боддог. Товчхондоо амралтын өдрийг юу ч хийхгүйгээр, утгаар нь “амарч“ өнгөрүүлдэг.
Манай уншигчдад санал болгох нь…
Зураг зурж үзээсэй гэж хүсэж байна. Огт зурж чаддаггүй хүмүүс анх удаа зурж үзсэнийхээ дараа нүд нь гялалзаад, яг л уран бүтээлчийн сүнслэг ахуй нь сэрж байгаа юм шиг гоё харагддаг. “Бид бүгд л энэ хорвоод уран бүтээлч нэгэн болж мэндэлдэг. Харин өсөж томрохдоо тэр хэвээр үлдэх үү гэдэг нь л чухал“ гэдэг үг байдаг шүү дээ.
Түүний талаар илүү ихийг мэдэж, “Гөлөгөн муужгай” зурагт цувралаа яагаад эхлүүлэх болсон шалтгааныг сонирхож байвал ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ уншаарай.
Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх долоо хоногт шинэ дугаараараа эргэн уулзацгаая.
Unread апп татах: Android, iOS
Сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today