Unread Monday #9
“Зоригтой бай. Эрсдлийг хүлээ. Туршлагыг юу ч орлож чадахгүй.”
- Пауло Коэльо
Шинэхэн долоо хоногийн мэнд 😎
Тухайн өдрийн өнгө ямар байх нь өглөөг хэрхэн эхлүүлж байгаагаас шууд шалтгаалдаг. Тиймээс өглөө бүрийг эерэгээр угтаж, энэ долоо хоногт төлөвлөсөн ажлуудаа эрч хүчтэй гүйцэлдүүлээрэй.
Ингээд өнөөдрийн товхимолд тавтай морил 😊
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Банкны хадгаламжийн хүүтэй танилцах нь
Ажил карьер: MBTI тест ба карьер
Өнөөдрийн сэдэв бол банкны хадгаламжийн хүү 💸
Хадгаламж гэдэг нь нэг ёсондоо тодорхой нэг зорилгод хүрэхийн тулд та бидний өөртөө хийж буй хөрөнгө оруулалт билээ. Ингэхдээ та өөрийн үнэ цэн бүхий мөнгө, үнэт эдлэл, машин, үл хөдлөх зэрэг хөрөнгөө банканд хугацаатай болон хугацаагүйгээр хадгалдаг. Харин өнөөдөр эдгээр хадгаламжийн талаар хэд гурван харьцуулалт хийе.
Хугацаат хадгаламж
Өөрийн хэрэгцээнээс шалтгаалан тодорхой хугацаанд мөнгөө хадгалж, хадгалуулсан мөнгөн хөрөнгөдөө өндөр хүүгийн орлого авах боломжтой хадгаламж. Анх гэрээ хийх үеийн хүүгийн хэмжээ гэрээний хугацаа дуустал хэвээр байдаг тул та инфляци, дефляци, мөн Монгол банкнаас гаргадаг мөнгөний тухай бодлогоос үл хамааран хадгаламжийн хүүдээ санаа зовохгүй байж болно.
Монгол Улсад бүртгэлтэй банкуудын хугацаатай хадгаламжийн хүүг доорх хүснэгтээр харууллаа.
Хугацаагүй хадгаламж
Та хугацаагүй хадгаламжийн данснаасаа хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийж болох ба хадгалуулсан мөнгөн хөрөнгөд сар бүр хүүгээс хүү бодогдох замаар өсгөх боломжтой. Товчхондоо таны хадгаламжийн дансанд байх мөнгө хэдий чинээ өснө, төдий чинээ сар бүр хүүгийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Өмнөх дугаарт танилцуулсан “Зугаа цэнгэлийн данс”-аа хугацаагүй хадгаламжаар сонгохыг санал болгоё. 😉
Мөн Ковид-19-ийн улмаас “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацаа 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгагдсан тул бүх төрлийн хугацаагүй хадгаламжийн дансанд хүү тооцохгүй болсныг санууштай.
Дахин хэлэхэд хадгаламж гэдэг нь өөрөө тодорхой зорилгод хүрэхийн тулд үүсгэж буй хуримтлал учраас түүндээ хүрэн хүртлээ сахилга баттайгаар өсгөх хэрэгтэй шүү. 🤗
Та урьд өмнө нь “Зан төлөвийн тест” гэж сонсож байсан уу? Энэ бол өнөөдрийн бидний ярих MBTI буюу Myers-Briggs Personality Type Indicator тест юм.
Хувь хүний зан байдал, давуу болон сул талыг тодорхойлох боломжтой энэхүү тестийг Isabel Myers болон түүний ээж Katherine Briggs нар Carl Jung-ийн зан төлөвийн хэв шинжийн онолд үндэслэн боловсруулж байсан түүхтэй. Тэд бусдад өөрсдийгөө илүү сайн таньж мэдэхэд туслах замаар өөрийн зан чанарын онцлогт тохирсон мэргэжлээ сонгох, эрүүл, аз жаргалтай амьдрахад туслах зорилготой байсан аж.
MBTI тест
Тодорхой асуултуудад үндэслэн биднийг 16 өөр зан төлөвт хувааж болно. Эдгээр нь бүгд өөрийн гэсэн онцлог чанартай бөгөөд ерөнхий дөрвөн хэмжүүрээс бүрддэг.
Extraversion (E) – Introversion (I)
Экстраверт, интроверт хэмээх ойлголтыг Carl Jung 1923 онд өөрийн онолдоо тайлбарласан бөгөөд хүмүүсийг гадаад орчинтой хэрхэн харилцаж, ямар хариу үйлдэл үзүүлж буйд үндэслэн тодорхойлжээ. Экстраверт хүн нь нийгмийн харилцаанаас буюу гадаад ертөнцөөс, интроверт хүн нь ганцаараа байх үедээ буюу дотоод ертөнцөөсөө илүүтэй эрч хүч авдаг аж. Харин таны хувьд аль нь давамгай байх бол?
Sensing (S) – Intuition (N)
Sensing: Бодит байдалд анхаарлаа хандуулан өөрийн мэдэрч буй зүйлдээ ач холбогдол өгч, аливаа мэдээллийг баримт, туршлагад суурилан хүлээж авдаг төрлийн хүн.
Intuition: Зөн совиндоо илүү ач холбогдол өгдөг хүмүүс. Тэд боломжит үр дүн, ирээдүйн талаар таамаглаж, хийсвэр ертөнцөөрөө мэдээллийг хүлээн авдаг.
Thinking (T) – Feeling (F)
Thinking: Баримт, бодит өгөгдөлд илүү их анхаарал хандуулдаг ба тэд шийдвэр гаргахдаа тууштай, логикт суурилах хандлагатай байх нь бий.
Feeling: Дүгнэлт хийхдээ өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг харгалзан үздэг.
Judging (J) – Perceiving (P)
Judging: Шүүх хандлагатай хүмүүс ба дэс дараалалтай, хатуу чанга шийдвэрийг илүүд үздэг.
Perceiving: Тэд илүү нээлттэй, уян хатан, дасан зохицох чадвартай байдаг.
Эдгээр дөрвөн хэмжүүрээр та зан төлөвөө мэдэх боломжтойн зэрэгцээ өөрийгөө таньж, давуу болон сул талаа олж мэдэж болох юм. Улмаар та ажлын талбарт аливаа нөхцөл байдалд үзүүлэх хариу үйлдэл, шийдвэр гаргалтдаа эерэгээр нөлөөлж чадна.
УНШВАРТАЙ НИЙТЛЭЛҮҮД
Технологийн салбарын хамгийн шилдэг эх сурвалжуудын нэг "MIT Technology Review"-ийн 2022 оны жагсаалтад багтсан коронавирус, хувийн нууцлал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сонирхолтой технологиудыг хүлээн авна уу.
Би хүүхдээ ингэж өсгөдөг - Хоёр хүүхдийн ээж Анужин байна, би хүүхдүүдээ ингэж өсгөдөг
АНУ-ын Сиатл хотод аж төрж буй, үзэл бодлын бат бэх ханыг бий болгож чадсан Анужингийн гэр бүлтэй танилцацгаая. Тэрээр ирээдүйд хүүхдүүд маань ээжийнхээ амьдралаас өөрийн үзэл бодол, хүсэл сонирхол, аз жаргалынхаа төлөө явах нь ямар чухал болохыг олж хараасай гэж хүсдэг аж.
Сонирхол татахуйц хийц, эмх цэгцтэй, бүтээлч байдлаараа жирийн нэг философи сурах бичгээс ялгарах уг ном танд философийн талаарх өргөн мэдлэгийг олгох болно.
ДАРААГИЙН ДУГААРТ
Хувийн санхүү: Хувийн тэтгэврийн сан
Ажил карьер: Ажлаа төлөвлөх аргууд
Энэ хүрээд өнөөдрийн товхимол өндөрлөж байна. Ирэх даваа гарагт ээлжит зөвлөмжүүдээрээ уулзъя.
Unread апп-ыг татах: Android, iOS
Unread-ийн сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today