“Алдаа бол амжилтын эсрэг тал биш. Харин нэг хэсэг нь.”
Сэтгэл дулаацуулж, зүрх догдлуулсан тавдугаар сарын мэнд ✨ Шинэ долоо хоногоо Unread товхимлоор эхлүүлж буй уншигч танд баярлалаа. Бид үргэлж таны дотнын зөвлөгч байж, хэрэгтэй агуулга, санаа бүрийг хүргэхээр хичээх болно. Ингээд товхимолдоо тавтай морил!
Хувийн санхүү: Нэмэлт орлого олох аргууд
Ажил карьер: Ажлын ярилцлагад орохдоо анхаарах зүйлс
Бидний ихэнх нь ажил, хичээл, амралтынхаа хажуугаар орлого олох хүсэлтэй байдаг нь нууц биш. Тэр дундаа өмнөх товхимолд зөвлөсний дагуу нэг долоо хоногийн турш орлого, зарлагаа бүртгэж үзсэн бол нэмэлт орлогын эх үүсвэртэй болох хүсэл тань бүр ч нэмэгдсэн байх. Тэгвэл хадгаламж, бонд, хөрөнгө оруулалт, ногдол ашиг зэрэг уламжлалт хөрөнгөө өсгөх шийдлүүдээс түр холдоод нэмэлтээр хэдэн цаас халааслах энгийн аргуудаас цуврал болгон хуваалцаж байна.
Хэрэггүй эд зүйлсээ зарж борлуулах
Гэрийн тань хаа нэгтээ ашигладаггүй боловч хадгалсаар байдаг эд зүйл, хувцас хэрэглэл байдаг уу? “Хэзээ нэгэн цагт хэрэг болно” гэсэн сэтгэлээр хураасаар, сүүлдээ хаана юу байгааг мартаж, эсвэл үнэ цэнгүйдүүлэх нь олонтоо. Үүний оронд хэрэгтэй хүнд нь тохирсон үнээр зарвал дээр биш гэж үү? Эдийн засгийн өгөөж өгөхөөс гадна байгаль эхэд ч ээлтэй 🌍
Санал болгох: Мари Кондо - Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид
Хаана, яаж зарах вэ гэж үү?
Facebook-ийн Marketplace функцийг ашиглах, мөн хуучин хувцас, эд зүйлсээ худалдах зорилготой групп зөндөө бий. Мөн unegui.mn, zary.mn зэрэг платформуудыг ашиглаж болох юм. Хэрэв та зар тавихаар шийдсэн бол дараах зүйлсийг анхаараарай.
Үнээ зөв тогтоох. Хэчнээн ариг гамтай хэрэглэсэн байлаа ч зах зээлийн үнээс 40-50 хувь хямд байх хэрэгтэй.
Бэлэг өгөх. Хэрэв боломжтой бол зарж байгаа зүйлдээ бонус дагалдуулж өгөөрэй. Хүмүүс илүүтэй сонирхох болно. Жишээ нь хүүхдийн хувцас авбал тоглоом бэлэглэдэг ч юм уу.
Цагаа зөв олох. Мягмар-Пүрэв, Ням гарагуудад тавьсан зар олон хүнд хүрэх магадлал өндөр. Мөн цалин буудаг үе буюу сар бүрийн 5, 15, 20, 25, 30-ны өдрүүд ч ашигтай байж мэднэ.
Барааны тайлбараа сайн бичих. Хэзээ, хаана үйлдвэрлэсэн, хэр удаан хэрэглэсэн, техникийн үзүүлэлтүүд, өө сэв байгаа эсэх, хүргэлтийн нөхцөл, үнэ тохиролцох зэргийг тодорхой бичээрэй.
Сайн зураг хавсаргах. Гэрэл муутай, бүрсгэр, эмх замбараагүй зураг хэний ч анхаарлыг татахгүй тул сайн зураг хавсаргах нь маш чухал.
Өөр нэгэн хувилбар бол гутал хувцас, цүнх, гоёл чимэглэлээ thrift shop-уудад зарах явдал. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй TOIROГ, МЯRААН, соёл эрдэнэ, Solthrift гэх мэт хуучин хувцас, хэрэглэлийн биет болон онлайн дэлгүүр маш олон бий. Гэхдээ бүх thrift дэлгүүрүүд хувцас худалдаж авдаггүй учраас лавлаж асуухаа бүү мартаарай.
Өмнөх дугаарт зөвлөсний дагуу ажлын намтартаа санаа тавьсан бол дараагийн шат руу явцгаая. Энэ бол ажлын ярилцлага 🤝 Хүсэл эрмэлзэл, ур чадвараараа ижил түвшинд өрсөлдөж буй бусад ажил горилогчоос хэрхэн ялгарч болох вэ?
Хувь хүний хандлага - Хэр чадварлаг боловсон хүчин бэ гэдгийг таны ажлын намтар аль хэдийн хэлээд өгчихсөн. Тиймээс ажлын ярилцлагын үеэр залуу мэргэжилтний давуу талаа харуулахаас илүүтэй нийгмийн харилцаанд ямар бие хүн байж чадах вэ гэдэгт анхаараарай.
Чанартай асуулт - Хэрэв та зөв асуулт бэлдэж амжвал ажил олгогч таны асуултад заавал хариулахыг хүсэх болно. Товчхондоо түүний үзэл бодол, байр суурийг сонирхсон, харилцан яриа өрнөхүйц асуултууд гэсэн үг. Магадгүй танай мэргэжлийн салбарт гарсан сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, сонин сайхны талаар яриа эхлүүлж болно шүү дээ.
Судалгаа - Ажил олгогч таны талаар хангалттай судалж байхад та зүгээр суух нь утгагүй хэрэг. Тэгэхээр та ч бас ажлын ярилцлага авах хүнийхээ талаар сонирхож, урьдчилан судлах нь зүйтэй. Сонирхол, хобби, сүүлд уншсан номынх нь талаар яриа өрнүүлэхэд татгалзах хүн үгүй л болов уу.
Өрнөл хэсэг - Ажлын ярилцлага тааруухан эхэлж болно. Гэвч тэр чигтээ тааламжгүй яриа болж дуусах ёсгүй. Бид аливаа харилцан яриаг бүхэлд нь санахаас илүүтэй тодорхой нэг сэтгэлд үлдсэн хэсгийг нэхэн санах нь бий. Тиймээс киноны өрнөл хэсэг мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үг, үйлдлийг заавал шигтгэх хэрэгтэй.
Тэгш харилцаа - Зөвхөн ажил олгогчид сайхан сэтгэгдэл үлдээнэ гэвэл хэтэрхий өрөөсгөл. Учир нь таны хувь хүний хандлага ямар вэ гэдгийг тухайн байгууллагын угтах үйлчилгээний ажилтан хүртэл ажиглах боломжтой учраас хүн бүртэй тэгш харилцах нь чухал шүү.
Үзэх: Top Interview Tips
Хувийн санхүү: Нэмэлт орлого олох аргууд II хэсэг
Ажил карьер: Ажлын эхний өдөр заавал бэлдэж очих зүйлс
Энэ хүрээд даваа гарагийн товхимол маань өндөрлөж байна. Эрхэм уншигч танд хувийн санхүү болоод ажил карьертай холбоотой мэдэхийг хүсэж байгаа зүйл байвал бидэнд хариу шуудан илгээж, санал хүсэлтээ хуваалцаарай. Пүрэв гарагийн товхимлоороо эргэн уулзъя.