Зуны аагим халуун өдрүүд үргэлжилсээр…
Хэрэв та яг одоо ажил дээрээ нозоорч суугаа бол манай товхимол таныг сэргээх биз ээ. Товхимолтойгоо танилцаж, энэ амралтын өдрөө төлөвлөөрэй. Ингээд өнөөдрийн дугаарт тавтай морил.
АРДЧИЛАЛД АГААР ДУТНА
“Артивист” үзэсгэлэн гэж нэрлэсэн иргэний нийгмийн түүх болон оролцооны талаарх “Ардчилалд агаар дутна” үзэсгэлэн энэ бямба гарагийг дуустал “Norphei Art Gallery”-д үргэлжлэх аж.
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бүтээхэд өдийг хүртэл туулж ирсэн замнал, бэрхшээл болон “Би өөрөө илүү сайхан нийгэмд амьдрахын тулд юуг хийж болох вэ?” гэсэн эргэцүүлэл, урам зоригийг мэдрэхийг хүсвэл энэхүү үзэсгэлэнгээр зочлоод үзээрэй.
Үзэсгэлэнгийн талаарх мэдээлэл АВАХ
ТАВАН ГАРАГИЙН ДАВХЦАЛ
Долоон гарагийн давхцал буюу Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Дэлхий ван, Далай ван гарагуудын жагсаал гэх үзэгдэл 2022 оны 6 сарын 24-ний үүрийн тэнгэрт, нар мандахаас нэг цагийн өмнө тохиох ажээ. Харин Дэлхий ван, Далай ван гарагууд нь хүний нүдэнд үзэгдэхгүй учир олон улсад 18 жилд нэг удаа тохиох уг үзэгдлийг "Таван гарагийн давхцал" гэж нэрлэж байна.
Дундговь аймгийн Өлзийт суманд байрлах Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газарт суурилсан "Gobi Caravanserai" амралтанд энэхүү давхцалыг харах "Сэтгэшгүй оддын чуулган 2022" аялал зохион байгуулагдах аж.
"Сэтгэшгүй оддын чуулган 2022 аялалд заавал явах 5 шалтгаан” нийтлэлийг УНШИХ
УРВУУ ЦОХИЛГО
Найруулагч Б.Ууганбаярын "Урвуу цохилго" хэмээх этгээд нэртэй богино киног таны амралтын өдөрт санал болгож байна. Монголын кино урлаг үргэлжид ийм уйтгартай, нэгэн хэвийн байхгүй бөгөөд цаашид олон улсад өрсөлдөх хэмжээний бүтээлүүд төрөх болно гэсэн итгэлийг төрүүлэхүйц бүтээл ажээ.
Киноны шүүмж УНШИХ
SKATEBOARDING NATIONAL CHAMPIONSHIP
Энэ ням гарагт Монгол Улсын аварга шалгаруулах Скейтбордын гудамжны төрлийн анхдугаар тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох нь ээ. Та скейтборд унаж чаддаггүй байсан ч залуусын тэмцээнийг үзэж, нэг өдрийг зугаатай өнгөрөөх боломжтой шүү.
Өдөрлөгийн мэдээлэл АВАХ
QUEER NIGHT
Fat Cat Jazz Club күийр мууруудтайгаа хамтран “Euphoria” сэдэвт “Queer Night”-ийг энэ ням гарагт зохион байгуулах гэж байна. Бие биеийхээ өөр байдлыг хүлээн зөвшөөрч, нөхөрсөг хандлага түгээх энэхүү эвентээр зочлоорой. Дуучин Ариу “Euphoria” цувралын өөрийн дуртай дуунуудаас дуулах нь байна. Мөн урилгаар DJ ROXY болон уран бүтээлч Bilgun Zayah нар тоглох аж.
Эвентийн талаарх мэдээлэл АВАХ & “Жендэрийн тухай А-Я үсгэнд” нийтлэлийг УНШИХ
LIVE FROM RED HERO
“Улаанбаатараас ярьж байна” подкастыг таны амралтын өдөрт санал болгож байна. Энэхүү подкаст нь зураач, сэтгүүлч, гэрэл зурагчин, орчуулагч, реппер гээд сонирхолтой зочдыг урьж удаан гэгч нь ярилцаж суудаг монголын чанартай подкастуудын нэг билээ. Гэрэл зурагчин Б.Инжинааш болон орчуулагч Ж.Тэгшзаяагийн оролцсон дугаарыг та бүхэн сонсоод үзээрэй.
ӨГЛӨӨНИЙ ЦАЙ
Энэ удаагийн “Амтлахуй” хэсгээрээ “Ugluunii tsai” инстаграмм хуудсыг онцолж байна. Залуу хосын хөтөлдөг, орон орны өглөөний цайг туршиж үзэн, жорыг нь дагагчидтайгаа хуваалцдаг энэхүү хаягийг сонирхоод үзээрэй. Одоогоор 58 улсын өглөөний цайг танилцуулсан байна. Түүнчлэн тус бүрд нь аливаа улсын хоолны соёлын тухай фактууд, мэргэжлийн түвшний гэрэл зураг, богино видеог бэлтгэдгээрээ онцлог. Үнэхээр их хөдөлмөр шүү! 👏
Энэ удаагийн дугаарт манай Unread-ийн редактор, яруу найрагч Б.Алтанхуяг буюу Ако амралтын өдрийн “жор”-оосоо хуваалцлаа.
Таны хувьд хамгийн төгс амралтын өдрийн хэмнэл?
Өглөө эрт босож, өөрийн туршиж үзмээр байгаа шинэ жороор хоол хийж идчихээд ном уншиж хэвтдэг дээ. Заримдаа ууланд гарч ном уншина. Ер нь ажлын өдрүүдэд томоохон зохиол бариад тухтай суух зав гардаггүй учраас амралтын өдрүүдээр чөлөөтэй ном уншиж чаддаг. Хүсэж байсан номоо уншиж суух нь төгс амралт болдог.
Сүүлийн үед амралтын өдөр тань хэрхэн өнгөрч байна вэ?
Ер нь хэвтээд байвал ядраад л байдаг даа. Тиймээс сүүлийн үеүдэд амралтын өдрүүдээр гэртээ байж өөрийн уран бүтээл дээр төвлөрөх, ном уншиж судалгааны ажлаа эрчимжүүлэх, кофе уух зэргээр амралтын өдрүүдээ өнгөрөөж байна.
Манай уншигчдад санал болгох нь...
Тухайн өглөө босоод чи яг юу хүсэж байна вэ? Эргэлзэлгүй түүнийгээ л хийх хэрэгтэй. Учир нь амралт бол чамд зориулагдсан эрх чөлөөтэй цаг хугацаа. Аялмаар бол үүргэвчээ аваад гар, бичмээр бол дэвтрээ дэлгэ, зүгээр л амар тайвныг мэдэрмээр бол зүлгэн дээр хэвтээд тэнгэр ширт! Зун ирчихсэн байна шүү дээ.
Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх долоо хоногт шинэ дугаараараа эргэн уулзацгаая.
Unread апп татах: Android, iOS
Сошиал хуудсуудыг дагах: Facebook, Instagram, YouTube, Soundcloud
Санал хүсэлт илгээх болон товхимолтой хамтран ажиллах: majigaa@unread.today