Өглөөний мэнд 😎
Шинэчлэгдэн өөрчлөгдсөн товхимлынхоо тэргүүн дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Бид долоо хоног бүр хувийн санхүү, ажил карьер хэмээх амьдралын салшгүй сэдэвтэй холбоотой зөвлөмжүүдийг хүргэх болно.
Ингээд өнөөдрийнхөө товхимолд тавтай морил.
Ажлаа хийгээд л байдаг, цалин аваад л байдаг хэрнээ олсон хэдэн төгрөг минь хаачсан нь мэдэгдэхгүй алга болох нь бараг ид шидийн гэмээр. Хөдөлмөрийнхөө үр шимийг чухам юунд зарцуулдгаа бид тэр бүр мэддэггүй. Таны хэн байх, юу хийдгээс үл хамааран мөнхөд дагах сэдэв бол мөнгө. Тэгвэл хувийн санхүүгийн аялалд гарах зам өөрийн орлого, зарлагаа бүртгэхээс эхэлнэ.
Таныг санхүүгээ хөтлөхөөр шийдсэн жирийн нэгэн гэж бодъё. Эхний 2-3 хоногт идэвх зүтгэлтэйгээр ягштал бичнэ. Дөрөв дэх хоног дээр нь ажил ихтэй завгүй байсан, найзуудтайгаа уулзаад оройтсон, эсвэл бүртгэхээ мартсан ч юм уу ямар нэг шалтгаанаар алгасчихлаа. “За яахав, маргааш нөхчихнө” гэж бодох ч үнэндээ тэгэхгүй, харин ч бүр залхуу хүрэх нь бий. Сүүлдээ "Нэг мөр ирэх Даваа гарагаас эсвэл дараа сараас яг хийнэ” болж хувирна. Ингээд л худлаа болж байгаа нь тэр.
Энэ асуудлын гарц их энгийн. Өдөр алгассан эсэхээс үл хамааран зардлуудаа бүртгээд бай.
Хэрхэн, юун дээр бүртгэх вэ гэж үү? Хүссэнээрээ.
Бичих дуртай бол өврийн дэвтэр ашиглаж, товших дуртай бол excel file нээ. Утсаа ашигламаар байвал Notes апп юм уу, эсвэл олон мянган санхүүгийн апп-аас аль нэгийг нь сонгоход болно.
Сонсох: Taking Social Stock Podcast - Tracking your spending
Тухайн өдрийн хэдхэн гүйлгээгээ нэг долоо хоног бүртгэхэд та сарын зардлынхаа хэмжээг барагцаалахтай болно. Нэг сар бүртгэхэд хэрэглээнийхээ хажуугаар өөр юунд мөнгө зарцуулж байгаагаа харж чадна.
Зардлуудаа бүртгээд сурчихсан байхад орлогоо бүртгэх шиг амар зүйл үгүй. Бид ихэнхдээ нэг эсвэл хоёр л орлогын эх үүсвэртэй ба орлого нь тогтсон өдөрт эсвэл цөөн удаа бөөнөөр орж ирдэг шүү дээ.
Нөхөрсөг зөвлөгөө: Сарын нийт орлого, зарлагынхаа дүнг харахын өмнө даралтны эм ойрхон байлгах, эсвэл далайн эргийн чимээ сонсдог ч юм уу, өөрийгөө тайвшруулах зүйлээ бэлдээрэй. “Би одоо яаж амьдраад байгаа юм бэ?” гэх асуултын хар нүхэнд унах вий.
Орлого, зарлагаа үнэлж дүгнэх, харьцуулах, төсөв гаргах, санхүүгийн зорилгуудаа тодорхойлох зэрэг сэдвүүдийг ирэх дугааруудад хөндөх болно.
Ажил карьер гэх өргөн сэдвийн хаанаас нь эхлэхээ бодож бодож “Ингэхэд анх ажилд ороход надад юу хамгийн түрүүнд хэрэгтэй байлаа?” гэсэн асуулт толгой дээр буув. Мэдээж намайг илэрхийлэх ажлын намтар байсан шүү дээ. Ер нь бол таныг ам нээгээгүй байхад таныг хэн бэ гэдгийг тодорхойлох боломжтой зүйл бол CV. Нэг талаараа биднийг хэр догь амьтан бэ гэдгийг сурталчлах хэрэгсэл ч байж болно. Ингээд ажлын намтраа хэрхэн царайлаг харагдуулах тал дээр хэд гурван зөвлөгөө шидье. Туршаад үзнэ биз 😉
LinkedIn профайлаа сайжруулах
Бүх зүйл дижиталтай салшгүй холбоотой болж байхад хэдий болтол цагаан дээр хараар бичсэн ажлын намтраа тэвэрч явах вэ? Тийм биз? Тэгэхээр LinkedIn хуудас дээрээ төвлөрье.
Залуу мэргэжилтний нэн тэргүүнд ашиглаж хэвших энэхүү платформ нь ажил олгогчдын зорин очих сошиал сувгуудын нэг болж байна. Хэрэв та яаж ашиглахаа мэдэж чадвал ямар олон боломж хүлээж байгааг таашгүй.
Таны LinkedIn профайлд заавал байх ёстой 5 мэдээлэл
Заавал багтаах ёстой мэдээллүүдээс гадна та эдгээрт ач холбогдол өгөхийг хичээгээрэй.
Таныг илэрхийлэх headline хэсэг - Энэ бол таны “Elevator pitch”-ээс ялгаагүй чухал хэсэг. “Сэтгүүлч Ц.Мажигсүрэн” гэхээс илүүтэй ажил олгогчийн санаанд тод үлдэхүйц “Адал явдалд хайгч”, “Шинийг эрэлхийлэгч” гэвэл хавь илүү.
Товч тодорхойлолт - Энэ хэсэгт хувь хүний мэдээллээс илүү ажил карьерын хувьд ойрын төлөвлөгөө, сурч мэдэхийг хүсэж байгаа зүйлс, өөрийгөө шинэ зүйлд туршихад хэзээд бэлэн байгаа талаараа бичих хэрэгтэй.
Featured буюу онцлох хэсгийг хоосон орхиж болохгүй - Таны давуу талыг харуулах ямар нэг нэмэлт контентыг заавал холбож өгөөрэй. Жишээ нь би гэхэд YouTube сувгийнхаа холбоосыг оруулж өгсөн.
Танилцуулга бичлэг - Ердөө аравхан секундын бичлэг таны профайлыг уншсанаас ч илүү сэтгэгдэл төрүүлж болно. Тэгэхээр өөрийгөө илэрхийлсэн богино хэмжээний бичлэг хийж үзвэл ямар вэ?
Санууштай тоонууд
Headline хэсэг: 2-4 өгүүлбэр
About хэсэг: 15-25 өгүүлбэр
Featured хэсэг: Тус бүр 4-8 өгүүлбэр
Experience хэсэг: 15-20 өгүүлбэрт багтаан бичээрэй.
Нөхөрсөг зөвлөгөө: Төрсөн огноо, гэр бүлийн байдал, өндөр, жин гэх мэт хэт хувийн мэдээлэл оруулаад хэрэггүй шүү. Магад эдгээр мэдээлэл нь таныг ямар нэг ялгаварлалд өртөхөд нөлөөлж болзошгүй.
Хувийн санхүү: Нэмэлт орлого олох аргууд
Ажил карьер: Ажлын ярилцлагад орохдоо анхаарах зүйлс
Эрхэм уншигч танд хувийн санхүү болоод ажил карьертай холбоотой мэдэхийг хүсэж байгаа зүйл байвал бидэнд хариу шуудан илгээж, санал хүсэлтээ хуваалцаарай. Дараагийн товхимлоороо уулзатлаа түр баяртай.
Өө мартах шахлаа. Пүрэв гарагт таны амралт, чөлөөт цагт зориулсан “Posted Thursday” товхимол маань хүрнэ шүү 😎